Хятадын цэргүүд Африкийн Джибути улсад байрлаж үүрэг гүйцэтгэхээр мягмар гаригт далайд гарчээ. Хятадын цэргүүд Африк болон Баруун Азийн орнуудад энхийг сахиулах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа явуулах аж. Түүнчлэн цэргийн хамтын ажиллагаа, хамтарсан цэргийн сургууль, аврах ажилд Хятадын энхийг сахиулагчид оролцох гэнэ.
Хятад улс нь Африк тивд хөрөнгө оруулалтаар дамжин харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн бол сүүлийн жилүүдэд цэрэг, армийн техник технологийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.
Хятад нь Джибути улстай нөхөрсөг хэлэлцээрийн үр дүнд цэргийн баазаа байгуулахаар тохиролцжээ. Цэргийн бааз байгуулах ажил өнгөрсөн жил эхэлсэн байв. Энэхүү бааз нь бүс нутаг дахь Хятадын цэргийн хяналтаа нэмэгдүүлэх оролдлого хэмээн олон улс харж байна. Харин Хятадын төрийн мэдээллийн “Global Times” сонинд “Хятадын армийн өргөжин тэлэлт нь дэлхийг хянах биш улсаа хамгаалах зорилготой” хэмээн тайлбарлажээ. Джибути улсад Хятадаас гадна АНУ, Япон, Франц улсууд цэргийн баазтай болохыг Бээжин мэдээлсэн байна.
Джибути улс нь Африкийн далайн тээврийн гол замд оршдог бөгөөд бүс нутагтаа хамгийн тогтвортой орон аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС