Түүний тоглолтын хамгийн гоц үзүүлбэр нь Монгол Улсын Ерөнхий сайдын алба, МАХН-ын даргын суудлыг С.Батболдод өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн явдал байв. Нүүдлийг нь хэн нэгэн урьдчилан харж, тооцоолж, хамгаалж чадаж байвал тэр нүүдэлд гайхамшигтай зүйл үгүй болно. Харин С.Баярын энэ нүүдлийг хэн ч таамаглаагүй. Тэр байтугай түүнтэй хамгийн дотно, сүүлийн 30 жил найзалж байна хэмээдэг эрхмүүд ч мэдээгүй. Бүр сонсоод ч үнэмшихгүй байсан юм. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигт үзүүлбэр. Магадгүй “ширээ сандлын өвчинд” хүнд нэрвэгдсэн монголчуудын хувьд Ерөнхий сайдын сэнтийгээс өөрөө татгалзана гэдэг амиа хорлосонтой дүйх санагдсан биз.
С.Баярыг эрүүл мэндийн шалтгаанаар Монголын төрийн өндөр сэнтийгээс чөлөө хүсэхэд нь олон нийт өрөвдөж, нийгмээрээ түүнд хайр зарласан. Харин тэр дараагийн Ерөнхий сайд бөгөөд намын даргадаа “дарьтай торх” атгуулж байгаагаа мэдээгүй гэвэл түүнийг доош хийсэн болно. Тэр дараачийнхаа гоцлол орлон тоглогчоор С.Батболдыг сонгоод тайзан дээрээс түр буусан нь хоёр жил гаруйн өмнө. Монголын нийгэм энэ бүх үзэгдлийг тэвчээртэйгээр үзэж, бүр хүлээн зөвшөөрсөн. Түүгээр зогсохгүй С.Баярын нэр хүнд “гэрлийн хурдаар” дээшилсэн. Муугүй байгаа биз. Үнэхээр улстөрч байна гэж үүнийг л хэлдэг байх. Одоо харин дараагийн үзэгдлүүд эхлэхэд бэлэн болжээ. Энд тэндгүй “дарьтай торхнууд” ээлж дараалан уугиж байна.
Оюутолгойн гэрээг зургаан жил гацаасан улс төрийн хавх ердөө л хулгана айлгах тоглоом байсныг С.Баяр харуулсан юм. Фрийдландтай гэрээ байгуулах асуудал ганцхан л өдөр бүтэмжтэй болсон. Гэхдээ энэ алхмын цаана юу байв? Монголын тал Оюутолгойн ордыг түшиглэн байгуулах компанийн 34 хувийг, хожим 51 хувийг эзэмших тохиролцоог гэрээ болгон баталгаажуулсан. Ордыг ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулалтын 34 хувь болох 1.7 орчим тэрбум төгрөгийг /энэ тоо одоо ч баталгаатай биш, өсөх магадлалтай байгаа/ Фрийдландаас зээлэхээр болсон, тэр тусмаа хүүтэйгээр. Олборлох гээд байгаа баялгийг олж тогтоосон нь Боб болохоос биш баялаг нь Монголынх. Гэтэл яагаад өр зээл, хүү яригдах болов. Монголын талын эзэмших 34 хувь бол үнэн хэрэгтээ 6.4 хувь юм гэсэн гаргалгааг зарим нь хийж байна. Энэ мэт асуудал өндийж эхэллээ. Гэтэл С.Баяр алга. Гэрээний төсөл дээр ажилласан зарим сайд одоо лайг нь үүрэх дээрээ тулжээ. Уг нь хөөрхий С.Баярын бариулсан түмпэнтэй усыг ийш, тийш аваачиж цацах л үүрэг гүйцэтгэсэн хүмүүс шүү дээ.
Тавантолгой
Коксжих нүүрсний томоохон нөөц Тавантолгойн ордыг С.Баяр Засгийн газрын тэргүүн болохоос өмнө олон нийт төдийлөн сонирхож байгаагүй юм. Чухамдаа С.Баяр тус ордын ашиглалтын лицензийг хувийн хэвшлийнхнээс хурааж авах үед л Тавантолгой анхаарлын төвд орж ирсэн. Хувийн өмчөө гэж бодож явсан баялгаа төрд хураалгасан эрх ашгийн ард С.Батболд байсан. Бизнесч биш дипломат С.Батболд дуугүй өнгөрсөн. Гэхдээ дараа нь Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах эрх, үүргийг тэр өөртөө авч чаджээ.
Тавантолгойн ордын лицензээ хураалгахдаа 4 хувь дээр нь ашиглалтын эрхээ авч үлдсэн “Энержи Ресурс”-д эрх ашгаа шингээсэн Ерөнхий сайд уг ордын төрийн мэдлийн 96 хувийг захиран зарцуулах дүрмийг өнөөдөр өөрөө зохиож байна. С.Батболдыг Ерөнхий сайд болмогц “Энержи”-гийн ноёдууд түүний хувийг хадган дээр тавиад очсон гэж ярих хүмүүс олон байдаг. Эрхэм Ерөнхий сайд өөрөө ч ийм яриаг үгүйсгэж байсангүй.
Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай 39 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Гэтэл Засгийн газар дээрх тогтоолд тусгаагүй өөр дүрмийг гаргаж ирсэн. 6.4 тэрбум тонн нөөцтэй ордыг хоёр хэсэгт хувааж нэг хэсэг дээр нь гадаадын хөрөнгө оруулагч, нөгөө хэсэг дээр нь гадны олборлогч оруулж ирэх тендерийг Засгийн газар зарлаж байна. Дэлхийн зах зээл дээр том тоглогч болж чадах, үндэсний хувьцаат компани байгуулах ёстой, монгол хүн, монгол инженерүүдийнхээ чадамжид итгэх ёстой гэж УИХ үзсэн. Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” гэх хувьцаат компани байгуулсан ч уг компанийн эзэмшдэг ордын тал дээр нь хөрөнгө оруулагчид тоглоно. УИХ үүнийг гаргасан шийдвэрийг нь зөрчсөн гэж үзэж байна. МАН-д үүссэн нөхцөл байдал үүнд ташуур болж, асуудал хурцдаж магадгүй. Энэ бүхний хариуцлага С.Батболд дээр ирнэ.
МАХН-Х=МАН
МАН болж нэрээ сольсон МАХН доторх хүч тэнцүү бүлэглэлүүдийн тэнцвэрийг гагцхүү С.Баяр барьж байна. М.Энхболдын хотын бүлэг, У.Хүрэлсүхийн зүүний хүчин, Ерөнхий сайдын засгийн фракцийнхан өнөөдөр намаа тараачихгүй шиг, хэрэлдсэн ч хэлэлцсэн ч “олгой дотроо” байгаа нь С.Баярын өв. Гурван хөлтэй ширээ уг нь дуун дээр хөмөрчихгүй ч хүндийн жин тааруулж зоогоогүй хоёр хөлтэй болох юм бол найдваргүй. МАН-д хэдий удааныг нь мэдэхгүй ч ямар ч байсан өнөөхөндөө тэнцвэржүүлэгч байна. МАХН хэмээх том намыг шинэчлэх зориг, зүрхийг С.Баяр л өнөөгийн МАН-ын удирдлагуудад асааж өгөөд, ард нь үлдсэн. Ерэн жилийн түүхтэй МАХН-ын нэрийг хусаад хаяхад ч өдийхөн зэргийн доргион л үүсч байгаа нь дээрх тэнцвэржүүлэгч “ажиллаж” байгаагаас үүдэлтэй. Тэр байгаагүй бол Шинэбаяр байтугай нь Батболдыг Мэ-тэй нь Үрэлсүтэй нь хаяад явах байсан биз. С.Баярын нөлөө өнөөдөр ч МАН-ын хувь заяаг тодорхойлж байгаа хэрэг. Гэхдээ тэнцвэржүүлэгч хэзээ нэгэн өдөр аль нэг бүлэглэл дээр илүү даралт үүсгэхэд л байдал бишдэнэ дээ. Энэ хугацаа ч удахгүй биз. Сонгууль ойртох тусам л хөшиг алгуур алгуур нээгдэж эхэлнэ.
Б.Хурц
Баривчлагдсан Б.Хурцаар дамжуулаад Н.Энхбаярыг намнах сүрдүүлгийн ард хэн байж болох вэ? Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяр Тагнуулын ерөнхий газарт даалгавар өгч, Францад амь хоргодож байсан гэмт хэргийн ертөнцөд муу нэртэй, луу данстай Д.Энхбатыг барьж ирүүлсэн бололтой мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Сонгуулийн өмнөх нөхцөл байдалд Ардчилсан намыг шороотой хутгахыг тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд Н.Энхбаяр хүсч л байсан биз. Тэгээд ардчилагчдын бэлэг тэмдэг С.Зоригийг хөнөөсөн хэргийг Д.Энхбатад хүлээлгэх, ингэхдээ гэм хэргийн захиалагчид нь ардчиллынхан байсан гэж хэлүүлэх зорилго МАХН-д байсан гэх. Магадгүй, энэ үнэн байх. Тухайн үед Д.Энхбат мөрдөнгөөс хий хоосон хэрэг хүлээлгүй гарч ирсэн төдийгүй яаж хэрэг тулгах гэснийг хүртэл хэд хэдэн телевизээр ярьж байсныг санах хүн бишгүй байгаа. “Намайг энэ хэргийг хүлээ, М.Энхсайхан даалгавар өгсөн гэж хэл хэмээн тулгасан” гэж Д.Энхбат агсан ярьж байжээ. Монголын Засгийн газар хүний эрхийн олон улсын хэм хэмжээг зөрчин хил дамнуулан нэгэн иргэнээ баривчилж, хийгээгүй хэрэгт нь ял тулгах гэсэн үйлдлийн цаад буруутан нь Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэж хэлтэй, амтай бүхэн шуугиад өнгөрөв. Тэгвэл Б.Хурцыг сүүлд Лондон явахыг хэн тийш нь мэдээлсэн юм бэ, тэр ч байтугай Б.Хурц өөрөө зориуд очиж баригдсан юм биш үү гэсэн асуултууд гарч ирээд байгааг чихний хажуугаар өнгөрөөж болохгүй байх. Ингэхэд нээрээ Б.Хурцаар дамжуулж том эрх ашгийг хөндөх гэсэн зориудын тоглолт яваад байгаа юм биш биз дээ?!
Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Н.Энхбаяр хэнтэй их харгалдлаа? Хэний байгуулсан Оюутолгойн гэрээний но-г хэн их шүүмжилж байгаа билээ?
Орос, уран, ура!
Монголын нутагт үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай “Хан Ресурс” компанийн эзэмшиж байсан ураны ордын лицензийг төр хурааж авсан юм. Цөмийн энергийн газар байгуулагдаж, даргаар нь С.Энхбат томилогдсон нь бас л С.Баярын Засгийн газрын үед болсон үйл явдал.
Хууль бусаар лицензээ хураалгасан гэж үзэж байгаа “Хан Ресурс” компани удаа дараа шүүхэд хандаж, шүүх тэдний талд шийдвэр гаргаж байсан ч асуудал тэдний талд эргэсэнгүй. Улмаар Олон улсын арбитрын шүүхэд хандчихаад байгаа бөгөөд төрийн өмчит “Монатом” компани тэдний талд зогсч байна. Үүнээс болоод төрийн өмчит “Монатом” компани Цөмийн энергийн газрын хооронд зөрчил үүсчээ. Энэ үйл явдлын цаана болсон нэг сонин зүйл нь гэвэл “Хан Ресурс”-ийн эзэмшиж байсан ураны орд дээр Монголын Засгийн газар ОХУ-тай хамтарсан “Дорнод Уран” компани байгуулж, 51 ба 49 хувиар эзэмшихээр болсон явдал юм. Ерөнхий сайд С.Батболдын шинэ оны өмнөхөн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр энэ асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулагдаж, дараахан нь ОХУ-ын парламентын дээд танхим Холбооны зөвлөл хамтарсан компани байгуулах шийдвэрийг баталсан билээ.
“Хан Ресурс”-ийн олон улсын шүүхэд өгсөн өргөдөл гомдол, ураны ордуудын лицензийг эзэмшдэг төрийн өмчит “Монатом” компанийн байр суурь, Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа гээд дээрх үйл явдалд эрх ашиг холбогдсон талуудын дунд дахиад “Баяр” гараад ирж. Оросын талыг баримтлагч С.Баярыг канадуудын эзэмшиж байсан ураны лицензийг Оросын талд шийдэж өгсөн үйл явцад хардах хүмүүс байна. Энд С.Баярын оролцоог төвөггүй харж болно гэх мэргэжилтнүүд олон байна. Гэтэл нөгөө талд С.Баяр Орос, Хятадын нөлөөнөөс мултрахын тулд эрх мэдлээ өгч, энгийн нэгэн байхыг хүссэн гэж ярих хүмүүс ч байна. Энэ мэт логик, уялдаа холбоо, учир шалтгааныг нь ухаж ойлгоход төвөгтэй олон янзын хэл ярианд нэг л зүйл давтагдаад байгаа нь С.Баяр…
Тэгэхээр С.Баяр өвдөөгүй юм биш үү? Тэр өнөөдөр ч гэсэн өрөг дээр нүүдэл хийсээр байх шиг.