Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.07.10) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан Институт Хүний эрхийн газар /АИХЭГ/-ын Сонгуулийг ажиглах түр хорооны Хуулийн шинжээч Марианна Скопа-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд хатагтай Марианна Скопа Байнгын хорооны дарга Н.Энхболдыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн орон болсон цагаас хойшхи хугацаанд тус байгууллага Монгол Улсад өрнөсөн гурав дахь удаагийн сонгуулийг ажиглаж буйгаа танилцууллаа. Тэрээр, сонгуулийн дараа ЕАБХАБ-аас гишүүн орны хууль тогтоох байгууллагын оролцоог өргөжүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зөвлөмж гаргадаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дараахь зөвлөмжийг 7-8 долоо хоногийн дараа гаргах төлөвтэй буйгаа дуулгалаа. Түүнчлэн, аливаа хууль төгс төгөлдөр гэж байдаггүй, хуулийг тогтмол боловсруулж, сайжруулах шаардлаг гарч байдаг. Иймд Монголын хууль тогтоох дээд байгууллагын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Байнгын хорооны дарга Н.Энхболд хэлэхдээ, өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй талаар санал хэлж байсан нь Байнгын хорооны даргын хувьд дэмжиж байгаа гэлээ. Түүнчлэн, зөвхөн хуулийг сайжруулаад зогсохгүй иргэний болоод улстөрийн боловсролыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй үүсч байгааг онцлов.
Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, А.Ундраа, Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.