Баасангаас бямбад шилжих шөнө Египетийн сөрөг хүчний хэдэн зуун хүн тунисчуудыг дэмжиж байна гэдгээ илэрхийлэн Каир хот дахь Тунисийн Элчин сайдын яамны байрны өмнө цуглаан хийсэн байна. Эрх баригчид үүнд маш шуурхайлан хандаж, Каирын төвийг хаасан байв. Хэдэн зуун цэрэг, цагдаа хотод эргүүл хийж, хуягтаар дэмжүүлсэн байлаа. Байдал ийм болсон ч хэдэн арван хүн жагсаалаа хийсээр байна.
Катарын Доха дахь Brookings төвийн төлөөлөгч Шади Хамид “Тунисийн үйл явдал бүс нутгийн динамикийг өөрчлөх нь ойлгомжтой. Тэр нь бүсийн сөрөг хүчинд зориг өгч тэднийг улам зоригтой болгох нь лавтай” хэмээн ярив. Гэхдээ Египетэд Тунисийн хэрэг явдал давтагдана гэж тэр үзэхгүй байгаа. Үүний гол шалтгаан нь Египетийн сөрөг хүчин бол “Мусульман ахан дүүс” байгууллага болж байгаа юм. Ерөнхийлөгч Мубарак ба түүний бүлгийнхэн энэ тохиолдолд “терроризмтай тэмцэх” гэсэн нэрээр хөдлөх боломжтой.Яг ийм зүйл одоо Алжирт хийгдэж байна.
“Арабын Магрибын Аль-Каида” бүлэглэлийнхэн Алжир ба Тунисийн залуу лалынханд хандан хоёр ч удаа радио бичлэг илгээн авлигад идэгдсэн язгууртны дэглэмүүдийг унагаахыг уриалжээ. Алжирын нийслэлээс зуугаад км-ийн зайтай Кабила районд хэдэн сарын турш “Арабын Магрибын Аль-Каида” бүлэглэлийн үндсэн баазуудыг устгах “цэвэрлэгээ” хийгдэж байна.
Каирт жагсагчид итгэлээ бас л алдаагүй байгаа. Тэд “Мубарак, онгоц чинь хүлээж байна” гэсэн уриа барьсан нь Тунисийн ерөнхийлөгч Бен Али гутамшигтайгаар зугтсаныг сануулж буй хэрэг ажээ.
“Мусульман ахан дүүс” байгууллага Тунист болж буй хэрэг явдалд зориулсан мэдэгдэл гаргав. “Арабууд ба мусульманчууд дарангуйлал болон шударга бус үйлдлээс хичнээн удаан хэлмэгдэн зовсон ч эрх чөлөөгөө авах чадвартай” гэж тэд мэдэгдсэн байв.
Хамидын яриагаар, Алжир ба Йорданд нөхцөл байдал Тунистай адил байдалд ирж буй гэнэ. “Эдийн засгийн өсөлт гарлаа, ажлын шинэ байр бий боллоо гэх яриагаар эсэргүүцэгчдийн амыг таглахаар оролдож байна. Тэд үүнийг өмнө сонсч байсанд асуудлын гол утга оршино” гэж тэр хэлэв.