Таван хүүхэд мориноос унажээ

Хуучирсан мэдээ: 2017.07.12-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Таван хүүхэд мориноос унажээ

Таван хүүхэд мориноос унажээ

Энэ жилээс хурдан морь унаач хүүхдүүдийн хурууны хээн цахим бүртгэлийг Гэр бүл хүүхэд залуучуудын газар зохион байгуулж байгаа. Энэхүү бүртгэл ямар давуу талтай болохыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хуулийн албаны дарга А.Энхбаатараас тодрууллаа. 

-Энэ жилээс унаач хүүхдүүдийн хурууны хээг уншуулж, цахим бүртгэл нэвтрүүлж эхэллээ. Цахим бүртгэлийнхээ талаар мэдээлэл өгөөч? 

-Унаач хүүхдүүдийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, эрсдэлд орсон тохиолдолд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны байгууллага нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар юм. Тиймээс унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэх цахим бүртгэлийг анх удаа зохион байгуулж байна. Гэнэтийн осол гарсан тохиолдолд зарим хүүхэд асуултад хариулж чадахгүй, үг хэлж чадахгүй, сэтгэл зүйн тал хувьд бэрхшээлтэй тулгардаг. Ийм тохиолдолд хурууны хээ уншуулж, тухайн хүүхдийн ойр дотны хүмүүстэй холбоо тогтоох, эмнэлгийн яаралтай тусламж дуудах боломжтой болох юм. 

-Одоогоор нийт хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ?

-Баяр наадмын комиссоос бид унаач хүүхдийн номер авч байгаа. Номер авсны дараа тухайн унаач хүүхэд, уяачтайгаа хамт ирж, хурууны хээгээр цахим бүртгэлд хамрагдана. Ингээд гараанаас гарах үед хурууны хээг уншуулж, давхар хяналт тавих юм. 

-Бүртгүүлсэн хүүхдээс өөр хүүхдэд хурдан морь унуулах зөрчил илэрсэн үү?

-Бүртгэлд хамрагдаагүй 10 гаруй хүүхэд уралдах гэж орж ирсэн. Тэдгээр хүүхдүүдийг уралдаанд оролцуулаагүй, буцаасан байгаа. 

-Хурууны хээний цахим бүртгэлээс гадна хүүхдүүдэд чиглэсэн ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Төөрсөн хүүхдүүдийг түр агуулах хоёр гэр барьсан. Нэг нь Хүй долоо худаг, нөгөө нь Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан. Төөрсөн хүүхдийг эцэг эхтэй нь холбож уулзуулах хүртэл хооллож, ундлах, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. 

-Морь уралдах үеэр хүүхдүүд унаж, бэртэх тохиолдол гарч байна уу?

-Хүүхдүүд мориноосоо унах тохиолдол таван удаа гарсан. Тэдний бэртлийн зэрэг харьцангуй бага байсан. Цаг тухайд нь эмнэлгийнхэн тусламж үзүүлж байгаа. Харин бид ар гэрийнхэн болоод, уяачтай нь холбож өгөх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж