Өдрийнхөө хоолыг арай ядан олж өлөн зэлмүүнхэн амьдарч байгаа ард иргэдийн хувьд “тогны мөнгө” багагүй асуудал үүсгэдэг. Хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг өгч чадахгүй, хууль бусаар эрчим хүч “шимж” амьдарч байгаа өрх гэр хороололд цөөнгүй. Тэд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг хувьчилчихвал яах вэ. Хүнд суртал, чирэгдлээрээ иргэдийг стресстүүлдэг, зовоодог энэ байгууллага жинхэнэ эзэндээ очиж чадахгүй л бол асуудал байсаар л байна. Нөгөө бүх юм байна аа байна гэдэг шиг. Нөгөө талаас нь авч үзвэл үнэ тарифаа өсгөнө, нэмнэ хэмээн үргэлжийн сүрдүүлээстэй эрчим хүчний салбарыг хувьчилснаар эдийн засгийн үр өгөөж гарна гэдэг бас эргэлзээтэй. Тэр тусмаа төрийн өмчит компанид хувийн хөрөнгө оруулалт хийгдэх замаар буюу Концессийн хуулийн дагуу “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг хувьчилах нь Монгол Улсад хожоо авчирах нь юу л бол. Хэдхэн хүний гарт эрчим хүчний салбар орчихвий гэсэн эмзэглэл ч нийгэмд байгаа юм. Хардлага төрүүлэх хэргээ Төрийн өмчийн хорооныхон өөрсдөө тарьдаг болохоор энэ бас бодууштай л асуудал. Хэрэв зөв замаараа явбал Концессийн хуульд ирээдүй бас ололт бий. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших ашиглах, шинээр бий болгох, ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхийг концессийн гэрээгээр хөрөнгө оруулагчдад олгох замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших учраас. Харин энэ хуулийн 6.1.1-д заасны дагуу Засгийн газарт дэндүү том эрх мэдэл олгодсон. Тодруулбал, төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах эрх мэдлийг Засгийн газарт хуулиар олгосон. Тэр том эрх мэдэл хуулийг гажуудуулж, хувьчлалыг хуудууьай болгохгүй гэх баталгаа байхгүй байгаа. Дээрээс өгсөн үүргийн дагуу Төрийн өмчийн хорооныхон ажиллана. Тэд дундуур дураараа “сүлчихвэл” тэгээд хувьчлал будаа. “Амь орсон” Төрийн өмчийн хороо алдагдалтай салбарын авралын эзнээр тодроод буй. Гэхдээ одоохондоо.
ТӨХ “амилав”
Хариуцлагагүй ажилладгийнх нь сургамж болсон Хадгаламжийн банкийг багагүй барцадтай хувьчилж, ахлах нягтлан бодогчийнх нь зувчуулсан 14,4 тэрбум төгрөгийн өрөнд Монгол Улсыг унагасныхаа дараа хэсэгтээ “гавьяаныхаа амралт”-ыг эдэлсэн Төрийн өмчийн хороогоор сүүлийн үеэс хөл хөдөлгөөн ихэсчээ. Ерээд оноос хойш ааг амьсгаагүй өрнөсөн хувьчлал удааширсаар 2007 оноос бүр таг чиг болсон юм. Энэ нь ч олон шалтгаантай. Нэгдүгээрт хувьчлал нэрийн дор сайд дарга нарын бусадтай хуйвалдан өөриймсүүлэх томоохон унацтай төрийн өмчит “этгээд” цөөрсөн, хоёрдугаарт улс төрийн сонгууль өрнөсөн, гуравдугаарт эдийн засгийн хямрал нүүрлэсэн, дөрөвдүгээрт улстөрийнхөө цаашдын зорилгоор ашиглах төрийн өмчит этгээдийг төрийн “өврөөс” салгаж болохгүй гэх шалтагууд. Эдийн засгийн хямралыг нь эс тооцвол үлдсэн гурав нь дэндүү хөгийн шалтгаан. Хувьчлалгүй, “но”-гүй, хэл амгүйхэн бүтэн дөрвөн жилийг үдсэн Төрийн өмчийн хорооныхон асуудалтай, алдагдалтай гэх аж ахуйн нэгжийг эзэнтэй болгохоор шийджээ. Бас хэд хэдэн томоохон ажлыг нугалах хариуцлагатай үүрэг авсан. Хөгжлийн банкийг босгох, Хөрөнгийн биржийг “томруулах”-ад Төрийн өмчийн хороо эрх үүргийнхээ дагуу оролцоно. Тиймээс ч том голоос жараахай ч болтугай шүүрдээд авахын тулд тус хороогоор элдэв бичиг цаас барин эргэлдэх хүмүүс олшироод буй. 2010-2011 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад Багануур ХК, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэ зам” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Автоимпекс” ХК, “Улаанбаатар АЗЗА” ТӨХК, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр багтжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн заримыг нь олон улсын нээлттэй тендерээр, заримыг нь өнгөрсөн онд баталсан Концессийн хуулийн дагуу хувьчлах юм байна. Одоогоор Концессийн хуулийн ямар төрлөөр хувьчлах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Түүнчлэн хувийн банкны буурыг булааж гэрээ зассан Төрийн банкны хувьчлалын асуудал ч сөхөгдөх бололтой. Тус банкийг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулна гэсэн явган яриа Төрийн өмчийн хороогоор “шогшиж” байна.
Ж.Нямсүрэн