АНУ-ын арми “Thaad” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Номхон далайд амжилттай туршиж, байгаа оносон тухай мэдээллээ. Аляска дахь баазад байрлуулсан “Thaad” систем Хавайн хойд хэсэгт C-17 нисэх онгоцноос буудсан баллистик пуужинг амжилттай амдан сөнөөжээ.
“Thaad” систем нь Хойд Солонгосын хөгжүүлж байгаа шиг дундын зайн тусгалын пуужинг амдан устгах хүчин чадалтай юм. АНУ-ын арми туршилтыг олон сарын өмнөөс төлөвлөсөн боловч Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөрөөс шалтгаалсан зөрчилт нөхцөл байдалтай давхацлаа. Сүүлийн хэдэн долоо хоногт Хойд Солонгос олон удаагийн баллистик пуужингийн туршилт гүйцэтгэжээ.
Хойд Солонгос долдугаар сарын 4-нд тив алгасах баллистик пуужингийн системийг амжилттай туршсан болохоо дэлхий дахинд зарласан юм. “Hwasong-14” пуужин нь “дэлхийн хаанаа ч байгаа байг онох чадвартай” хэмээн Пхеньян мэдэгдсэн бол АНУ-ын армийнхан үүнийг ердийн дундын зайн тусгалын пуужин гэж тодорхойлжээ.
АНУ нь “Thaad” системийг Гуам болон Өмнөд Солонгос улсад байрлуулаад буй. Өмнөд Солонгосын Сёнжу хот дахь хуучин гольфын талбайд “Thaad” системийг байрлуулсан нь орон нутгийн иргэдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулсан юм. Түүнчлэн Хятад улсын зүгээс АНУ-ыг пуужингийн системийг Өмнөд Солонгост байршуулсныг эсэргүүцэж байв. АНУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр арми 2017 оны аравдугаар сараас 2018 оны есдүгээр сарын хооронд 50 гаруй “Thaad” системийг байрлуулахаар төлөвлөснийг мэдээлжээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС