Оюутолгойд роялтийн татвар ногдуулахыг үүрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Оюутолгойд роялтийн татвар ногдуулахыг үүрэгдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж,  Оюутолгой ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлтэй холбогдуулан гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсч улмаар Засгийн газарт тодорхой үүрэг даалгавар өгөхөөр болж шийдвэрлэсэн байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуугаас тодрууллаа.

    -Жилийн өмнө шахам Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг буцааж, энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажилласан ч,  өнөөдөр дүгнэлтээ байнгын хороонд танилцууллаа. Тодорхой үүрэг даалгаврыг Засгийн газарт өгөхөөр болсон гэж дуулдсан, тодруулахгүй юу. Чухам ямар шалтгаанаар ажлын хэсгийн ажил нэлээд сунжрав?

    -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ажил эрт дууссан байсан. Гол нь УИХ-аар шинэ оны өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлахтай холбоотойгоор дүгнэлтээ эцэслэж гаргаагүй, хүлээсэн хэрэг. Хүлээсний хэрэг ч гарч, ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хорооны гишүүд дэмжиж, Засгийн газарт тогтоолоор тодорхой үүрэг даалгавар өглөө.

    -Тогтоолд яг юу гэж заасан байгаа вэ?

    -Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байсныг арван хувиар нэмж, 15 хувь болгож УИХ-аар баталсан. Гэвч энэ татвар нь Оюутолгойн ордод хамаарахгүй зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт хамаарч байгаа. Тиймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 15 хувийн татварыг хөрөнгө оруулалтын гэрээ болон тогтвортой байдлын гэрээ байгуулсан компаниудад ногдуулъя, энэ чиглэлээр Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхийг үүрэг болголоо. Манай ажлын хэсгийн гол үр дүн энэ л байна. Одоо манай Засгийн газар санаачлагатай ажиллаад хэрэгжүүлэх нь л чухал.

    -Тэгвэл Оюутолгойн ордоос гадна бусад ордуудад ч роялтийн татварыг ногдуулахаар үүрэг өгчээ гэж ойлгож болох нь ээ. Оюутолгойгоос өөр ямар компани хамаарч байна вэ?

    -“Цайрт минерал”, “Тавантолгой”, “Чинхуа мак”, “Бороо гоулд” энэ дөрвөн компани нэмэгдэнэ.

    -Дээрх компаниудад роялтийн татвар ногдуулахаар улсад жилдээ хэдий хэмжээний мөнгө орж ирэх бол?

    -Манай ажлын хэсэг тоо боддог тэр үзүүлэлтийг хийгээгүй, ерөнхий зарчмыг нь зааж өгсөн.  Тиймээс Засгийн газар тооцож гаргана. Шинэ хууль батлагдсантай холбоотой ганц “Эрдэнэт”-ийг мөлжөөд байх биш эдгээр компаниудыг хамруулах нь чухал гэж үзсэн. Энэ заалтыг оруулахын тулд ажлын хэсэг түр хүлээлт үүсгэсэн. Арван сар хүлээсэн, хүлээсний үр дүн ч гарлаа.

     -Ажлын хэсэг ажилласнаар өөр ямар үр дүн гарав? 

    -Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь 2009 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 24 дэх өргөтгөсөн хуралдаанаараа Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцээд буцаасан байсан. Тиймээс Техник эдийн засгийн үндэслэлийг ямар үндэслэлээр буцаасан бэ гэдгийг ажлын хэсэг тодруулсан. Тэгтэл Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд хөрөнгө оруулагчдын нөөц ашигласны төлбөрийн хоёр хувийг Монголын талын цэвэр ашгаас тооцож авахаар тооцсон байсан. Ажлын хэсгийн шатанд үүнийг болиулж,  анх Оюутолгойн ордыг ашиглах лиценз худалдаж авсан компанитайгаа тохир гэж “Айвенхоу майнз” компанид шаардсанаар үүнийг Монголын талд хамааралгүй болгуулж өөрчилсөн. Мөн Оюутолгойн орд дахь 45 сая тонн зэсийн 19 сая тонн зэсийг ашиглах боломжтой, үлдсэн нь эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн байсан. Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 45 сая тонн зэсийг ашиглана гэж орж ирсэн хэрнээ Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлд 19 сая тонн гэж орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс “Энэ болохгүй, үр ашигтай ашиглах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж шаардсанаар 19 сая тонн дээр 12 сая тонныг нэмэгдүүлж, 31 сая тоннд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, зэсийн нөөцийн 68.9 хувь нь үр ашигтай нөөцөд оруулахаар болж, өөрчлөлт оруулсан л даа.

    Гурав дахь нь, “Айвенхоу майнз” компани нь усны нөөцийг эхний таван жилээр тодорхойлсон байсан, үүнийг цааш улам ахиулж, баталгаажуул гэсэн.

    Мөн УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол юм. Тогтоолд Монголын тал анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш хувьцааны 34 хувийг 50-иас доошгүйд хүргэх ёстой гэдгийг зөвшөөрүүлж чадсан явдал. 

    -Хөрөнгө оруулагч тал зөвшөөрчихсөн хэрэг үү?

    -Үгүй ээ, Засгийн газрын зүгээс “Бид өнөөдөр 20, 25 жилийн дараа гэж хэлэх боломжгүй, аль болох 30 жилийг урагш татъя гэж яръя гэсэн Баярцогт сайд. Тодорхой тоо заачихаар Монголын талд ашиггүй болчихож магадгүй, тиймээс түүнээс аль болох татгалзая гэсэн.
    Иймэрхүү үр дүнгүүд гарсан даа.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж