Тулгар төрийн 2226, АХ-ын 96, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадам өнөөдрөөс эхэллээ. Үндэсний их баяр наадмын нэгэн арга хэмжээ бол ‘Дээлтэй Монгол наадам’ байдаг. Энэ жил энэхүү наадам өргөн дэлгэр боллоо. Сүхбаатарын талбайд болсон үндэсний дээл соёлыг сурталчилах арга хэмжээнд олон байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадамд гадаадын иргэд ч оролцжээ. Наадмын арга хэмжээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээсэн юм.
Түүхийн олон мянган жилийн хөгжлийн явцад бий болж, улс үндэстнийхээ язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны хөгжлийг илэрхийлэгч нь тухайн үндэсний хувцас, эд хэрэглэл байдаг билээ. Монгол туургатны дээл хувцас нь монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ өдгөө улс, хотдоо жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ.
‘Дээлтэй Монгол наадам’-ын фото агшнаас хүргэж байна.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ