Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан маргаантай боллоо. Хурдан морины салбар хорооноос уралдааны дүнг удаан хүлээлгэсний эцэст хүргэв. Салбар хорооны шийдвэрээр түрүү болон аман хүзүүнд орж ирсэн хоёр даагыг эрлийз гэсэн үндэслэлээр хассан тухайгаа мэдээллээ.
Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ч.Галбадрах
-“Барианд орохдоо түрүүлж ирсэн хоёр даага байгаа. Нэг нь Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн зээр даага, хоёрт Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор даага байсан. Энэ хоёр даагыг комиссын шийдвэрээр хаслаа. Энэ хоёр нь анхны үүлдэрлэг байдлыг тогтооход уягдаж хасагдсан. Уягдсан хоёр даагыг хамгаалалтын ажилчдын нэг нь тавьж явуулсан байна. Хэн тавьж явуулсныг цагдаагийн байгууллага удахгүй тогтооно. Уг хоёр даага үүлдэрлэг байдлаараа хасагдсан нь манай бүртгэлд баталгаажсан байгаа. Сая дахин шинжихэд сэрвээний өндөр болон гадаад үүлдэрлэг байдал нь эрлийз байна гэсэн үндэслэлээр хасч, бусад даагуудыг урагшлуулж байгаа юм” гэлээ.