Айлчлалын эхэнд буюу хоёр улсын тэргүүн нар эхний уулзалтаараа л БНХАУ болон АНУ хоорондын худалдаа эдийн засгийн харилцааны талаар санал солилцон ярилцах төлөвтэй байсан бөгөөд энэ сэдэв яахын аргагүй хоер тэргүүн нарын хэлэлцэх ёстой гол асуудлын нэг нь болох “эрхтэй” юм.
Хятад болон АНУ-ын хоорондын худалдааны хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрсэн байгаа нь гучин жилийн өмнө энэ хэмжээ ердөө л 100 сая ам.долларт хүрч байсантай харьцуулахад гайхалтай үсрэлт болж байгааг энэ үеэр тэмдэглэсэн байна. Мөн айлчлалын өмнөхөн тодорхой болсноор бол Хятад улс АНУ-ын үйлдвэрлэдэг Боеинг онгоц болон автомашины сэлбэг, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн зэрэг нийт арав гаран тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдаж авахаар болж байгаа аж. Үүний зэрэгцээ хятадын талаас АНУ-ын Хьюстон хот дахь зарим компаниудтай нийт 600 сая ам.долларын бизнес гэрээнд гарын үсэг зурсныг энэ айлчлалын үр дүнгийн нэг хэсэг гэж үзэж байгаа ажээ.
Хоёр том гүрний худалдааны амжилт томрох хэрээр “сүүдэр” нь ч мөн өсөж байгаа талаар энэ айлчлалын эргэн тойронд шуугиж эхэлсэн нь нууц биш. Тэр ч бүү хэл АНУ-ын Ардчилсан намын зарим сенаторууд эдийн засаг дахь “зохисгүй үйлдлийх” нь хариуд Хятадад шийтгэл оноох ёстой гэж мэдэгдэж байгаа билээ. Тэдний үзэж байгаагаар бол Хятад улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг бодлоготойгоор унагааснаас болж АНУ-ын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар суларч байгаа нь хямралд хүргэж байна гэж зэмлэж байгаа ажээ.
АНУ болон Хятадын эдийн засгийн харилцааны энэхүү “дотоод” асуудлаас гадна Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах, Тайваньд нийлүүлж байгаа АНУ-ын зэвсгийн худалдааны тухай зэрэг глобаль, өргөн хүрээтэй сэдвүүд ч энэ уулзалтыг дэлхий нийтийн анхаарлын төвд байлгахад хүргэж байна. Тухайлбал Хойд Солонгос өөрийн гол холбоотноо Хятад гэж үзэж байгаа бол АНУ сөргөлдөгч хоёр талын өмнөдийг нь буюу БНСУ-ыг гол холбоотон гэж үзэж ирсэн тул Солонгосын хойгийн хурцадмал байдпыг намжаах зарим “эмчилгээний жор”-ыг энд “найруулж” магадгүй гэж хүлээж байгаа аж.
Мөн хоёр орны хувьд бараг “дотоод асуудал” нь болж хувирчихаад байгаа Тайванийн тухай үзэл бодлын зөрүүтэй асуудлууд ч энэ айлчлалын үеэр яригдахаар болжээ. Ийнхүү Цагаан ордонд болох дуулиан тарьсан оройн зоогний дараа хэлэлцээний ширээн дээр тавигдах “ халуухан” асуудлуудыг хэлэлцэж барахын тул ноён Ху Жинтао болон Барак Обама нараас багагүй хүч хөдөлмөр шаардах бололтой байна.
Харин өнөөдөртөө БНХАУ-ын дарга Ху Жинтао Вашингтон хотыг орхиж Чикаго хотыг зорьж байгаа юм. Ноён Ху Жинтао АНУ-д дөрөв хоногийн айлчлал хийхээр төлөвлөсөн байгаагийн талыг нь тус хотод “зарцуулах” юм байна.