Төв цэнгэлдэхэд хуушуур элбэг, айраг ховор байна

Хуучирсан мэдээ: 2017.07.11-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэхэд хуушуур элбэг, айраг ховор байна

Монгол түмний цэнгэл үндэсний их баяр наадам дэнж хотойлгон өргөн дэлгэр үргэлжилж байна.

Наадам болгоны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн хуушуур.  Зуны халуун өдрүүд үргэлжилж байгаа учраас хүйтэн ундаа, нүүрэн дээр наадаг шивээс, нарнаас хамгаалах шүхэр гээд эрэлт ихтэй бараа бүтээгдэхүүн олон бий.

Жил жилийн наадмаар Төв цэнгэлдэх, Хүй долоон худагт зах шиг бараа зардаг байдлыг эсэргүүцэх наадамчид олон байдаг. Хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн байж болох ч өмд, гутал, хувцас гээд захын лангуугаа нүүлгээд ирдэг “үзэгдэл”  энэ жил ч мөн хэвээр аж. Явган хүний зам дагуух худалдааг хүмүүс дор дорноо л шүүмжилнэ.  

Одоо харин Төв цэнгэлдэхэд ямар бараа бүтээгдэхүүн элбэг байгааг сонирхуулъя.

Наадмын хуушуур 1000 төгрөг

Хүй долоон худагт ч, Төв цэнгэлдэх хүрээлэнд ч  хуушуурыг нэг ширхэгийг нь 1000 төгрөгөөр худалдаалж байна.

Хуушуур дууссан” гэдэг үе ард үлджээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 400 гаруй аж ахуй нэгжид хуушуурын зөвшөөрөл олгосон аж. Гэхдээ зөвхөн хоолны чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжид зөвшөөрөл өгсөн нь эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх зорилготой гэдгийг албаныхан онцолсон. Хуушуурын адил гүйлгээтэй байгаа нэгэн бараа бол хөргөгчний хүйтэн ундаа, мөстэй кола. Нартай, бүгчим байгаагаас хүйтэн ундаа, ус эрэлттэй бараануудын нэг хэвээр байна.

Төв цэнгэлдэхэд айраг ховор байна

Наадмыг айраггүйгээр төсөөлөх аргагүй. Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жил айраг тун ховор байгааг наадамчин олон ам уралдан ярилцаж байна. Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний тусгай зөвшөөрөл олноор олгосон. Үүнд айраг худалдаалах зөвшөөрөл ч олгогджээ.

Гэвч Төв цэнгэлдэхэд айраг их ховор байна. Нэг аяга айраг 4000-5000 төгрөгийн үнэтэй.  Хүй долоо худагт “Айраг фестиваль” зохион байгуулагдаж байгаа. Уг арга хэмжээний хүрээнд айраг бүлэх, дэмбээдэх зэрэг уламжлалт наадмуудыг зохион байгуулахаас гадна нэг тонн орчим айргийг наадамчин олонд худалдаалахаар зохион байгуулагчид бэлтгэжээ.

Наадамчин  олон Төв цэнгэлдэх хүрээлэнгээс айраг олохгүй бол Хүй долоо худгийг зорьж болно. Айргаараа алдартай Булган аймгийн Сайхан  сумын айраг амтлах боломжтой юм байна.

Бяцхан наадамчдын эрэлттэй үйлчилгээ шивээс

Жил бүрийн наадамд оролцогчид Төрийн далбаа болон  соёмбо зэрэг олон төрлийн шивээсээр нүүр, гар зэргээ гоёдог. Энэ жилийн хувьд ч хамгийн эрэлттэй бөгөөд урт дараалал ихтэй үйлчилгээнд шивээс багтаж байна.

Шивээс олон төрлийн, төрлөөсөө хамаарч шивээсний үйлчилгээ 1000 төгрөгөөс эхэлж байна. Хүүхдүүд шивээсийг илүү их сонирхож байгаа юм. Том жижиг, төрийн далбаа, соёмбо зэрэг нь бүгд өөр, өөрийн гэсэн үнэтэй.

Ш.ОЧ

Гэрэл зургийг Э.ЭНхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж