Тулгар төрийн 2226, Ардын хувьсгалын 96, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар Хүй долоо худагт эхэллээ. Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх энэ жилийн баяр наадамд монгол морьдын уралдаанд эрлийз адуу мордуулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр хязаалан, шүдлэн насны морьд олноор бүтгүүлсэн ч уралдааны замд гараагүй юм. Тодруулбал, 304 хязаалан бүртгүүлснээс 151-ийг хассан бол 254 шүдлэн үрээгээс 59 нь уралдааны замд гарчээ. Ийнхүү Шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг хурдан морины комисс дагасан ч уяачид эрлийз адууг уралдуулах хүсэлтэй байгаа нь дээрх тооноос харагдлаа.
Хязаалан болон шүдлэн насны морьдын айргийн тавд хурдалсан морьд:
ШҮДЛЭН:
Шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралджээ.
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Түмэнжаргалын Батхааны шарга. Уралдаанч есөн настай Дарьсүрэн.
2. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр. Уралдаанч есөн настай О.Батбаяр
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан. Уралдаанч есөн настай Т.Гарам-Очир
4. Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын хонгор. Уралдаанч 12 настай Б.Жавхлантөгс
5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа тус тус хурдалжээ
ХЯЗААЛАН:
Хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнд үүлдэрлэг байдлын шалгалт хийж, 151-ийг нь уралдах боломжгүй хэмээн үзэж хассан.
1. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор. Өнгөрсөн жил шүдлэндээ улсын баяр наадамд түрүүлж байсан.
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд. Өнгөрсөн жил говийн бүсийн уралдаанд айрагдаж байсан.
3. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор. Уралдаанч найман настай Б.Амарбаяр. /өнгөрсөн жил улсын баяр наадамд айрагдсан /
4. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, уяач Ц.Батхуягийн бор. Уралдаанч 10 настай Ё.Билгүүнтөгс
5. Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаатарын хээр. Уралдаанч 10 настай Ө.Бархасболд
6. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн. Уралдаанч 13 настай Г.Энхболд
7. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн хонгор. Уралдаанч 12 настай Г.Отгонбаяр
8. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Т.Нямцэрэнгийн хар. Уралдаанч долоон настай М.Баярсайхан 50
9. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баярсайханы бор. Уралдаанч 10 настай Д.Норовсамбуу
10. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, уяач Д.Даваадоржийн сартай хүрэн /Уралдаанч 11 настай Т.Хүслэн/ тус тус хурдалжээ.
Дашрамд дуулгахад, Энэ жилийн хувьд хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн бүртгэлд нэлээд нарийвчилсан байдлаар хандаж байна. Өөрөөр хэлбэл уралдаанч хүүхдүүдийг бүртгэхдээ гэрэл зургийг авч, хурууны хээгээр баталгаажуулахын зэрэгцээ уралдааны замд гарахад тусгай программын дагуу дахин хянах аж.
Х.ЭРДЭНЭДАЛАЙ