Төв цэнгэлдэх хүрээлэнд гал гарч, нэг хүн хүнд гэмтэж, нэг хүн хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, Төв цэнгэлдэхийн зүүн талд байрлах 50, 51-р асарт хуушуур худалдаалах үйлчилгээ эрхэлж байсан аж ахуй нэгжийн асар салхинд хийсч, хуушуур хайрч байсан гал дээр унаж гал гарсан байна. Урьдчилсан байдлаар газны хошуу мултарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Нийслэлийн онцгой байдлын шуурхай баг газар дээр нь ажиллаж, гал гарсан шалтгааныг тогтоож, яаралтай арга хэмжээ авчээ.
Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч Г.Энхцолмонгоос тодруулахад, “Хүчтэй салхи салхилснаас болж асар хийсэж, хуушуур хайрч байсан гал дээр унаснаас хоёр хуушуурын асар шатсан. Галын улмаас тогооч эмэгтэй хүнд гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн бол нэг хүн нь хөнгөн хэлбэрийн гэмтэл авсныг эмнэлгийн анхан тусламж үзүүлж мөн эмнэлэгт хүргээд байна. Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт хуушуурын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд галын аюулгүй байдлаа чанд сахиж ажиллахыг анхааруулж байна” гэлээ.
А.Сүрэн
16.33
Газны хошуу мултарснаас нэг хүний шуу гэмтжээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд газ дэлбэрснээс хоёр хүн гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар бид Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодруулахад ‘Газ дэлбэрээгүй. Харин газны хушуу мултарч хуушуурны гал дээр унасан учраас нэг хүний гарынх нь шуу гэмтсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, Онцгой байдлын алба, Яаралтай түргэн тусламжийн баг газар дээр нь ажиллаж шуурхай арга хэмжээ авч байна” гэсэн мэдээллийг өглөө. Төв цэнгэлдэх хүрээлэнд Онцгой байдлын алба, цагдаагийн газрын албан хаагчид болон эрүүл мэндийн яаралтай тусамж үйлчилгээ зэрэг байгууллагууд ажиллаж байгаа юм.
Ш.ОЧ
15.46
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон хоолны газар олноор ажиллаж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт байрлах нэгэн хуушуурны газар газ дэлбэрчээ. Одоо тус газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байна. Газ дэлбэрснээс хоёр хүн гэмтжээ. Хоёр хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн, нэг иргэний үс нь хуйхлагдсан бол нэг иргэн нь хөнгөн гэмтсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд хуушуур хийж худалдаалж байгаа газар олон байгаа бөгөөд аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг Наадмын комиссоос анхаарууллаа.
Ч.БОЛОР