Нурсан байшингийн иргэд түрээсийн байранд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Нурсан байшингийн иргэд түрээсийн байранд амьдарч байна

Өнгөрсөн баасан гаригт зохиомлоор “газар хөдөлгөж” мэргэжлийн байгууллагуудыг шалгалтад оруулсан. Уг шалгуурыг нийслэл хотын төвийн /ХХААХҮ-ийн яамны замын урд талын/ нэгэн барилга дээр туршсаныг санаж буй биз ээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын гудамжийг хог шороо, золбин ноход, тэнэмэл хүүхдээс илүүтэй гутааж байгаа барилгын нуранги үлдэгдлийн нэг бол Цэргийн 44 дүгээр байр гэх энэ барилга билээ. Уг байшинд хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас анх 2000 онд гаргажээ. Нурааж буулгаад хагас жил тойрчихлоо. Энэхүү барилгыг ямар зорилгоор ийн буулгасан хийгээд оронд нь ямар барилга байшин баригдах талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Захирагчийн ажлын албаны орон сууц нийтийн аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Эрдэнэбат:
-Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дахь Цэргийн 44 дүгээр байранд хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тул тухайн байрны оршин суугчид, СӨХ-ныхон хамтран орчноо сайжруулах санал санаачлагыг гаргасан юм билээ. Тус СӨХ-ныхон эхлээд “GDL” компанитай гэрээ хийсэн байдаг. Уг компани хуучин байшингийн суурин дээр шинэ орон сууц барьж, иргэдэд сууцных нь хэмжээгээр шинэ байр өгөхөөр болсон юм билээ. Тэгтэл иргэд нь барилга барьтал хүлээх боломжгүй гэсэн тул “Чингис хаан” корпораци орон сууцных нь талбайн квадрат метр тутмыг 900 мянган төгрөгөөр тооцон худалдан авахаар  тохиролцсон гэсэн. Бэлэн мөнгөөр худалдах саналыг оршин суугчдын ихэнх нь зөвшөөрсөн гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Тэгэхээр нарийн мэдээллийг СӨХ болон оршин суугчдаас авах нь зүйтэй. Хотын зүгээс хуучин байшингаа шинээр солихыг нь зөвшөөрч, нийслэлийн засаг даргын захирамж гарган барилга барих газрыг нь СӨХ-ны нэр дээр баталгаажуулж өгсөн байгаа.
Мэргэжилтний тайлбарласнаар уг газар нь “Хөгжил” СӨХ-ны мэдэлд шилжээд байгаа ажээ. СӨХ-ны дарга нь Дашжаргал гэдэг эмэгтэй байдаг бөгөөд түүний хань Самбуу барилгын шинэчлэлийн ажлыг  хариуцан ажиллаж байгаа ажээ. Имйд бид Самбуу гуайгаас зарим зүйлийг лавлан асуусан юм. Тэрбээр хэлэхдээ:
-Цэргийн 44 дүгээр байр гэх энэ байр дэлхийн хоёрдугаар дайнаас ч өмнө баригдсан барилга. 1937-1938 оны үед Гэгээрлийн яамны байр гэж анх баригдсан болохоор элэгдэлд орсноос хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлтийг 2000 онд гаргасан. Тиймээс байшинг нураахаас аргагүйд хүрсэн. Уг байранд 31 айл амьдарч, 13 аж ахуйн нэгж байгууллага түрээсээр ажиллаж байсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр гэрээ хийн айлуудаа гаргасан. Хотоос шийдвэр гартал 2-3 сар хүлээхэд хүрсэн. Одоогоор айлууд өөрсдөө өөр газарт байр түрээслэн амьдарцгааж байгаа. Оршин суугчдын зүгээс гомдол санал гаргасан зүйл байхгүй. Тун удахгүй нэг хоёр хоногийн дараа барилгын компаниудаас алийг нь сонгохоо шийднэ гэсэн юм.
Тэрбээр хотын төвийн өнгө үзэмжинд муугаар нөлөөлөөд байгаа нь ганц манай байр бус экс Ерөнхийлөгч  Н.Энхбаяр хүртэл Төрийн ордны хажууд балгас бий болгочихоод байгаа шүү дээ хэмээн их л бухимдангуй байлаа. Үнэхээр ч он жилийг дамжуулан нурсан байшинг нь байлгаад байхыг бодоход их л дээгүүр зиндааныхан оролцсон нь тодорхой. Өөр хэд хэдэн балгас хотын төвд бий. Энэ талаар бид дараа дараагийн сурвалжлагадаа өгүүлэх болно.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж