”Би баргийн үгэнд цочдог хүн биш”

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

”Би баргийн үгэнд цочдог хүн биш”

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагватай ярилцлаа.

    -Эдийн засгийн байнгын хороогоор Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын асуудлыг хэлэлцэхэд та яагаад суусангүй вэ?

    -Гишүүдийнхээ үгийг сонсохгүй, “дуугүй гараа өргө” гэж байхад би хуралд суугаад яах юм.

    -Танай байнгын хороон дээр аль нам нь олонхи вэ?

    -Манайх олонхи байх аа.

    -Өчигдөр МАН-ын бүлгийн хурлыг ч гэсэн та орхиод гарсан. У.Хүрэлсүх дарга та нарыг ална, шулна гэсэн. Юунаас энэ маргаан үүссэн юм бэ, нөгөө намын даргад явуулсан ил захидлаас уу?

    -Захидлын асуудлыг бүлгийн хурлаар яриагүй шүү дээ. Бүлгийн хурлаар уг нь намын ерөнхий нарийн бичгийн даргын БНХАУ-д хийсэн айлчлалын мэдээлэл хийсэн юм. Гэтэл хурлын төгсгөлд Ц.Даваасүрэн гишүүн, У.Хүрэлсүх дарга хоёрын хооронд жижигхэн маргаан болсон. Нөгөө захидлын асуудлыг л сөхөж ирээд байсан л даа.

    -Хэн эхэлж гаргаж ирсэн юм?

    -У.Хүрэлсүх дарга. Уг нь бол намын дарга энэ асуудлыг Удирдах зөвлөлөөрөө яриад, эргээд хариу өгнө гэсэн. Гэтэл гэнэтхэн У.Хүрэлсүх дарга энэ асуудлыг босгож ирээд, гомдол ч юм уу, бухимдлаа гаргаад эхэлсэн. Тэгэхээр нь Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр “Ийм асуудлыг ингэж ярьдаггүй юм. Хэрвээ ярих гэж байгаа бол бүлэг дээр асуудлаа албан ёсоор оруулж ирээд ярья” гэсэн. Тэгтэл л Ц.даваасүрэн гишүүнийг элдвээр хэлээд эхэлсэн.

    -Юу гэж?

    -Янз янзын л үгээр хэлсэн. Үг бол байдаг л, хэлдэг л үг нь шүү дээ. Ингэж хэлэхээр бас зөвтгөсөн болчих байх. Гэхдээ нуугаад яах вэ дээ, тэртэй тэргүй та нар бүгд л мэдэх юм чинь. Ална шулна, бөөс энэ тэр ч гэл үү. Нэг намынхаа нөхрийг, нэг үйл хэргийн төлөө хамт тэмцэж яваа нөхрөө тэгж элдвээр хэлүүлээд байхыг хэн ч тэвчихгүй биз дээ.

    -Та тэгэхэд “Хуулийн байгууллагаар шалгуулна” гээд гарч явсан, таныг ч гэсэн “ална” гэсэн юм биш үү?

    -Би бол барагтай үгээр үг хийгээд явдаг хүн биш. Тэгээд ч өөрөө бас хүнд хааяа хатуу үг хэлчихдэг хүн. Тийм учраас ална шулна гэдгээс нь нэг их айгаагүй. Гэтэл “Чиний эсрэг намын залуусыг хөдөлгөнө шүү” гэж байгаа байхгүй юу. Залуусын байгууллага гэдэг нь юу билээ, хэн билээ. Хүн сүрдүүлдэг байгууллага уу. Түүнд нь уур хүрээд хуулийн байгууллагад хандана гэсэн.

    -Та тэгээд тэр дор нь яагаад мэдээлэл хийгээгүй юм бэ? Энэ чинь эр улсын хооронд байдаг л нэг яриа ч биш, сүрдүүлэг, шахалт дарамт байна шүү дээ?

    -Нэгдүгээрт би өөрөө их цочирдож, бухимдсан байсан. Хоёрдож У.Хүрэлсүх дарга ч бас хэлсэн ярьснаа эргэж бодох болов уу гэж бодсон юм. Тиймээс яаран янз бүрийн юм ярихыг бодоогүй. Би бас уурандаа илүү дутуу зүйл хэлбэл яах юм.

    -Захидлыг та нар намын даргадаа өгсөн. Асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцээгүй байсан. Тэгэхээр У.Хүрэлсүх даргын энэ үгийг хувийнх нь араншин гэж ойлгох уу, эсвэл намын даргын байр суурийг дамжуулсан гэж үзэх үү?

    -Харин мэдэхгүй. Тийм л товчхон яриа болсон. Процедурын хувьд бол тэр асуудлыг өчигдөр ярих, маргаан үүсгэх шаардлага байгаагүй. Бүх юм дүрэм журмынхаа дагуу явах байсан. Удирдах зөвлөл дээр асуудлаа яриад хариуг нь өгөх юм байна гэж бодож байсан. Ядаж бүлгийн хурал дээр албан ёсоор асуудал оруулж ирээд ярих ёстой байсан. Тэгэлгүй хурлын төгсгөлд нэг тийм мэдээлэл ч юм уу, тунирхал ч юм уу сонин байдлаар үг хэлчихээр хоёрын хооронд маргаан болоод өнгөрсөн л дөө. Энэ нь жаахан ёс зүйгүй л харагдсан. 

    -Ийм тохиолдолд та шүүхэд гомдол гаргах ёстой юу, эсвэл намынхаа Ёс зүйн хороонд гомдол гаргах уу? Ер нь УИХ-ын гишүүнийг ингэж дарамталж болох уу?

    -Дарамт гэж ойлгох уу, зүгээр болчимгүй үг хэллээ гэх үү. Ямар ч байсан энэ үгнийх нь төлөө хуулийн байгууллагад хандана гэж бодож байна. Эхний удаад УИХ-ын гишүүнийхээ хувьд УИХ-ын даргад хандана. Цаашид яахаа бодоогүй байна. У.Хүрэлсүх дарга ч өөрөө ямархуу бодолтой явааг нь мэдээгүй байна.

    -Уучлал гуйх ч юм уу, ямар нэг байдлаар эргэж холбоо бариагүй юу?

    -Үгүй л байна. 

    -УИХ-ын дарга жишээ нь У.Хүрэлсүхэд ямар арга хэмжээ авах юм, гишүүн бус хүнд. Эсвэл УИХ-ын нэрийн өмнөөс МАН-д хандах юм уу?

    -Ямар ч байсан УИХ-ын гишүүний хувьд би УИХ-ын даргад хандана. Дараа нь хаана хэнд хандах вэ, нам руу хандах уу, хуулийн байгууллагад хандах уу гэдгээ бодож, цэгнэж л байна. УИХ-ын дарга бол миний дарга, намын дарга бол бид хоёрын хоёулангийнх нь дарга.

    -Залуучуудаа чиний эсрэг хөдөлгөнө гэдгийг та юу гэж ойлгосон бэ?

    -Миний эсрэг хөдөлгөнө гэж байгаа юм уу, бид дөрвийн эсрэг гэж байгаа юм уу, мэдэхгүй. Би ч бас баргийн үгэнд цочирдоод байдаг хүн биш. Энэ удаа бол цочирдсон. У.Хүрэлсүх бид хоёрын хувьд өмнө нь маргаж байсан, ойлголцож ч явсан. Ярилцаж зөвлөөд, хамтарч ажиллаад шийдсэн зөндөө л олон асуудал бий. Аль юман дээр маргахыг тэр гэх вэ. Гэтэл зодно занчина, залуусыг хөдөлгөнө гэж хэлсэн учраас хуулийн байгууллагад нь хандана гэдгээ хэлсэн. У.Хүрэлсүх эр хүн шиг эрх хүн байж болно, тийм гэдгийг нь ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ юм бүхнийг булчин шөрмөсөөрөө шийдээд, бид мэт нь айж гүйгээд байж болохгүй биз дээ. Ямар архины ширээний ард уулзсан биш, ажил ярьж байна шүү дээ.

    -Гэвч залуучуудын байгууллага гэдэг маань юу вэ? Нөгөө л банк иддэг, казино тоглодог, бие биенээ хутгалдаг гэсэн имиджээсээ салж чадсан юм уу?

    -Манай залуучуудын байгууллагад эрүүл саруул үзэлтэй олон мянган залуучууд байдаг гэж хүндэтгэж явдаг. Үргэлж дэмжиж ирсэн, одоо ч дэмжинэ. Гэхдээ залуучуудын байгууллагын удирдлага дотор тодорхой хэмжээнд ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүс бий, түүнийг бас шүүмжлэх ёстой. Гэхдээ У.Хүрэлсүх залуучуудын байгууллагыг хөдөлгөнө гээгүй шүү, залуучуудаа хөдөлгөнө гэсэн. Үүгээрээ намайг айлгах гэсэн юм уу, эсвэл тунирхаад байгаа юм уу, мэдэхгүй. Тэгээд тэр үедээ би цочирдож уурлаад “Хуулийн байгууллагад хандана” гээд хэлчихсэн. Нэгэнт хэлчихсэн юм чинь эхний ээлжинд УИХ-ынхаа даргад хандана.

    -Намын зүгээр нэг гишүүн бус, намын ерөнхий нарийн бичгийн дарга нь, Ёс зүйн хорооны даргатайгаа сууж байгаад ийм үг хэлж байна гэхээр та намдаа хандаж асуудал тавихын хэрэг байгаа юм уу?

    -Нам гэдэг чинь энэ хоёр хүн биш шүү дээ. Намын мянга мянган гишүүн сая намынхаа бат илэрхийлэхийг аваад, духандаа хүргэж адислаад явж байна. Тэр олон гишүүний итгэл үнэмшлийг ганц хоёр хүний ааш авираар жишиж, намыг үгүйсгэж болохгүй. Намын удирдлага, удирдах зөвлөл, Бага хурал, Их хурал гэж байна. Бухимдаж уурлахдаа бодлогогүй үг хэлсэн байж болно, гэхдээ л би эмзэглэж хүлээж авсан. 

    -Хятадад хэн айлчлаад ирсэн юм бэ?

    -У.Хүрэлсүх дарга, УИХ-ын зарим гишүүдтэй.

    -Айлчлалын мэдээллийг У.Хүрэлсүх дарга өөрөө хийсэн юм байна, тийм үү?

    -Тийм.

    -Тэгвэл Ёс зүйн хорооны дарга н.Цагаанхүү юу хийж бүлгийн хуралдаан дээр очсон юм бэ?

    -Мэдэхгүй. Нэг мэдсэн чинь л хажуунаас татаж чангаагаад “Чи муу юу юм” энэ тэр гээд сууж байсан. Гаднаас ороод ирсэн юм уу, дотор сууж байсан уу, би анзаараагүй.

    -Хамтарсан Засгийн газар байх нь буруу, Үндсэн хуулиа сахья гэж та яриад байсан. Андуураагүй бол МАХН-ын 25 дугаар Их хурал дээр бараг 100 хувиар хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн. Одоо тэгээд юу өөрчлөгдсөн юм бэ?

    -Бараг эсэргүүцсэн ганц хүн нь би байх. Хамтарсан Засгийн газар байгуулаад Тавантолгой, Оюутолгойгоор эргэлтэд оруулна, сонгуулийнхаа системийг өөрчилнө гэж их сайхан сайхан зүйл ярьсан шүү дээ. Би бас ганцаараа зөрөөд давхиад байдаг хүн биш. Үндсэн хууль зөрчсөн, стандарт бус Засгийн газар байгууллаа шүү, нэгэнт олонхиороо ингэж шийдэж байгаа бол би амаа татья гээд эхний 1-2 жил юм дуугараагүй. Олонхийн шийдвэрийг хүндэтгээд дуугүй явсан. Гэтэл өнөөдөр Оюутолгойн гэрээ маань ямархуу байдалтай болчихов. Төрөөс баримтлах төмөр замын бодлого юу болж, яаж хэрэгжиж байна. Хоёр жилийн дотор, 2011 онд багтааж 5000 км төмөр зам барина гэсэн хаана байна. Одоо барих байлгүй. Нөгөө сонгуулийн хууль яасан бэ. Маш олон зүйлийг хамтраад шийдэх юм болж, үсрэнгүй хөгжил яриад байсан нь хаана байна. Тийм учраас би энэ ам ажил нийлдэггүй, ард түмний тархийг угаадаг популист маягийн амлалтыг дэмжихгүй байна. С.Батболд Ерөнхий сайд гарч ирээд бас ажил эхлүүлэх гэж оролдож л байх шиг байна. Гэхдээ л ямар ч хяналтгүй, олонхиороо хүч түрж шийддэг, алдаа дутагдлаа хэлүүлдэггүй, хэлсэн нь эсэргүү болдог энэ байдал чинь буруу байна. Хуулиараа бол эхнээсээ л тус тусдаа олонхи, цөөнхөөрөө явах ёстой байсан. Одоо хоёрын хооронд салаад ч хэрэггүй биз дээ.

    -С.Баяр гэдэг хүний өнгөн дээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар С.Батболд гэдэг хүний өнгөн дээр салж сарних уу? Танай нам дотор гараад байгаа хагарлаас ч тэр тэгж харагдаад байна?

    -Би тэрийг яаж мэдэх вэ. Нэрлэсэн хоёр хүнээсээ л асуу. Уг нь бол аль ч улсад Засгийн газрын тэргүүн солигдоход өмнөх Ерөнхий сайдыг бодлогыг тодорхой хэмжээгээр үргэлжлүүллээ ч гэсэн өөрийн бодлогоо бас заавал дэвшүүлдэг. Дээр нь Ерөнхий сайд өөрийнхөө кабинетийг бүрдүүлдэг. Гэтэл хоёр Ерөнхий сайдын үед энэ танхим энэ л хэвээрээ явлаа, энэ хэвээрээ явсаар дуусахыг бодож байх шиг байна. Хангалттай олон удаа хэллээ, ярилаа, үнэхээр хүчин мөхөсдөж байна. Нэгэнтээ олонхиороо ингээд шийдэж байгаа бол дагахаас яах вэ. Гэхдээ олонхийг дагаж байна гээд аялдан дагаж би бас чадахгүй. Өөрийнхөө үг, бодол санаагаа хэлээд л явна. Миний бодол зөв байвал олонхи нь дэмжээд, буруу бол цөөнх болдгоороо болоод л явна биз. Энэ чинь ардчиллын гол зарчим шүү дээ.

    -Сонгуулийн хууль явахгүй, шинэчлэгдэхгүй байгаа чинь танай л намаас болж байгаа шүү дээ. Манай нам нэрээ сольсон учраас намын нэрээр сонгуульд орохгүй ээ гэж байна?

    -Аль алиндаа л байдаг биз. Тэртэй тэргүй МАН байгуулагдсанаас хойш нам дотор зөрөлдөөн гараад, хагарал тэмцэл үүсэх гээд, цаашаа гэснээ наашаа гээд явж байхад би өөрийнхөө намыг муу хэлэхгүй. Эвтэй найртай яваасай л гэж бодож байна.

    -МАН болсноос болж танай нам хохирсон уу?

    -МАН-ын нэрийг авахыг би бүр хэдэн жилийн өмнөөс дэмжиж байсан. Гэхдээ хэзээ авах вэ гэдэг нь өөр асуудал. Түүнээс гадна МАН бол МАХН-ын эхлэл болоод төгсгөл юмаа гэж яриад байна. Ингэж хэлэхээр МАН-д 1924 оноос өмнөх хэдэн жил, 2010 оноос хойш хоёр жил л хамаатай болж, МАХН гэдэг нэр 90 жилтэйгээ үлдчих гээд байна шүү дээ. Тиймээс ингэж задалж бутлах биш, нэгтгээд явах ёстой. Тэгэхийн оронд МАХН гэдэг нэрээр баахан нам бүртгүүлээд л, тэр бүртгэлийн газар нь ч нөгөөхийг нь бүртгээд л, төрийн байгууллага нь ч хаашаа болчихсон юм. Ийм зарчимгүй юм хийхийн оронд энэ нэрээ урдах, ардахтай нь аваад, хоорондоо хэлцлийн ширээнд суугаад, нэг бодлоготой явах ёстой. Үүнийг хэлэх гэхээр “Нам задаллаа” гээд байгаа юм. Задраад байгаа нь үнэн шүү дээ, би харин задлахгүйн төлөө явж байна. Би Сонгинохайрханаас сонгогдсон. Одоо манай дүүрэгт хоёр нам байгуулагдчихсан. Нэг хэсэг дээр нь очихоор“Чи тэр хөрөнгөтнүүдтэйгээ зайлаарай” гэдэг, нөгөө хэсэг нь “МАН-даа байгаач ээ” гэдэг. Үүнийг л нэгтгэх хэрэгтэй байхгүй юу. Намынхаа эхлэл, дунд, одоо үеийг нэгтгээд аваад явах ёстой. Түүнээс биш өөр бодолтой нэгийгээ “Чи зайл, яв” гээд байж болохгүй. Ц.Шинэбаяр гэдэг нэг л гишүүн. Тэр хүн хэсэг нөхөдтэйгээ хамт намаас гараад явсны төлөө бүхэл бүтэн намаараа дайраад, “Шинэ эхлэл” ч гэнэ үү хөдөлгөөн гарч ирээд тэмцээд байна гэдэг утгагүй. Том нам юм бол том л асуудлаа ярих ёстой. Харин үүний хажуугаар Ц.Шинэбаяр ганцаараа зөрж яриад байвал угаасаа л хүмүүс дургүйцнэ. Гэтэл Ц.Шинэбаяр гэдэг ганц хүн лүү л залуучуудын байгууллага нь ч дайраад л, МАХН гэдэг нэрийг бүгдээрээ очиж хуу хамж аваад байх нь ямар утгатай юм. Үүнийг хэлэхээр “Намын эсрэг юм ярилаа” гэдэг.

    -Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ нар намын даалгавраар тэр 77 нэрийг авсан юм биш үү?

    -Мэдэхгүй. Ц.Шинэбаяр гишүүнийг “МАХН гэдэг нэрийг авья” гээд очихоор нь гурван өдрийн дотор нөгөө нэрийг нь хэдэн залуус очоод авчихна гэдэг чинь шившигтэй л юм болж байна л даа.

    -Дээд шүүхийнхэн бас Ц.Шинэбаярыг намаа бүртгүүлэх гээд очиход нь МАН руу утасдаад хэлчихсэн гэсэн. УБЕГ дээр ч бас тийм л зүйл болж л дээ?

    -Энэ болгон чинь намыг ёс зүйгүй харагдуулаад байна. Бүгдээрээ жаахан жудагтай баймаар байна. МАХН гэдэг нэрэнд дуртай, тэрнээсээ салахгүй гэж байгаа хүн зөндөө байгаа, ахмадууд ч байгаа. Тэр хүмүүстэйгээ МАХН-ын түр штаб гэдэг юм байгуулаад явж байхад нь очоод ярилцахгүй, уулзахгүй яасан юм. Уулздаггүй юм бол зүгээр л орхичихгүй яасан юм. Нэг УИХ-ын гишүүн тийшээ очсоны төлөө бүхэл бүтэн намыг хөдөлгөөд, тэгснээ одоо болохоор “Ард нь Тэрбишдагва байгаа, МАХН руу явах гэж байгаа” ч гэх шиг юм яриад. Би үзэл бодолдоо үнэнч хүн, МАН-ын батлахаа авчихсан. Тийм байхад хөөж туугаад, элдвээр доромжлоод, хэн ч биш гээд байвал амаргүй л болно.

    -Хөөвөл яваад өгөх үү?

    -Хөөсөн ч хаашаа явахаа би өөрөө шийднэ, эцсийн эцэст заавал намтай байх ёстой ч юм уу, үгүй юм уу. Энэ чинь хүний амьдралын зорилго биш шүү дээ. Энэ олон мянган гишүүн ард байхад зүгээр нэг хоёр хүнд хөөгдөөд гараад явчихдаг ч хүн би биш.

    -Хуучин МАХН-ын гишүүдээс МАН-ын батлахыг хэр олон хүн авсан бэ?

    -Мэдэхгүй, нам дээр л нарийн тоо нь байгаа байх.

    -Та намын батлах шинэчлэх ажлаар яваагүй юм уу, гишүүд тойрог руугаа яваад л байгаа гэсэн?

    -Яваагүй. Яагаад гэвэл манай дүүрэг дээр МАН, МАХН гэсэн хоёр хороо байна. Энэ хоёрыгоо нийлүүлэх, эв зүйг нь олуулах гээд явж байна. Намынхаа батлахыг авахгүй удсан маань ч үүнтэй холбоотой.

    -Ц.Шинэбаяр гишүүн бол МАН-д орохгүй, МАХН-аас гарахгүй гэдгээ хэлээд явсан. Тэгэхээр намын удирдлагууд Ц.Шинэбаяртай ойлголцох, эв зүйгээ олохын тулд МАХН гэдэг нэрийг нь өгөх л хэрэгтэй юм биш үү?

    -Ямар ч байсан намаас гарсан нэг гишүүнийхээ араас шороо цацаад, янз янзаар хэлээд байх шаардлагагүй. Үүний оронд урдах том ажлаа хийх хэрэгтэй шүү дээ. Зөвхөн Ц.Шинэбаяр гишүүн биш, ард нь байгаа 10 гаруй мянган хүний төлөөлөлтэй ярилцаж болно биз дээ. Ганц энэ хүнтэй үзээд байж болохгүй биз дээ. Захиалгат нэвтрүүлэг хийгээд л, элвээр бичээд л, энэ лав эрүүл зүйл биш ээ.

    -Д.Тэрбишдагвын ард нь байгаа гэгдээд байгаа бас нэг хүн МАН-ын Бага хурлын гишүүн хэвээрээ биз дээ, Н.Энхбаяр дарга?

    -Мэдэхгүй, өөрөөс нь асуу.

    -Тэгвэл та нарын хэлж ярьж байгаа энэ зүйлийг Н.Энхбаяр дарга дэмжиж байна уу?

    -Мэдэхгүй. Би лав сүүлийн хэдэн сар уулзаагүй, өөрөөс нь асуухгүй юу. Та жишээ нь намайг Н.Энхбаярын өмнөөс ингэж явна гэж бодож байна уу?

    -Үгүй л дээ. Танай намынхан, тухайлбал У.Хүрэлсүх дарга тэгж ярьсан юм биш үү?

    -Үгүй. Тэгж хэлээгүй, өчигдөр ч яриагүй. Харин хэвлэлүүдээр л тийм зүйл бичигдээд байна лээ.

    -Оюутолгойн гэрээний талаар та түрүүн тааламжгүй үг хэллээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар асуухаа больё, тэртэй тэргүй Засгийн газар засвар оруулахаар ажиллаж байгаа. Өөр ямар шинэ мэдээлэл байгаа юм бэ?

    -Худалдаа аж үйлдвэрийн танхимаас шүүмжлэл ирсэн байна лээ, олон улсын хэд хэдэн байгууллагуудаас бас ирсэн байна. Америкийн нэг эрдэмтэн тухайн үед нь сануулж хэлж л байсан юм байна лээ. Пүрэвбаатар гуай, Авирмэд гуай, Хурц гуай гээд манай олон хүнээс материал ирүүлсэн. Тэдгээрийг судлаад үзэхэд үнэхээри бидний хэлж, санаа зовж байсан зүйл бодитой юм байна, эргэж харахаас өөр аргагүй юм байна. Тийм учраас маргааш /өнөөдөр/ сайдтай холбоотой асуулгын хариуг авахдаа зайлшгүй үүнийг тодруулна. Бид чинь Ерөнхий сайддаа хоёр асуулт, гурван санал тавьчихаад хариулт авахаар хүлээж байгаа шүү дээ.

    -Танхимын санал юу юм бэ?

    -Таван зүйл байна лээ. Чи өөрөө үзээрэй.

    -Гадаадын байгууллага яахаараа манай Засгийн газрын байгуулсан гэрээнд санаа зовоод, мэдээлэл ирүүлдэг юм бэ?

    -Мэдэхгүй. Гэхдээ үнэхээр бидий төлөө ирүүлсэн байлаа ч, компани хоорондын өрсөлдөөнөөс болсон байлаа ч бид түүнийг судлах ёстой. Судлаад бидний эрх ашигт хамаатай, хэрэгтэй мэдээлэл бол бид улс орныхоо тусын тулд ашиглах л ёстой шүү дээ.

    -Ямар хаягаар ирсэн юм?

    -Надад ирүүлсэн.

    -Та түрүүн популист амлалтуудаасаа татгалзмаар байна гэсэн. Хэзээ татгалзах вэ?

    -Нэн даруй татгалзах ёстой. Энэ 1,5 саяын амлалтыг өгч чадаж байна уу, үгүй юу гэдгээс энэ хамаарна. Нэг удаа үнэнээ хүлээгээд “Бид тооцоогүй зүйл амлажээ, өөр бодлого хэрэгтэй байна аа” гэж хэлж яагаад болдоггүй юм. Улс төрийн өрсөлдөөн дундаасгарч ирсэн болчимгүй амлалт гэдгийг хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Үүний оронд ажлын байр бий болгох хэрэгтэй байна. Би бол тийм бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн биш. Тиймээс би аль ч сонгуульд орохдоо тойргийнхондоо элдэв зүйл амлаж байгаагүй, тийм учраас хэзээ ч очиход нүүр бардам байдаг.

    -Гэвч нам тань амлачихсан, нэр дэвшигчид түүнийг нь бариад, намын бодлого гээд л явсан шүү дээ?

    -Энэ 1,5 сая чинь намын мөрийн хөтөлбөрт туссан бодлого биш шүү дээ. Сонгууль дундаа орчихсон байхад “1,5 саяыг амла” гэсэн. “Тооцоо судалгаа хийсэн юм уу, болж байгаа юм уу” гэхэд “Хийчихсэн юмаа. Намын бодлого” гэсэн. Тэгээд л сонгуульд орсон шүү дээ.

    -Та өмнө нь, Н.Энхбаяр даргын үед гэх үү, нэлээд олон сайдын суудал дамжсан. Тиймээс таныг өнөөдөр албан тушаалгүй үлдсэндээ гомдоод намаа шүүмжлээд явна ч гэж танай намын зарим нөхөд хэлдэг юм билээ?

    -Ц.Шинэбаярын асуудал босч ирснээс болж, сая намын даргад гардуулсан захидлын араас л ийм үг гаргасан шүү дээ. У.Хүрэлсүхэд ч хэлнэ, би дөрвөн Засгийн газарт ороод ажиллачихсан хүн. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баярын Засгийн газарт заримд нь урт, заримд нь богино хугацаагаар ажиллаж байсан. Тиймээс миний албан тушаалыг албан тушаал гэж харах нүдний хор гарчихсан. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн гэдэг нь надад хангалттай. Гэхдээ би албан тушаалд очлоо гээд ажил хийсэн үү гэхээс биш бусадтай адил хувийн амьдралаа өөд татаагүй. Ерэн онд талийгаач О.Энхсайханаас худалдаж авсан дөрвөн замын дэлгүүр, хойд байшин хоёр маань тэр үед ямар байсан яг тэр хэвээрээ л байгаа. Юу ч нэмэгдээгүй.

    -Хойд байшин гэж Санзайд байдаг өвлийн байшингаа хэлж байна уу?

    -Тийм. Германд ажиллаж байхдаа тэднийг дуурайж, доороо зочид буудал, ресторан байгуулаад дээр нь өөрсдөө сууна гэж бодож тэр байшин авсан юм. Гэтэл ирээд төрийн албанд орсон. Төрийн хүн ямар баар, ресторан ажиллуулаад байлтай биш, тэр хэвээр нь орхисон.    

    Б.СЭМҮҮН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж