Э.Бат-Үүл: Монголчууд өөрчлөлтийг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2009.02.13-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Монголчууд өөрчлөлтийг хүсч байна

Э.Бат-Үүл: Монголчууд өөрчлөлтийг хүсч байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө Та манай сонин болон www.news.mn сайтын уншигч,хэрэглэгчдийн саналаар "Оны хүн" болсонд баяр хүргэе.
-За баярлалаа.

-Өнөөдөр улс оронд юу болоод байна вэ? Ажилгүйдэл гаарлаа. Үүний уршгаар ядуурал нэмэгдэж байх шиг. Гэмт хэрэг өсч буй гэнэ. Мэдээж энэ бүхэн санхүүгийн хямралаас улбаатай байх. Монгол маань 2.6 сая хүнтэй шүү дээ. Жижигхэн эдийн засагтай. Хямралыг амархан давж болно гэх хүн байна. Та энэ талаар юу бодож байна вэ?
-Яг өнөөдрийн байдлаар улс орны хэмжээнд санхүү, эдийн засгийн хямрал бодитой болоод байна. Манай бүлэг дээр Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй танхимын гишүүд, Засгийн газраас байгуулсан хямралыг судлах, арга хэмжээ авах ажлын хэсгийн гишүүд орж ирж, хямралын эсрэг авах арга хэмжээ, хөтөлбөрөө танилцуулсан. Энд би байр сууриа илэрхийлсэн. Хөтөлбөр нэлээд хожимдож орж ирж байна, нэгд. Хоёрт, хөтөлбөрт заасан арга хэмжээ нь тодорхой байдлаар илэрхийлэгдэхдээ тааруухан байлаа. Өнөөдөр аж ахуй эрхлэгчид мөнгөгүй болсноос төлбөрийн чадвар нь муудлаа. Хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө хомсдож, худалдан авах чадвар буурлаа. Тэгэхээр нөгөө талд бараа бүтээгдэхүүний борлуулалт багасч, хаа хаанаа тэвдэнги байдалд орчихлоо. Сая би өнөөдөр хүмүүсийг өдөр бүхэн, цаг тутам санаа зовоож байгаа асуудлын тухай ярилаа. Нөгөөтэйгүүр, ер нь сүүлийн жил гаруйн хугацаанд миний ажигласан нэг зүйл бол өөрчлөлт хэрэгтэй байна гэсэн байр суурьтай хүмүүс тэр дундаа залуучууд маш их болсон байна.

-Тэд ямар өөрчлөлт хүсээд байгаа юм бол?
-Ер нь л өөрчлөх хэрэгтэй байна гэсэн хандлага. Их сонин. Анзаараад байхад 90 оны өмнө өөрчлөх хэрэгтэй байна гэсэн хандлага нийгмийг их өргөн хамарсан байсан юм. Өнөөдөр мөн адил харагдаж байна. Залуучууд дотроо нэн ялангуяа боловсролтой хэсэг нь өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэсэн санаа бодолд автсан байна. Тухайлбал, миний сайн таних, банкны дээд тушаалын нэг захирал надад ингэж хэлсэн л дээ. "Монголд шинэ хувьсгал хэрэгтэй байна" гэж. Тэр бол тийм хувьсгалч хүн биш. Радикал үзэлтэн ч биш. Харин ч аядуу байр суурьтай, юмыг аль болох тайвнаар шийдвэрлэх талдаа, ерөөсөө уг хүний хүмүүжил нь тийм байхгүй юу. Ийм хүн шинэ хувьсгал хэрэгтэй байна гэж яриад суугааг би нийгмийн залуу хэсгийн санаа бодол байна гэж харж байгаа. Тэгэхээр юуны эсрэг, юуны төлөө хувьсгал хийх гэж байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз.

-Харин тийм, надад ч бас тийм асуулт орж ирээд байлаа л даа.
-Миний ойлгож байгаагаар сүүлийн үед хүмүүс юунд сэтгэл таагүй болж ирсэн бэ гэвэл би шуудхан хэлчихье. Монголд ардчиллын амиа тавьж буй хоосон дүрс л үлдсэн байна.

-Та бүхний 90 онд бий болгосон тэр ардчиллын уу?
-90 онд бидний тэмцэж олж авсан нийгмийн ардчилал дүрс төдий болж. Яг үнэнийг хэлбэл бид ардчилсан биш олигархийн дэглэмд амьдарч байна. Төрийн дээд эрх олигархуудын гарт орлоо. Мэдээллийн хэрэгсэл ч тэдний гарт орсон байна. Тэгэж ярих юм бол шүүх засаглал мөн тэдний гарт оржээ. Тэгээд яаж байна гэхээр аль бүлэг нь дийлж байна, тэдний хүсэл зориг нийгэмд ноёрхдог ийм тогтолцоо бий боллоо. Үнэнийг хэлэхэд намууд хэрэг дээрээ хэлбэрийн төдий зүйл болж. Намууд олигархи бүлэглэлийн орон гэр болсон. Өөр юм байхгүй. Намуудад өөр үүрэг байхгүй болсон. Ийм байдал бий боллоо. Энэ байдалд л хүмүүс тун их сэтгэл ханамжгүй болж байна гэж бодож байна. Нэн ялангуяа олигархийн өөрийнх нь мөн чанар болох төрийг өөрийн бизнесийн хэрэгсэл болгодог тэр араншин тод харагдаж байна. Төрийн, Засгийн газрын, УИХ-ын ч тэр, сайдын албан тушаалын ч тэр ард түмэнд үйлчлэх ёстой мөн чанарыг алдагдуулж байгаа явдлыг хүмүүс сайн харж байна.

-Та ардчиллыг амиа тавьж буй дүрстэй зүйрлэлээ. Хэн ийм болгосон юм бэ? Та нар өөрсдөө юу? МАХН-ынхан уу? Эсвэл таны хэлээд байгаа олигархиуд уу?
-Яг үнэндээ бид 92 онд гайхалтай сайхан Үндсэн хууль хийсэн юм ш дээ. Манай Үндсэн хуулийг барууны улс төр судлаачид, төр эрх зүй судлаачид үнэхээр мундаг Үндсэн хууль болсон гэж хэлдэг. Бид дэлхийд гайхуулах Үндсэн хуулийг хийж чадсан. Гэхдээ Үндсэн хуулийг хийх явцад миний ойлгож байгаагаар нэг том зарчмын алдаа хийсэн байна. Энэ нь төрийн дээд эрх мэдлийг УИХ барина, УИХ нь 76 гишүүнтэй байна гэсэн нь том алдаа болж. Бид яагаад 76 хүнтэй байхаар тооцсон бэ гэхээр 2 сая гаруйхан хүнд нүсэр парламент хэрэггүй гэж үзэж, цөөхөн хүнтэй байхаар тогтсон юм. Гэтэл ямар зүйл ажиглагдаад эхэлсэн бэ гэхээр төрийн дээд эрх мэдлийг 76–хан буюу цөөхөн хүн бариад эхлэхээр хоорондоо хуйвалдах, нэг анги болох, бүр ашиг сонирхлоо нэгтгэх, тохиролцох, наймаалцах ийм боломж өргөн болсон байна. Төрийн дээд эрх мэдлийг хичнээн цөөхөн хүн барьж байна төр төдий чинээ цөөхөн хүний гарт орох, тэдний өмч болох, цаашилбал тэдний хуйвалдааны золиос болох боломжийг бүрдүүлдэг юм байна. Жишээ нь, Английн парламентын төлөөлөгчдийн танхим нь 630 гаруй, Лордын танхим нь 1000-аад хүнтэй. Энэ 2000 орчим хүн суугаад ямар нэг юмыг тохиролцож наймаалцах боломж үнэндээ байхгүй. Тэр байтугай 630 хүн ч ашиг сонирхлоо наймаалцаад тохироод хуйвалдана гэдэг боломжгүй зүйл. АНУ-ын конгресс мөн ялгаагүй. Хоёр танхимынхан нийлээд 700 орчим хүн байна. Эд нар бас хуйвалдаж чадахгүй. Гэтэл 700 хүний дэргэд 76 хүн гэдэг хамаагүй илүү ашиг сонирхлоо нэгтгэх тохиролцчих боломжтой байдаг юм байна. Уг нь бид хуучин Улс төрийн товчооны 9 гишүүн удирддаг байсныг 76 болгож, найм гаруй дахин нэмээд бариад ирж л дээ. Гэхдээ л парламентаа дэндүү цөөхөн хүнээр тогтоосон нь алдаа байжээ, нэгд. Хоёрт, цөөн гишүүнтэй парламенттай болохоор тойрог томсоод ирнэ. Энэ том тойрогт мөнгөтэй хүн л сонгогдож гарч ирнэ. Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймаг гэхэд нэг тойрог байлаа. Би Сэлэнгээр бүтэн тойроод машинтай явахад 20-иод сая төгрөг зөвхөн явалтын зардалд гаргасан. Том тойрог мөнгөтэй хүн сонгогдох босго болж байна.

-Тэгэхээр та мөнгөтэй болоод сонгогдсон байх нь ээ.
-Миний хувьд хандивлагчид их байлаа, миний аз болоход. Надад итгэж найдаж, дэмждэг хүмүүс олон бий. Энэ бол миний давуу тал гэх юм уу даа. Хэрвээ би өөрөө хөрөнгө мөнгө гаргаад үзнэ гэвэл намаасаа нэр дэвших ч боломж байхгүй. Хоёулаа дээр ярьж байсан юмнаасаа хальчихлаа. Энэчлэн хүчин зүйлийг үзэхээр манай сонгуулийн тогтолцоо зөвхөн хөрөнгө чинээтэй хүн гардаг болоод байгаа юм. Хөрөнгө чинээтэй 76 гишүүн хоорондоо тохиролцож наймаалцаж, нэг ангийнхан болох боломжтой байдаг юм байна. Гэх мэтчилэнгийн энэ зүйлүүд л ардчиллыг олигархи болгож хувиргаж.

– Нэг ангийн цөөхөн 76 хүн нийлж луйвардаж, наймаалцаж, тохиролцож олигархдаж байна гэлээ. Гэтэл Та парламентын гишүүн. Бүр нөлөө бүхий гишүүн. Таныг тэр "юм"-андаа оруулдаггүй юм уу?
-Үнэнийг хэлэхэд би тэр "юм"-анд орсон бол өдийд хэдэн ч удаа сайд болчих байлаа. Магадгүй хэдэн ч удаа Ерөнхий сайд болох байсан байх. Би тохиролцоонд нь ордог байсан бол. Улсууд хэлдэг л дээ. Зарим нэг хүн буруугаар ойлгоод Бат -Үүл ажлаас зугтаж байна гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Наймаалалцаж тохиролцох гэсэн аливаа оролдлогыг би зөвшөөрөөгүй байхгүй юу. Ямар нэг наймаа, тохиролцоо хийе гэхэд нь л би шууд ширээний араас босоод явчихдаг. Тийм учраас би ямар нэгэн албан тушаалд тавигдаж байгаагүй.

-Би танаас асуух гэж байсан юм л даа. Та яагаад сайд болдоггүй байсан юм. Та өөрөө хүсдэггүй юм уу, таныг болгодоггүй юм уу? Та болох гэж үзсэн үү?
-Яг үнэн хэрэг дээрээ болгодоггүй гэж ч хэлж болно. Би болох гэж үзсэн. Тэгэхээр л надтай наймаа тохиролцоо яриад унадаг байхгүй юу. Тэгээд л би болоогүй. Түүнээс биш хийсэн ажлынхаа хувьд би УИХ-д идэвхтэй, их хууль санаачилдаг гишүүний нэг гэж өөрийгөө боддог.

-Та ганц ч гэсэн жишээ хэлээч. Намайг ийм сайд болох гэсэн чинь тийм наймаа хийе гэсэн гэж. Хүмүүс ингэж ярьдаг л даа, чухам наймаа хийдэг ч юм уу, үгүй ч юм уу?
-Наймаа хийнээ. Намайг "Ерөнхий сайд болъё" гэхэд наймаа хийх тухай л ярьсан. Би босоод л гарсан.

-"Таныг Ерөнхий сайд болгоё харин тэрийг сайд болго, үүнийг ингэж хий" гэхчлэн тулгах уу?
-Тийм. Тэрийг тэгэж болго, энийг ингэж өг гэхчлэн. Гэхдээ тийм санал тавьж болно л доо, бүлэглэлүүд. Гэтэл үнэнийг хэлэхэд сайдын албан тушаалд тэнцэхгүй, чадахгүй, даанч дээ гэмээр хүмүүсийн талаар санал гараад ирэхээр уучлаарай үнэхээр чадахгүй юм байна л гэдэг. Яагаад гэвэл төрийн сайд гэдэг хүн чинь бас хэн дуртай аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш биз дээ. Боловсрол, туршлага гээд. Би боловсрол гэдэг дээр нэг зүйлийг хэлье. Диплом нэхэж байгаа юм биш. Үнэхээр оюун сэтгэхүй нь хүчтэй, ажлын дадлага туршлагатай, би Монгол Улсын төлөө зүтгэж байна гэдэг сэтгэлтэй хүн сайд болох хэрэгтэй байна. Түүнээс биш боловсрол гэх юм байхгүй, бараг бичиг үсэгт тайлагдаагүй хүн сайд болох гэж байсныг би харж л байсан. Улс орныхоо хувь заяанд хоноцын сэтгэлээр ханддаг тийм хүмүүс сайд болно гээд давхиад ирдэг. Тийм наймааны ширээнд хэзээ ч сууж чадахгүй, суух ч үгүй. Чадвал суухгүй байж байгаад "чад хийх" юмсан гэж боддог. Монголын төр гэдэг тоглоомын байгууллага биш шүү дээ. Хэн дуртай, амбицтай хүний очоод хийдэг ажил ч юм биш. Ард түмний төлөө зүтгэх, сэтгэл зүрхээ зориулж чадах хүний хийх ажил.

-Бидний яриа өөрийн эрхгүй өөр зүйл рүү орчихож. Танаас асуумаар байна. С.Баярын Засгийн газрын хямралыг давах төлөвлөгөөнд байгаа тоо хэрэгжих бодитой зүйл мөн үү? Гаднаас мөнгө олж ирнэ гээд байгаа. Та юу гэж бодож байна вэ?
-Олж ирэх боломж байна. Нэн ялангуяа геопилитикийн хувьд манайхыг сонирхдог хятадууд мөнгө өгөх байлгүй. Оросууд мөнгө өгөх байх. Дуулж байх нээ юунд зарах нь тодорхойгүй байхад 3 тэрбум доллар зээлье гэхэд хятадууд их найрсаг хүлээж авч байна. Уг нь эрүүл ухаантай ямар ч улс орон тэгэхгүй баймаар. Яг юу хийх гэж байгаа юм гэдэг асуулт зүй ёсоор тавигдмаар. Яагаад 5 гэхгүй байгаа юм, яагаад 2 тэрбум биш юм бэ гэж ярих ёстой ёо. Гэтэл өгч болно гэжээ. Би бол геопилитикийн сонирхол байна гэж бодож байна. Өнөөдөр монголчуудыг хүндэрсэн, ядарсан дээр нь тусламж үзүүлэх замаар нөлөөндөө авна гэдэг бол завшаан шүү дээ.

-Үүний ард хоёр толгойн сонирхол нуугдаж байгаа бус уу?
-Тавантолгой ч нуугдаж байгаа, Оюутолгой ч нуугдаж байгаа, за юу. Ураны ордууд маань ч нуугдаж байгаа.

-Та яагаад 3 тэрбум гэсэн гэж бодож байна?
-Би яагаад заавал гурав гэж, яагаад тав биш, яагаад хоёр гээгүй юм бол гэж асуумаар байдаг. Ямар тооцоо байсан юм. Харин тийм зээл өгөх хүн бол бий. Улс төрийн, геополитикийн сонирхлоор. Оросууд ч гэсэн "давай" л гэнэ. Гэхдээ бид ийм зээл авах ёстой юу, үгүй юу гэдгээ бодох учиртай. Гол нь энэ. Жишээлбэл, би нэг зүйлийг нуршаад хэлмээр байна. Хятадын 300 сая долларын зээлээс татгалзаж байсан юм, УИХ тухайн үедээ. Энэ маш зөв шийдвэр байсан. 300 сая долларын зээлээр Эгийн голын усан цахилган станц барья гэдэг санал анх орж ирлээ. Энэ зээлийн төлбөр 20 жилийн дотор хийгдээгүй тохиолдолд Эгийн голын УЦС үл маргах журмаар Хятадын өмчлөлд шилжинэ. Ийм зээлийн гэрээг манай төрийн тэргүүн ичихгүй бариад ирсэн байдаг юм. Зээлээ төлж чадахгүй бол Монголын зүрх, голомт дээр Хятад том цахилгаан станцтай үлдэх байж. Гэтэл Хятадын тал батлан хамгаалах номлолдоо маш ноцтой өөрчлөлт хийж байгаа улс. Гадаадад, хөрш оронд байгаа хятад иргэдийнхээ эрхийг хамгаалахаар, эсвэл Хятадын амин чухал, өмчлөлийн объектэд аюул занал учруулбал Хятад цэрэглэн халдана, Хятадын зэвсэгт хүчнийг ашиглаж болно гэсэн номлол гаргахаар бэлтгэл ажил хийж байна. Жишээ нь 78 онд Хятад Вьетнам руу дайрч ороход яг л энэ номлолоор болсон байдаг. Үүнээс үзвэл Эгийн голын цахилгаан станц баригдсан гэж бодвол, станцад хорлон сүйтгэх үйл ажиллагаа явагдах гэж байна, бид хамгаална гээд цэрэг оруулаад ирвэл бид яах вэ.
Б.Эрдэнэбат гэж Эрчим хүчний сайд байсан даа. Тэр гайхалтай хариуцлагагүй юм барьж орж ирж байсан. Хойд Хятадыг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг Шивээ-Овоод Хятадын "Лүнин" компанитай хамтарч баръя гэж. "Лүнин"-ээ хамгаална гээд хятадын цэрэг ороод ирвэл яах вэ, юу яриад байнаа гэж өөрийн эрхгүй бухимдсан. Бид ямар нэгэн зээл тусламж авч болно, авах ч хэрэгтэй. Би үнэндээ хятад улстай сайн хөршийн харьцаа хөгжүүлэх ашиг сонирхолтой. Энэ бол Монголын хөгжил дэвшлийн баталгаа. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Хятадын эдийн засгийн цэцэглэлт Монголд хэрэгтэй. Хүчин зүйл ч байсан. Үүнийг би сайн мэднэ. Гэхдээ Монгол Улс жижигхэн гэдэг нь тэнэг гэсэн үг биш. Өөрийн ашиг сонирхолтой, өөрийн эрх ашигтай, тусгаар тогтносон улс. Бидэнд аюулгүй байдал гэдэг ойлголт бий. Түүнийгээ хамгаалах сонирхол ч бий. Хуучин Зөвлөлт бидэнд зээл өгөөд л байсан. Яг үнэндээ тэр зээлийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд идээд, цалин болгож аваад явсан. Энд зөвлөлтийн том дивизүүд байлаа. Тэд нар л аваад гарсан байхгүй юу. Харахад Зөвлөлт улс бидэнд өгсөн байдаг. Түүнийг гүйцэтгэгч нь зөвлөлтийн цэргийн анги, аж ахуйн байгууллагууд байсан. СОТ-1, СОТ-2 гээд. Эцэст нь 10 тэрбум долларын өр бидэнд үлдсэн. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаярын хийсэн том ажил бол энэ өрийг тэглэсэн явдал. Бид дээр хэлсэн Зөвлөлтийнх шиг Хятадаас баахан өртэй үлдвэл яана. Тэд өрнийхөө оронд тусгаар тогтнолыг минь нэхвэл яана

-Мөнгө олохын тулд хоёр толгойн гэрээг хийх хэрэгтэй гэдэг санал бодол нийгэмд давамгайлж байгаа. С.Баярын Засгийн газар хэлэлцээр хийгээд л байгаа гэдэг. Гарсан үр дүн байдаггүй. Юун дээр гацаад байгаа юм бол? Хийх хэрэггүй юм уу?
-Хийх хэрэгтэй.

-Яаралтай юу?
-Үнэнийг хэлэхэд яаралтай хийх хэрэгтэй. Яагаад гэвэл манай эдийн засгийг хөгжүүлэх маш том түшиг тулгуур, хөшүүрэг болно. Бид Өрнөдийн томоохон хөрөнгө оруулагчдыг эртхэн оруулсан бол өнөөдөр энд тэндээс мөнгө царай алдаж явахгүй байсан. Бидэнд валюын сан өөрсдөө туслах байсан. Бидэнд дэлхийн банк өөрсдөө туслах байсан. Том хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг бодож, Америкийн Засгийн газар бидэнд туслах байсан. Европын холбоо бидэнд туслах байсан. Бид мөнгө гуйж, "бадар барьж" явахгүй байлаа. Дэлхийн брэнд болсон, үндэстэн дамнасан тэр корпорациуд ороод ирсэн бол ирээдүйд хүлээгдэж байгаа орлогоороо олон улсын зах зээл дээр Засгийн газар үнэт цаас гаргаад зарахад л манайд мөнгө ороод ирэх байсан. Ирээдүйд олох орлого нь том гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байгаа учраас тэр.

-Гэрээг хийнэ гэж яриад л байдаг. Цаг алдсанаас "алт, "мөнгөн" үе нь өнгөрсөн. Хэний буруу вэ? Улс төрчдийн үү, иргэний хөдөлгөөнхний юу?
-Улстөрчид, иргэний хөдөлгөөнийхнийг бол би наана харагдаж байгаа үзэгдэл гэж хэлье. Миний хар сэр юу гэж хэлээд байдаг вэ гэвэл ерөөсөө л далдуур хоёр хөрш маань манайхыг хяналтнаасаа гаргах дургүй байна. Америкийн, Японы, Австралийн Засгийн газрыг дуудаад аваад ирж чадах тэр том том, улс төрийн хувьд ч жинтэй, нөлөөтэй барууны хөрөнгө оруулагчдыг манайд оруулахгүй байхаар л ажиллачихлаа ш дээ, өнгөрсөн хугацаанд. Тэрнээс манайд гудамжинд болж байгаа үзэгдэл бол наана харагдах хэсэг нь. Ер нь энэ үнэнийг олон түмэнд хэлэх ёстой гэж би боддог.

-Тэгэлгүй яах вэ ард түмэнд үнэнийг хэлэх ёстой. Манайхан өөрсдөө мэдэлгүй хийсэн хэрэг үү? Мөнгөө өгөөд хийлгэсэн үү?
-Яаж хийлгэснийг би хэлж мэдэхгүй ээ. Ер нь социализмын үед капиталист орны хөрөнгө оруулагчдыг мөлжигчид гэдэг байсан хүйтэн сэтгэл сэрж байх шиг. Би яагаад сая хоёр хөршийн далдуур хийж байгаа ажил гэж хардаж байна гэвэл манай түүхэнд ийм юм болсон байхгүй юу. 1930-аад онд "Гадаадын капиталыг шахан зайлуулъя" гэдэг асар том кампанит ажил тэр үеийн төрийн дээд эрх барих байгууллагаас санаачилсан юм гэнэ лээ. Тэгээд үзэл суртлын асар том кампани яваад, тэр үед хөөрхий минь жижигхээн, Голландын ч юм уу, Америкийн худалдаачид, компаниуд байсныг бүгдийг хөөж гаргасан байдаг. Энэ бол Коминтерний заавраар хийсэн ажил юм шүү дээ. Тэгээд Монгол шууд л Зөвлөлтийн эдийн засгийн хавсарга болсон байдаг. Сая Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалт хийх энэ ажил эхэлмэгц аль өнгөрсөн зууны 30-аад оны үеийн гадаадын капиталыг шахан зайлуулах кампанит ажил ахиад "амь орлоо" доо. Америкууд идэх гэж байна, канадууд мөлжих гэж байна гэсэн том кампанит ажил яваад л унагалаа ш дээ.

-Таны бодлоор хамтарсан Засгийн газар хэр ажиллаж байна вэ? Хамтраад үр дүн байна уу. Та хамтрахыг эсэргүүцэж байсан даа…
-Одоо бол би хамтарсан Засгийн газар байгуулах нь зөв байсан уу гэж ярих сонирхолгүй болоод байна. Байр сууриа Засгийн газар байгуулахад илэрхийлж байсан. Одоо нэгэнт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах ёстой гэж хэлээд байгаа. Яахав сүүлийн үед хамтардаг нь зөв болсон юм байна гэж бодогдож байна. Яагаад гэвэл энэ хямралыг бид улстөржиж давахгүй.

-Хамтраагүй бол улстөржих байсан гэж үү?
-Улстөржих байсан. Улстөржсөн бол хямралаас бүр гарч чадахгүй. Энэ хямралаас гарч чадах ганц арга бий, тэр бол хамтарч ажиллах. Хүчээ нэгтгэж, нийлүүлж. Хамтарсан намууд ч, төр иргэд ч адил. Ингэж бүх нийтийн хамтын ажиллагааны үр дүнд гарна. Германд эдийн засгийн хямралыг хэн ч улстөржүүлэхгүй байна. Англид ч мөн адил. Харин яавал хямралаас гарах вэ гэж байна. Хамгийн том 20 орон нийлээд яаж хамтрах вэ гэж яриад байна ш дээ. Хамтрахгүй бол гарахгүй нь гэдгийг хаа сайгүй хэлж байна. Глобал хямралын энэ удаагийн онцлог бол хамтын хүчээр хямралаас гарах гэдгийг хэлсэнд байгаа юм. Өрсөлдөгч улс орнууд хамтраад хямралаас гаръя гээд байхад бид өөр хоорондоо улс төрийн оноо хайж хэрэлдэж сууна гэдэг бол мунхагаа харуулсан хэрэг болно.

-Хамтрах гэдэг нь заавал сайдын суудал хуваах бус бодлогоо гаргахдаа ойлголцохыг хэлэх байх л даа. За яахав. Гэхдээ сөрөг хүчингүй парламент таны түрүүн яриад байсан Үндсэн хуулийн зарчмаас хазайх юм биш үү?
-Тийм л дээ. Би анх хамтарсан явдал Засгийн газар парламентын хяналтыг байхгүй болгож байна гэж эсэргүүцсэн. Ардчилсан парламентат ёсонд сөрөг хүчин нь парламентын хяналтын үүргийг гүйцэтгэдэг ёстой. Тэр байхгүй боллоо. Энэ бол факт.

-Таны хэлдгээр жинхэнэ нэг ангийнхан болжээ…
-76-улаа ч олигархи биш шүү. Энэ дотор улс орноо гэсэн сэтгэлтэй хүн бий. Байгаа гэдэгт ч би итгэдэг. Харин одоо бидэнд хэн нь хэнийгээ хянах вэ гэдэг жич асуудал боллоо. Хямралаас яавал гарах вэ гэдэг дээр санаагаа нэгтгэхээс аргагүй. Манайд төдийгүй дэлхийн бүх оронд эрх баригч болон сөрөг хүчин хамтарч ажиллаж байна.

-Намууд бүх төвшинд хамтарлаа, Ерөнхийлөгчийн сонгуульд яах бол гэсэн ажиглалт байна. Бас хамтраад хүн дэвшүүлэх юм болов уу… Тэгвэл нөгөө ардчиллыг дэмжиж байсан иргэдийнхээ дэмжлэгийг авах болов уу?
-Хэдийгээр хамтарч Засгийн газар байгуулсан ч гэсэн намууд өөр өөрсдийн хүнээ ерөнхийлөгчид нэр дэвшүүлнээ. Энэ бол манайд шинэ зүйл биш. Практик бий. Засгийн газарт хамтарсан хоёр нам тус тусдаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. Өмнөх практикт нэг гор бий. Манай намаас нэр дэвшсэн М.Энхсайханыг манай намын Засгийн газарт хамтарсан хүмүүс их муу дэмжиж байсан. Дургүйд хүчгүй гэгч болсон. Энэ удаад тийм хөгийн улс төр болохгүй байх гэж найдаж байна.

-Нэр дэвшсэн хүндээ байсан юм уу, намдаа байсан юм уу шалтгаан нь?
-Би тааж яримааргүй байна. Гэхдээ тэр үед зарчимгүй байсан гэдгийг л харин хэлье.

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ оны өмнө мэдэгдсэн. Одоо намынхаа Их хурлаас эрх авах ёстой. Танд ийм боломж байгаа юу?
-Би намын Их хурлаасаа нэр дэвшиж чадна гэж бодож байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдье гэж яагаад зорьсон бэ гэвэл хүмүүсийн хүсэн хүлээж байгаа тэр өөрчлөлтийг хийе гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би албан тушаал шохоорхоогүй. Шохоорхдог ч үгүй гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Тэр зарчмаа барьж өдий хүрсэн. Төр олигархижиж байгаа үйл явцыг таслан зогсооё. Ардчиллаа авч гаръя. Харин ч илүү өргөн ардчилал рүү явъя. Ийм том өөрчлөлтийг хийе. Төрийн дээд эрх мэдлийг барих УИХ-ыг хоёр танхимтай болгоё гэж бодож байна. Үндсэн хуульд ийм нэмэлт өөрчлөлт хийе гэсэн саналыг хэрвээ Ерөнхийлөгч болж чадах юм бол тавина гэж бодож байна. Энэ л миний хүсч байгаа зүйл. Хууль тогтоох эрх мэдэлтэй, байнгын ажиллагаатай доод танхим. 50 хүнтэй, цомхон. Үүний дээр байнгын бус ажиллагаатай Их хуралдай ч гэдэг юм уу тийм дээд танхимтай болъё. Дээд танхим байнгын бус ажиллагаатай учраас хөрөнгө мөнгө шаардахгүй. Дээд танхим ард түмний засаглах эрхийг хангана. Дээд танхим цуглаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгчийг сонгоно. Ийм өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж бодож, зориг шулуудсан. Үүнийг манай намын нөхөд ойлгож, дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байгаа.

-Ардчилсан намаас Ц.Элбэгдорж нэр дэвших байх гэсэн яриа байгаа. Таны гол өрсөлдөгч байж болох, нам дотроо. Бусдыг бол ярих нь зохисгүй байх. Та Ц.Элбэгдоржтой уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярьсан уу?
-Манай нам бол гайхалтай ардчилсан нам. Үүнийг бүгд мэднэ. Бид хийх ажлынхаа хөтөлбөрийг бариад л өрсөлдөнө. Л.Гүндалай дэвшинэ гэнэ. Сонин хэвлэлээр бол нэлээд хэдэн хүн нэр дэвшихээ илэрхийлсэн байна лээ. Эрхтэй юм чинь бололгүй яахав. Ардчилал маань амиа тавьчихаагүй байна. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд нам хагарахгүй байх ёстой. Энэ л зарчмын хувьд чухал зүйл. Ц.Элбэгдоржтой уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яахав ийхэв гэж яриагүй л байна.

-Та өрсөлдөгчөө хэрхэн харж байна вэ? МАХН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөнө гэдэг ганц хүнтэй "үзэхгүй", бүхэл бүтэн төрийн машинтай үзнэ гэсэн үг нуулгүй хэлэхэд. МАХН-аас Н.Энхбаяр эсвэл С.Баяр гээд тун хүчтэй өрсөлдөгч байх болно. Энэ хүмүүсийн тухайд юу хэлэхсэн бол. Та ялах болов уу?
-Би энэ удаад ялна гэж бодож байна. Би хэн нэгэн хүний тухай яримааргүй байна. Мэдээж хувьсгалт нам асар их хөрөнгөтэй, нэр дэвшигч нь ч их хэмжээний хөрөнгө мөнгө хаяж чадна. Хувьсгалт нам төр захиргааны байгууллагын 80 гаруй хувийг хянаж байна. Орон нутгийн эрх мэдлийн 80 орчим хувийг атгаж байна. Сонгуулийн саналыг яаж өгүүлэх вэ гэдэг сүлжээ хувьсгалт намын гарт байгаа. Яг энэ физик хүчээр ярих юм бол хувьсгалт намтай үзнэ гэдэг хүнд ээ. Гэхдээ би яагаад ялнаа гэж найдаад байна гэвэл хүмүүс өөрчлөлт хүсч байна. Би тэр хүсч байгаа өөрчлөлтийг өгч чадна. Түрүүнд миний хэлснээр хамгийн боломжийн хүрээнд хамаарах хүн хүртэл бухимдаад хувьсгал хүсэхдээ хүрч байна. Тийм хэмжээний өөрчлөлт хүсч байна. Тэрийг би хийе гэж байгаа учраас ард иргэд маань дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Өөрчлөлтийг ард түмэн хүсч байгаа цагт хэнбугай ч тэрний эсрэг зогсож чадахгүй. Үүнийг би 90 онд биеэрээ харсан. 96 онд бас харсан. Хувьсгалт нам 96 онд өнөөгийнхөөсөө ч хүчтэй нэгдэл нягтралтай байсан юм шүү. Гэтэл хүмүүс өөрчлөлт хүссэн. Хувьсгалт намыг бид үнэмлэхүй ялж байлаа. Өөрчлөлтийг хүсч байгаа үед тэр физик хүч яаж ч чаддаггүйг харсан. Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүс албан тушаал сонгох гэж орохгүй ээ.

-Хүмүүсийн дунд төрийн эрх мэдэл нэг намын гарт орлоо, ардчилсан Ерөнхийлөгчтэй байх хэрэгтэй гэсэн санаа бодол давамгайлах хандлага байна гэж ажиглагчид үзэж байна. Долдугаар сарын нэгний үйл явдлаас үүдэлтэй айдас нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Та үүнийг олж харсан уу?
-Долдугаар сарын нэгэнтэй холбогдуулаад олон түмэн ийм санаа бодолтой байна гэж би мэдэмхийрч чадахгүй. Түрүүний хэлснээ давтъя. Хүмүүс өөрчлөлтийг хүсч байна. Тухайлбал, намайг энэ тухай ярьж байхад чиний нүүрэн дээр ч гэсэн өөрчлөлтийг хүсч байгаа чинь харагдаж байна ш дээ. 90 оны өмнө өөрчлөлт ярихаар хүмүүс давалгаалаад л байдаг байсан. Одоо яг тийм байна. Энэ эдийн засгийн хямрал тэр өөрчлөлтийг хүссэн санаа бодлыг улам эрчлээд хаячихлаа. Өөрчлөлт биш хувьсгал ч болж мэдэхээр байна. Бухимдал асаад эхэлбэл.

-Долдугаар сарын 1-ний явдал таны яриад байгаа өөрчлөлтийг хүссэний илрэл байсан юм болов уу?
-Би чамд хэлсэн дээ. Жил гаруйн, тодорхой хэлбэл, УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнөөс хүмүүсийн нийгмийг өөрчлөх санаа бодол, хүсэл зориг, "наастр" өндөр байлаа ш дээ. Тэгсэн дүн нь шал эсрэгээрээ гараад ирэхэд олон хүн бухимдсан. Долдугаар сарын 1-ний гол учир шалтгаан тэр. Өөрчлөлтийн санаа бодлоо хүмүүс одоо ч хаяагүй, 2008 оны сонгуулиар хэрэгжүүлж чадаагүй учраас.

-Ард түмэн, ялангуяа ардчиллыг дэмжигчид таныг шүтэн биширдэг. Үүл, Үүл гээд л байдаг. Та ер нь Ерөнхийлөгч болох гээд бэлтгэж байсан юм биш үү, эртнээс? Сайд болж нэрээ шаварт хутгахгүйгээр?
-Бэлтгэж байгаагүй ээ. Би түрүүнд хэлсэн. Би яагаад сайд, Ерөнхий сайд болоогүй вэ гэхээр улс төрийн арилжаа, наймаанд ороогүй учраас. Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан. Би хуйвалдаанд орохгүй гэсэн учраас буцаасан.

-Та одоо ерөнхийлөгчид нэр дэвшихээр санаа шулууджээ. Улс төрийн наймаа тохиролцоо хийе гэвэл яах вэ?
-Хэрвээ шударгаар өрсөлдөхийн оронд ямар нэгэн наймаа тохиролцоо ярих юм бол би үгүй гэнэ. "Чамайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлье, тэгэхдээ ингэе тэгэе" гэвэл "байдаг дүрэм журмынхаа хүрээнд л өрсөлдье, үгүй бол болъё" гэж хэлнэ. Магадгүй ингэж хэлснээрээ би нам дотор ялах боломжоо алдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ би наймаа тохиролцоонд орохгүй. Хэнтэй ч тэр. Улс төр гэдэг зах зээл, бизнес биш, өөр зүйл. Улс төр гэдэг 2.8 сая хүний төлөө зүтгэхийг хэлж байгаа юм. Би эх нутагтаа хоноц биш. Миний үр хүүхэд, ач зээ нар минь энд амьдарна. Би эх орондоо сэтгэл хангалуун амьдармаар байна. Япон, Швейцари ямар гоё юм бэ гэж шүүрс алдаж явмааргүй байна. Ард түмнийгээ ч тэгэж явуулмааргүй байна. Энэ миний гэр орон. Миний аавын маш гайхалтай онож хэлсэн үг байдаг. Миний эх орон-миний тоонот гэж. Би эх орныхоо төлөө зүтгэх ёстой. Зүтгэнэ.

-Та Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс ямар ялгаатай Ерөнхийлөгч байх вэ, ялбал?
-Тэрийг би нэр дэвшсэнийхээ дараа хэлье.

-Долдугаар сарын 1-ний талаар улстөрчид ярихаас цэрвээд байх юм. Таныг тэгнэ гэж бодохгүй байна. Хүмүүс буудуулж амь насаа алдлаа. Олон хүн шоронд орж байна. Гэтэл ганц найдлага төрүүлж байсан Ардчилсан нам чимээгүй байна. Буудах тушаал өгсөн хүнийг олохгүй өнгөрөх бололтой. Ер нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг шиг бүдгэрсээр мартагдах нь уу гэсэн бодол байна.
-Тушаал өгсөн эзэн тодрохгүй байна гэсэн ойлголт байдаггүй юм. Цагдаагийн тухай хуулинд тодоос тод байгаа. Энд цагдаа галт зэвсэг хэрэглэх бол зөвхөн дээд тушаалын албан тушаалтнаас зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэдэг гэж заасан. Тушаал өгсөн байж л зэвсэг хэрэглэсэн байж таарна. Би хэвлэлээр хэлж байсан. Одоо бие биенийгээ яллах гэж улайрдаг цаг биш. Бидний бүгдийн алдаа байсан. Сонгуулиа шударга явуулж чадаагүй. Болзошгүй ийм аюулд хэн маань ч бэлэн биш байлаа. Ноцтой аюултай, нийгмийг хамарсан өргөн мөргөлдөөн болох аюул болохыг үгүйсгэх аргагүй байсан ш дээ. Одоо л хүмүүс мартагнаад байгаа болохоос. Тэр өдөр нийгэм даяар ямар түгшүүртэй байсныг санаж байна. Буу дуугарч, байшин шатаж, цагдаа иргэдтэй мөргөлдөж, хэзээ ийм юм болж байлаа.

-Сонгуулийн дүн будилуулсан нь МАХН-ын буруу гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар иргэдээ өмгөөлөх, хамгаалах зүйл хийхийг хүмүүс Ардчилсан намаас хүсч байсан. Гэтэл ажлын хэсэг байгуулсан болоод чимээгүй болсон. Тэр дундаа та дуугарахгүй байгаа нь таны имижэд нэг л тохирохгүй байх шиг санагдаад байна.
-Сонгуулийн будилаан ардчилал өндөр хөгжсөн орнуудад ч гардаг. Гэхдээ тэрийг хүчирхийллийн аргаар шийддэггүй. Тэгэх л юм бол нийгэм үймж, иргэний дайнд хүртэл хүрдэг. Өнө удаан тогтворгүй байдалд ордог. Маргаан байгаа бол хуулинд юу гэж заасан байна түүгээр явах учиртай. Би энэ зарчмыг барьсан.

-Та Хэнтийн Сэрүүн Галттайн байх аа. Аавын тань магтан дуулж, Монгол хүн болгонд танил болгож, дуурсгасан тэр нутгийн хүү. Тэгээд яагаад энд тэндгүй нэр дэвшээд явдаг юм бэ? Хөвсгөл, Сэлэнгэ гээд. Лидер болохоор хаана ч гарна гээд тулгадаг юм уу?
-Аав Биндэр, ээж Батширээтийнх. Хэнтийн зэргэлдээ сумынхан. Лидер гэдэг нь юу юм. Сэлэнгэд нэр дэвшсэн нь газрын шинэчлэлийг хийх гэсэнтэй л холбоотой. Энэ л хүсэл зорилгодоо хөтлөгдөж очсон хэрэг шүү дээ. Би нутагтаа хайртай байлгүй яахав. Аавын минь тоонот. Гэхдээ төрийн бодлого тодорхойлох хүнийг нутгархаж сонгох нь буруу. Яагаад гэвэл сонгогдож гарч ирээд ард түмний элч болдог юм шүү дээ.

-Та хураасан хөрөнгө зоосьгүй гэж хэвлэлд ярьсан байдаг. Гэтэл өнөөдрийн сонгуулийн тогтолцоо хөрөнгө мөнгөтэй хүнд зориулагдсан гэж та дээр хэлсэн. Та ер нь хэний мөнгөөр улс төр хийдэг юм бэ?
-Дэмжигчдийнхээ. Хүмүүс надад итгэж найдаж байгаа нь их сайхан санагддаг. Хүмүүс дэмжлэг харамгүй өгч байгаа нь өөрөө өөрөөрөө бахархах сэтгэлийг төрүүлдэг.

-Таны хэлээд байгаа өөрчлөлт, хувьсгалыг яаж хийх вэ? 90 оных шиг юм болох уу… Долдугаар сарын 1-нийх шиг юм болбол яах вэ? Эсвэл Ерөнхийлөгчийн өндөрлөгөөс аажуу тайван тогтолцоог өөрчлөх замаар хийх юм уу? УИХ-ын гишүүний индэр өөрчлөлт хийхэд хангалтгүй байна уу?
-Энэ талаар нэр дэвшсэнийхээ дараа тодорхой яръя.

Ярилцсан С.ГАНТОГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж