Харин Монголын зүгээс баримтлах цаашдын бодлого чиглэлд нийцэхгүй байсан гэх шалтгаар уг тендер хүчингүй болж байсан юм. Тендерийн сонгон шалгаруулалтын явцад Лондонгийн биржийнхний лобби ч нөлөөлж, Төрийн өмчийн хороонд дээрээс ирсэн дарамт шахалт их байсан гэх. Тэгвэл Лондонгийн биржийн тендерт ирүүлсэн материал өрсөлдөгч талуудынхтай харьцуулбал Монголыг үл хүндэтгэсэн гэмээр хэдхэн хуудас албан бичиг байжээ. Уг албан бичгийн хавтас болон зөвлөхөөр ажиллуулахаар санал болгож буй хүний намтартай нь оруулбал ердөө тавхан хуудас. Албан бичиг Лондонгийн хөрөнгийн бирж ч биш, түүний охин компани “Millennium IT”-гаас иржээ. Хавтас Монголын хөрөнгийн биржид тавих удирдлагын санал гэсэн нэртэй, хоёр дахь хуудсанд Хөрөнгийн биржийн удирдлагын гүйцэтгэх захирал-зөвлөхөөр ажиллах нэг хүнийг санал болгосон тухай. Үүнд “Лондонгийн хөрөнгийн бирж группын эзэмшдэг “Millennium IT” нь Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал /СЕО/-ын албыг хаших өндөр туршлагатай олон улсын мэргэжилтнийг та бүхэнд санал болгож байна. Хавстралтаас нэр дэвшүүлж буй хүний танилцуулгыг харж болно.
Энэ мэргэжилтэн нь хувьцааны жагсаалт, арилжааны клиринг, төлбөр тооцоо, хамгаалалт болон дүрэм журмыг дагаж мөрдөх, зах зээлийн мэдээлэл, Төв банк, Валютын комисс зэрэг дотоодын бодлого боловсруулагчидтай хийх харилцаа зэрэг Монголын хөрөнгийн биржийг босгоход шаардлагатай мэдлэгийг олгох болно. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн хөрвөх чадварыг сайжруулахад арилжаанд оролцогчдод туслах болно” гэжээ. Төгсгөлд нь зөвлөхөөр ажиллах хүний сарын цалин 350 мянган ам.доллар ба Монголд нэг сарын 14 хоногт ажиллана гэсэн байгаа юм. Харин түүнийг Лондон-Улаанбаатарын чиглэлд явах зардал, байрны мөнгө цалингаас гадна Монголын тал гаргана гэжээ. Дараагийн гурван хуудаст нь зөвлөхөөр ажиллах Билл Горман гэж хүний хийж байсан ажлын тухай бичсэн байна.
Тендерт ирүүлсэн саналыг шүүх юм бол ямар ч бизнес төлөвлөгөөгүй ийм багийг манайх шалгаруулахад хэцүүхэн л байсан баймаар. Эсвэл илүү өндөр төвшинд хэлэлцээ хийсэн байсан юм бол тендер зарлахын ямар хэрэг байсан юм бол оо. Тэгснээ тендерийг хүчингүй болгож, шууд гэрээ байгуулах нэрийн дор хамгийн тааруу гэмээр санал ирүүлсэн багийг манайх сонгосон нь хачирхалтай.
Дэлхийн 500 жилийн түүхтэй хөрөнгийн захтай цэл залуухан 20 настай Монголын хөрөнгийн бирж хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага байгаа нь үнэн. Ашигт малтмалаараа олон улсын анхаарлын төвд орсон монголчууд хөрөнгийн захаар дамжуулан ихээхэн хөрөнгө оруулалтуудыг татах боломжтой юм. Тиймдээ ч Монгол Улсад ажиллах нь нэр хүнд төдийгүй үлэмж хэмжээний ашиг яваа гэдгийг дэлхийн биржүүд олж харсан юм. Лондонгийн хөрөнгийн биржийн охин компани болох “Millennium IT”-гийн төлөөлөгчид Улаанбаатарт ирээд буй. Тэд ирэх баасан гаригт сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулахаар тов тогтоосон байна.
Билл Горман гэж хэн бэ?
Тэрбээр нэлээд өндөр настай хүн. Өмнө нь дэлхийн улс орнуудын хөрөнгийн бирж, төлбөр тооцооны корпораци, эрдэнэсийн сан, бодлогын агентлагууд, Төв банкуудад зөвлөхөөр ажиллаж байжээ. Хөрөнгийн биржийн арилжааны талбар, туслах байгууламжууд, сургалтын байгууламж болон санхүүгийн зах зээлийн номын сангуудыг загварчилсан. Мэдээллийн системийн салбарт 46 жилийн ажлын туршлагатай. Тэрбээр Армен, Бангладеш, Египет, Гана, Энэтхэг, Иран, Йордан, Леван, БНХАУ зэрэг 47 оронд хөрөнгийн зах зээлийн салбарын төсөлд ажилласан. Тухайн орон хил дамнасан бүх арилжааг өөрийн зах зээлийн дүрэм журмын дагуу хийх систем боловсруулсан бөгөөд үүний зохиогчийн эрхийг авахаар ажиллаж байгаа гэжээ. Хамгийн сүүлд Вьетнамд ажиллаж байгаад хугацааг нь дуусгалгүй ажлаа орхисон гэдэг мэдээлэл байна.
Хөгжил дорой орнуудын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж гаргаж ирээд үүнээсээ ашиг олчихоод хаядаг барууны хөрөнгө оруулагчдын шалгарсан “муу” арга байдаг, үүний сүүлчийн жишээ нь өнөөгийн Бангладеш гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Чухам ийм явдал манайд давтагдах юм биш байгаа?
Б.СҮРЭН