Номин ногоон уулсын бэл хормойгоор манан будан хөшилдөж, хөхөөн дуу бүгтхэн дохиолж, тунгалаг булгийн ус харгиа боргио үүсгэн талын энгүйг хөгжилтэй хээлнэ. Шалдан нүцгэн багацуул Туулын эргээр жараахай хөөцөлдөн гүйж уяан дээр наадам зүүдлэх морьд туулай хамраа сарталзуулан шанаа түүшээ гайхуулах адил таатайяа эвшээнэ. Хүй долоон худгийн уяа тойроод л нутгийн өвгөцүүл аядуу намуунаар морь шинжин хүүрнэхэд залуус гаансныхаа соруулаар оочин сахлаа оролдож нуг нуг инээмсэглэж суугаа харагдана. Эмгэд энэ зуны сайхныг ярилцан ирээдүй цагийн өнгийг шинжин гэрийн хаяанд нарлана. Ээж эгч гоёлын дээлээ өмсөн дэлхий ертөнц тэр чигтэй яруу тансаг болсон юм шиг. Монголын зун цаг, наадам цаанаа инээд баясал дэлгэсэн урин сайхан цаг.
Хүчин бөхчүүдийн уран чадамгай барилдаан, шандас хурдан хүлгийг тоосонд дарагдах гэж монгол хүмүүс зорин очих нь цаанаа л өег.
Хэдийгээр нас насанд олон зуун морь хасагдаж, засгийн түшмэдийн гэнэт гаргасан шийдвэр зарим нь уяачдын сэтгэлийг гонсойлгож, унаач хүүхдүүдийг доголон нулимстай буцаасан ч залуу хүчит бөхчүүдийн иртэй, аатай барилдаан бөхийн тааврыг таашгүй болгож, наадамчин олныг ангайлгав.
Наадмын нээлт жаахан сунжирсныг эс тооцвол үүх түүх, үлгэр домгоо амилуулсан сайхан үзүүлбэр болсон.
Өмнөх жилүүдэд хогондоо дарагддаг байсан Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн харин наадмын өдрүүдэд нүүрээ угаасан юм шиг цэвэрхэн өнжив. Нийслэлчүүдийг наадамлуулах гэж ТҮК-ийн ажилтнууд үүрийн таван жингээс өдөр шөнөгүй ажилласны үр дүн нь тэр.
Наадам болгон нэгэн дурсамжийг үлдээж, баярлуулж, бахдуулж, бас эмзэглүүлж байдаг нь монгол түмний жаргал гэлтэй.
Энэ жилийн наадам эгэлгүй сайхан наадам.