Силва, хөлбөмбөгч
Бразилийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн 24 настай довтлогч Марта Виейра да Силва буюу Марта, FIFA-гийн тодорхойлолтоор тав дахь удаагаа “Оны шилдэг хөлбөмбөгч” шагналын эзэн боллоо. Марта шилдэг нь гэсэн мэдээг өнгөрсөн долоо хоногт Цюрих хотноо болсон ёслолын үеэр тунхагласан билээ. Бразилийн үзэсгэлэнт бүсгүйн энэ амжилт нь эзнээ олсон шагнал. Үзэсгэлэнт бүсгүй олимпийн хошой мөнгөн медальтан, хоёр удаа “Алтан шаахай”-н эзэн болсноос гадна “Алтан бөмбөг”-ийн шагналтан юм. Шүтэн бишрэгчид нь түүнийг “Банзалтай Пеле” гэдэг. Пеле өөрөө тэр харьцуулалттай санал нэг гэж хэлэхдээ “Харин Мартагийн хөл нь хамаагүй гоё” гэж байлаа. Энэ удаагийн шагналд өөрийн гэсэн агуулга байгаа. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шилдэг тамирчны төлөө Марта герман бүсгүй Биргит Принцтай өрсөлддөг. Тэр хоёр 2001 оноос эхлэн гардуулж байгаа FIFA-гийн шагналыг гурав гурван удаа авсан байв. Тэднээс гадна өдгөө зодог тайлсан Америкийн Миа Хэмм нэг удаа шагналтан болсон байлаа. Харин өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Марта өрсөлдөгчөөсөө нэг шагналаар илүү болсон байв. Одоо дахин шилдэг болсноор тэр амжилтаа улам ахиуллаа.
Ш.САМБУУ