Хүй долоон худаг хөл ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Хүй долоон худаг хөл ихтэй байна

Хүй долоон худаг хөл ихтэй байна

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүй долоо худагт хамгийн эрэлттэй байгаа зүйл бол нийтийн бие засах газар болон наадмын хуушуур. Баяр наадмын хамгийн чухал зүйл бол хуушуур байдаг. Тэгвэл Хүй долоо худагт хуушуур 1000 төгрөг, айраг 3000-5000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 

Хоёр хүүхэд төөрсөн дуудлага иржээ

Цагдаагийн ерөнхий газраас иргэдийн аюулгүй байдлыг ханган баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Баярын үеэр бага насны хүүхэд төөрөх, эд зүйлээ хулгайд алдах дуудлага ирж байгаа бөгөөд цагдаагийн байгууллага газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ахлах Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Ардын хувьсгалын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нийт 6800 орчим цагдаагийн албан хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хүй долоо худагт нийт 3800 орчим албан хаагч үүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах, үйлдэгдэн гарсан гэмт хэргийг түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Долдугаар сарын 10-аас буюу наадам эхэлснээс Хүй долоо худагт гэмт хэрэг зөрчилгүй, тайван байна. Харин бага насны хүүхэд төөрсөн дуудлага долдугаар сарын 11-ны өдөр тав ирсэн бол өнөөдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр хоёр хүүхэд асран хамгаалагчаасаа төөрснийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Иргэд бага насны хүүхдээ авч явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Баяр наадмын амралт урт хугацаанд үргэлжилж байгаа учраас иргэд амарч, зугаалахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ тохируулан хэрэглэх, гол ус ихтэй газар анхаарал болгоомжтой байхад анхаарах шаардлагатай байна. Мөн орон нутгийн замын ачаалал нэмэгдэж байгаа учраас хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан соёлтой оролцохыг анхааруулж байна” гэлээ. 

Хүй долоо худагт бие засах газар ачаалалтай байна

Баяр наадамтай холбогдуулан Хүй долоо худагт нийтийн бие засах газрыг тодорхой цэгүүдэд байршуулсан. Жил бүрийн наадмын үеэр Хүй долоо худагт нийтийн бие засах газар ачаалалтай ажилладаг. Энэ жил ч мөн бие засах газар урт дараалал үүсгэсэн байлаа. Өмнөх жилүүдийг бодвол Хүй долоо худагт байрлах нийтийн бие засах газрын олноор байгуулсан ч ачаалал буурахгүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Мөн наадамчин олон хогоо хогийн саванд хийж, соёлтой наадахыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна. ТҮК-ээс хогийн савыг олноор байршуулсан байгаа ч наадамчин олон хогоо хогийн саванд хийхгүй байх, ил талбайд хогоо хаях зэрэг үйлдэл их байгааг ТҮК-ийн ажилчид анхааруулж байлаа.

Дээр дурдсанчлан Хүй долоо худагт бага насны хүүхэд төөрсөн хэд хэдэн тохиолдол гараад байна. Нэг ой хоёр сартай хүүхдээс долоон насны балчир хүүхдүүд асран хамгаалагчийн хайхрамжгүйгээс болж төөрсөн ч цагдаагийн байгууллага болон хүүхэд хамгааллын төвийн тусламжтайгаар түргэн хугацаанд эцэг эхэд нь хүлээлгэн өгч байна. Хүүхдээ алдсан гэх эцэг Б-ээс тодруулахад “Тоглож байгаад л алга болчихсон” гэсэн хариулт өгч байлаа. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Ундраа “Өчигдөр 5, өнөөдөр 2 хүүхэд төөрсөн байсныг шуурхай ажиллаж асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өглөө. Өмнөх жилүүдэд унаж бэртсэн уралдаанч хүүхдүүдийг таних аргагүйн улмаас асран хамгаалагчийг нь олоход хүндрэлтэй байдаг байсан. Энэ жил уралдаанч хүүхдүүдээ хурууны хээгээр бүртгэж байгаа учраас энэ мэтчилэн асуудал байхгүй болсон. Жишээ нь унасан хүүхдийн хурууны хээг таниулаад шууд уяач болон асран хамгаалагч нартай нь холбогдох утсыг авах боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болсон үед гэхэд ямар бүлгийн цустай нь харагдаж байгаа учраас цаг алдахгүй түргэн ажиллах боломжтой гээд олон давуу талтай болсон” гэлээ.

Энэ жил хязаалан насны уралдаанд 4, шүдлэн 2, азарга, их нас тус бүрд нэг хүүхэд мориноос унаж бэртжээ. Унасан хүүхдүүд ихэвчлэн хөнгөн буюу зөөлөн эдийн гэмтэл авчээ. Энэ жил эрлийз морьдыг хасаж цөөн монгол адуу уралдаж байгаа учир өмнөх жилүүдээс бэртэл гэмтлийн дуудлага бага байна гэж албаныхан хэлж байна. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн сургалтын менежер Б.Тэгшжаргал “Өнөөдрийн байдлаар хүүхэд унаж бэртсэн тохиолдол байхгүй. Азарга дээр 5 хүүхэд унасан гэхдээ ноцтой гэмтэл аваагүй. Манай яаралтай түргэн тусламж унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг хариуцахаас гадна наадамчин олны эрүүл мэндэд анхаарал тавьж байна. Унаач хүүхдүүдээс илүү наадамчин олноос дуудлага илүү ирж байна. Жишээ нь өдрийн цагаар ходоод гэдэсний хямрал болон зүрх судасны өвчин, даралт ихсэх дуудлага ирж байна. Шөнийн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлснээс болж нэгнийгээ гэмтээх зэрэг тохиолдол байна. Мөн өөрсдийн хайхрамжгүйгээс болж халуун цайнд түлэгдэх, моринд дайруулах гэх мэтээр бэртэж байна” гэлээ.

Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоо худагт соёолон насны морьдын уралдаан үзэх гэсэн наадамчдын хөлд дарагдсан байдлтай, налгар үргэлжилж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж