БНХАУ Африк тивд тэнгисийн цэргийн анхны баазаа нээх зорилгоор Жибути улс руу цэргийн усан онгоцоо илгээжээ. Энэ сарын 11-ний өдөр Африк тивийн далайн эрэгт хөлөг онгоц байрлах “Зинганшань” болон хагас гүний усан онгоц “Дунхайдао” зэргийг илгээсэн байна. Гэхдээ Жибутид байрлах Хятадын зэвсэгт хүчний тоог албан ёсоор зарласангүй. Харин Бээжингийн зүгээс Африк тивд тэнгисийн цэргийн бааз нээж байгаа явдал нь дэлхий дахин болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оршино гэв.
БНХАУ-ын Гадаад Хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ :
- Жибути улсад тэнгисийн цэргийн бааз нээх үйл явдал нь БНХАУ болон Жибути хоорондын найрамдалт харилцааны үр дүн. Энэ нь Хятад улсад Адены булангийн болон Сомалийн далайн хөлөг онгоцыг ажиглах үйл ажиллагааг үр ашигтайгаар гүйцэтгэх боломж олгож байна. Мөн бид хүмүүнлэгийн болон авран хамгаалах ажиллагааг бий болгоно. Улмаар дэлхийн дахин болон Африкийн бүс нутагт тогтвортой байдлыг цогцлооход чухал хувь нэмэр оруулна гэв.
Жибути улсад тэнгисийн цэргийн бааз байрлуулах төлөвлөгөөг БНХАУ 2016 оны нэгдүгээр сард зарласан. Тодруулбал, хоёр тал 2016 оны нэгдүгээр сарын 21-нд БНХАУ-ын Гадаад Хэргийн яам Жибутитэй цэргийн бааз байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, мөн онд бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн ажээ. Энэхүү цэргийн баазаа БНХАУ “нүүлгэн шилжүүлэлтийг хурдан гүйцэтгэх болон логистикийн төв” хэмээн нэрлэж байна.
Эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах
2000 оноос Хятад улсын ашиг сонирхол Африкт тивд огцом нэмэгдсэн. Үүнийг хоёр талын худалдааны эргэлтээс харж болох юм. Мөн тус улс Африк тивийн орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад идэвхтэй хөрөнгө оруулж байна. Өнөөдөр тэд Африк тивд ийнхүү тэнгисийн цэргийн зэвсэгт хүчнээ бэхжүүлж эхэллээ.
Африк бол Хятад улсын хувьд түүхий эдийн эх үүсвэрийн уурхай. Гэхдээ Жибути байгалийн баялаггүй орон гэхэд Хятадын том төслөөс ангид үлдсэнгүй. Учир нь Жибути улс бол байгалийн баялаг ихтэй Эфиоп улс руу хүрэх цорын ганц гарц юм. Иймээс Хятад улс 2016 онд Эфиопийн нийслэл Аддис-Абеба болон Жибутийн хооронд төмөр зам барьсан билээ. Энэхүү төмөр замын тусламжтайгаар Эфиопийн түүхий эдийг Жибутигийн боомтод хүргэж, улмаар БНХАУ руу импортлох юм. Мөн Хятад улс Жибути улсын нийслэлээс 25 км-ийн зайд олон улсын нисэх онгоцны буудал барьжээ. Үүний зэрэгцээ, тэд Африкийн хамгийн том далайн боомтыг Жибутид барихаар төлөвлөж байна.
БНХАУ-ын эдийн засаг өсөх тусам түүхий эдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа юм. Харин байгалийн баялаг ихтэй Африкийн орнуудад терроризмын аюул ихтэй, улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж байна. Энэ нь Хятад Африкийн хоорондох худалдааны харилцаа тасалдахад хүргэж байгаа ажээ. Иймээс Хятад улс тус бүс нутгийн улс төрийн тогтвортой байдлыг дэмжихэд идэвхтэй оролцохоос гадна, терроризмтой тэмцэх шаардлага бий болсон.
Жибути бол 2000 оноос эхлэн Африк тивийн хамгийн том төв болсон бөгөөд олон улсын хүч энд төвлөрч байна. Тус улс дэлхийн эдийн засгийн харилцаанд саад учруулж буй бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийг дэвжих төв болон хувирчээ.
Жибути улс нь далайн дээрэмчид ихтэй Сомалитай хөрш. Мөн Сомали нь Йемений цэргийн бүслэлтэд буй Баб-эль-Мандебын цутгалангийн эрэг дээр тэмцэлдэж буй Эритрей болон Эфиоп улстай хөрш билээ.
Найрсаг Жибути
Африкийн тивийн Жибути хэмээх жижиг улсад дөрвөн мянган зэвсэгт хүчинтэй Америкийн цэргийн бааз “Кэмп-Лемонье” болон гурван мянган зэвсэгт хүчинтэй Францийн цэргийн бааз байрлаж байна. Мөн Япон улсын цэргийн баазын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа ажээ. Үүний зэрэгцээ, Жибути 2017 оны нэгдүгээр сард Саудын Арабтай цэргийн бааз байршуулах хэлэлцээрийг байгуулав.
Жибутигийн боомтод Сомалийн далайн дээрэмчидтэй тэмцэх АНУ, Их Британи, Франц, Герман, Испани шуурхай удирдлагын төв байрлаж байна.
Ашигтай газарзүйн байрлал
Жибутигийн ерөнхийлөгч Исмаил Омар Гелле газарзүйн ашигтай байрлалаа ашиглан ашиг орлого олох чиглэлд бодлого хэрэгжүүлжээ. Хэдийгээр Жибути байгалийн баялаггүй орон ч тэд олон улсын тэнгисийн цэргийн баазыг улс орондоо байршуулж, их хэмжээний орлого олж байна. Олон улс орон цэргийн бааз барих тусам орон нутгийн иргэдэд бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт ажиллах боломж гарч байгаа ажээ. Үүний зэрэгцээ тэд улс эх орныхоо аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, орчин үеийн дэд бүтэцтэй болж, хөгжиж байна.
Сомалийн далайн дээрэмчид, исламын террорист бүлэглэлүүд дэлхийн том гүрнүүдийн толгойны өвчин болсон. Харин тэдэнтэй тэмцэх хамгийн боломжит нутаг дэвсгэр бол Жибути юм. Тодруулбал, тус улс нь Адены буланг улаан далайнтай холбодог Баб-Эль-Мандебын нарийн цутгалангийн баруун урд зүгт оршдог. Үүгээр Энэтхэгийн далайн замаас Саудын арабын баруун эрэг болон Израилийн Эйлат боомт мөн Суэцийн сувгаар газар дундын тэнгист хүрдэг ажээ. Энэ зам бол дэлхийн худалдааны стратегийн байршил юм.
Ийнхүү Хятад улс дэлхийн өнцөг булан бүрд эдийн засгийн ашиг сонирхлоо идэвхтэй тэлж байна. Тэд тээврийн замын аюулгүй байдал тэр дундаа газрын тосны тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа ажээ. Учир нь хятадын газрын тосны импорт 60 хувиар өссөн. Иймээс Ойрх Дорнод болон Хойд Африкаас газрын тос импортлох тээврийн зам аюулгүй байх нь тус улсын хувьд амин чухал асуудал юм.