Aftenposten бичихдээ, WikiLeaks-ийн олж авсан дипломат шууданд Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2006-2010 онуудын хооронд Ираны 350 компани байгууллагууд ажиллаж байгаа гэсэн байв.
Иран өөрийн цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн атом гэдэг. Харин Барууны орнууд тагнуулын мэдээндээ үндэслэн тэр нь үй олноор хөнөөх зэвсэгтэй болоход чиглэгдсэн гэж хардаж байгаа юм.
“Тус орны цөмийн ба пуужингийн хөтөлбөрийг зогсоохоор НҮБ-аас авсан хоригийг зөрчин Иран цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд олон жилийн турш тоног төхөөрөмж ба технологийг системтэйгээр цуглуулан авч байна” гэж Aftenposten бичжээ.
Энэ сонин өмнө нь мэдээлж байснаар редакцид нь WikiLeaks сайтын удирдлагаас дамжуулан өгсөн 250 мянган нууц америкийн баримт байгаа бөгөөд тэдний ихэнхийг нийтэлж амжаагүй байгаа ч тэр нь аажмаар олны хүртээл болж байна.
Уг сонин эдгээр эх сурвалждаа үндэслэн хоригоор суларсан эдийн засаг нь унахаас өмнө Иран цөмийн бөмбөгтэй болохоор эрмэлзэж байна гэжээ. “Бөмбөг ба санхүүгийн сүйрэл хоёрын дунд уралдаан явагдаж байна” гэж тэдний мэдэлд байгаа нэгэн нууц цахилгаанд франц шинжээчийн үгнээс иш татсан байна.
Иранд баяжуулалт хийх уран бараг байхгүй. Өндөр баяжуулалттай уран зэвсэгт хэрэгтэй байгаа нь Тегераныг гаднаас цацраг идэвхт бодисыг хайхад хүргэж байна гэж тэр цахилгаанд өгүүлсэн байв.
“Ираны дотоодын ураны нөөц нь хязгаарлагдмал учраас тус орны өнөөгийн ба ирээдүйн цөмийн тогоонуудыг хангамжгүй болгож байна. Тэгэхлээр өөрийн атомын эрчим хүчиндээ уран олж авахын тулд иранчууд гадаадын нийлүүлэгч нартай ажиллах нь зайлшгүй” хэмээн АНУ-ын Төрийн департамент 2009 оны хоёрдугаар сард мэдэгдсэн байлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ сард мэдэгдэхдээ хориг арга хэмжээ нь Ираны цөмийн хөтөлбөрт саад болон том улс орнуудад өөрийн тактикаа өөрчлөхийг Тегеранд итгүүлэх цаг өгч байна гэсэн юм. Сануулахад, Тегеран энэ сарын 21-22-ны өдрүүдэд Стамбул хотноо том гүрнүүдтэй цөмийн хөтөлбөрөөр хэлэлцээр хийх ёстой.
Өнөөдөр Исламын бүгд найрамдах улсаас ирж байгаа мэдээнд 2013 он гэхэд Иран гурван жижиг цөмийн бөмбөг бүтээсэн байх ажээ. Энэ тухай Хувьсгалт гвардийн өндөр тушаалтан Кувейтын “Ас-Сияса” сонинд мэдэгдсэн байв. Тэдний нэгийг Ливаны “Хезбалла” хөдөлгөөний террористуудад өгөх ба үлдсэн хоёрыг нь Гадаадын цэрэг байрласан Персийн булангийн орнуудын эсрэг барьж байх хэрэгсэл болгон үлдээнэ гэж тэр эх сурвалж өгүүлсэн байна.