-Танай холбооноос ямар үндэслэлээр дээрх албан тушаалтнуудыг эх орноосоо урвасан гэж шалгуулах хүсэлт тавьсан юм бэ?
-Оюутолгойн гэрээтэй холбоотой С.Баяр, П.Зоригт, Л.Гансүх, С.Баярцогт нарыг эх орноосоо урвасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах тухай хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор болон Эрүүгийн цагдаагийн газарт өчигдөр дараахи үндэслэлээр хандсан байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Баяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж,Засгийн газрыг тэргүүлж байхдаа эрх мэдлээ ашиглан УИХ-д тулган зөвшөөрүүлж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуучлалын сайд Л.Гансүх нар 2009 оны аравдугаар сарын зургааны өдөр гарын үсэг зурж Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай байгуулсан. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын эрх ашгийг ноцтой хохироож, тонон дээрэмдэх шинж чанартай луйврын гэрээ хийсэн гэж бид үзэн хууль хяналтын дээд шатны байгууллагаар шалгуулах хүсэлт тавьсан.
-Тэгэхээр Оюутолгойн гэрээ хууран мэхлэх, луйвардах зорилготой явагдсан гэдгийг тодорхой баримтан дээр тайлбар өгөхгүй юу?
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто хооронд 2006 оны аравдугаар сарын 18-ны өдөр байгуулсан хувьцаа борлуулах тухай гэрээ нь Монгол улсын баялагийг ашиглахтай холбогдсон гэрээг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, түүний үзэл баримтлал, Монгол улсын эрх ашгийг биш харин хувьцаа борлуулахаар хоорондоо байгуулсан гадаадын хоёр компанийн гэрээг иш үндэс болгож хийсэн нь хэний эрх ашигт нийцсэн гэрээ болохыг илэрхийлж байна. Энэ мэт хөрөнгө оруулагч гэх гадаадын компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч ямар хариуцлага хүлээхгүй Оюутолгой баялгийг ухаж авсаар байх нөхцлийг гэрээний заалтад оруулж өгсөн. Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээний 15.29-д “Хэрэв энэхүү гэрээний аль нэг заалт ямар нэгэн шалтгаанаар хэрэгжих боломжгүй болох нь тогтоогдсон бол тухайн заалтыг гэрээнээс тусад нь авч үзэх бөгөөд энэхүү гэрээний үлдсэн хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байх жишээтэй. Гэтэл гэрээний заалт зөрчигдөхөд яахаараа гэрээнээс тусд нь авч үзэх гэж. Өөрөөр хэлбэл байгаль орчинг сүйтгээд гэрээгээ яаж ч зөрчиж Монгол Улсад өчүүхэн ч ашиг өгөхгүй байлаа гэхэд уг гэрээ цуцлагдахгүй байх нь. Тэгж манай улсад өчүүхэн төдий ч ашиг орлого оруулахгүй, ямар нэг татвар төлөхгүй байх талаар нарийн тооцож уг гэрээг хийсэн байх жишээтэй. Энэ мэтээр гэрээнүүд анхнаасаа Монголын ард түмний өмч баялгийг хууран мэхлэж луйвардах аргаар авах зорилго агуулж байсан гэж ойлгож байна.
-Эх орноосоо урвах гэмт хэрэгт тагнуул хийх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зэвсэгт үймээн дэгдээх гээд объектив талаас нь олон зүйлийг нэрлэж болно. Тэгэхээр дээрх нэр бүхий хүмүүс эх орноосоо уравсан гэдгийг ямар баримтаар нотлох вэ?
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал л даа. Ийм бохир аргаар хууран мэхлэх замаар Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын, мөн хувь нийлүүлэгчийн гэрээ гэгч нь Монгол улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн, олон нийтийн эрх ашгийг хөндөн далд санаа агуулж, гадаадын компаниудын талд ашигтай байхаар хийсэн нь эх орноосоо урвасан гэж үзэхээс өөр аргаггүй юм. Түүнээс энд тагнуул хийх тухай асуудал яриагүй. Тэд албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж нууцаар уг гэрээг хийсэн нь өөрөө хууль бус үйлдэл болж байгаа юм. Тангараг өргөсөн төрийн алба хаагч бохир үйл ажиллагаа явуулсан нь ил тод боллоо. Үүнийг үндэслэн хэрэг үүсгэн шалгаач гэсэн хүсэлтийг Дээд шатны прокурорын байгууллагад гаргасан.
-Улсын Ерөнхий прокурорт дээрх нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөөч гэсэн хүсэлтийн хариуг та бүхэн хэзээ авах вэ?
-Хуульд зааснаар иргэдээс ирсэн гомдол мэдээллийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар тав хоногийн дотор шалгаж үзэх тухай заасан байдаг. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байна уу гэж хуулийн байгууллагынхан шалгаж үзнэ. Хэрэв эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзвэл сэжигтнээр татаж мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилнэ гэсэн үг. Тэгэхээр бид тав хоногийн дараа Улсын Ерөнхий прокурорын газраас өргөдлийнхөө хариуг авна.
-Хэрэв тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл яах вэ?
-Бид шат шатны хуулийн байгууллагад удаа дараа хандана.
Н.Түвшин