УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 96.5 хувийн саналаар дэмжин, баталлаа. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж олонхийн санал авсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон, бүрэн эрхийг нь зөвшөөрлөө.
УИХ-ын тогтоолыг батлахын өмнө гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн хуулийн нэг давуу тал нь богино хугацаанд сонгууль болж өнгөрлөө. Хэрвээ хуучны хуулиар сонгуулийн сурталчилгаа 45 хоног үргэлжилсэн бол хоёр намын нэг нь төрөө, нөгөө нь эдийн засгаа дуусгаад өнгөрөх байлаа.
Ардчилсан нам тэр дундаа өрийг чөлөөлөх амлалт өгсөн нь иргэдийн сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.
Одоо Монгол төр урагшаа харж ярих ёстой. Хагарал бутралаа хойш тавиад хөгжлийнхөө талаар явах ёстой. Үндсэн Хуулиа өөрчлөх ёстой гэж УИХ-ын гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Ерөнхийлөгчийг 60-аас дээш настай, УИХ-ын гишүүн нь 45-аас дээш настай сонгогдож байх шалгуур тавимаар байна.
Нөгөө талаар сонгуулиар мөнгө тараасан, хандив авсан хууль бус үйлдэл нэлээн гарлаа. Манай намаас 50 сая вон, МАН-аас бас нэлээн, Ардчилсан намаас 1 тэрбум төгрөг хураагдах нь. Үүнийг тусгай сан байгуулаад хүүхдийн цэцэрлэг барихад зарцуулъя.
Төрөөр тоглодог залуучуудыг болимоор байна. Монгол төрд хүндэтгэлтэй хандмаар байна. Ний нуугүй хэлэхэд олон жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсээсээ суралцмаар байна.
Ажлаа уралддаг болохын тулд Сонгуулийн хуулийг өөрчилмөөр байна.
Мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг болмоор байна. Эхнэр ярихгүй, хүүхэд ярихгүй болмоор байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Асар их хариуцлага байгаа гэдгийг анхааруулж хэлмээр байна. Ерөнхийлөгч тамгаа хүлээж авсны дараа нам бус болно. Нам руугаа гүйдэг бус түмэн олон руугаа гүйдэг Ерөнхийлөгч байгаасай.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нийт сонгогчиддоо баяр хүргэе. Хуулийн гажуудал зөрчилтэй асуудал нь өнөөдөр үүссэн асуудал биш. Хэн сонгогдсон аль нам сонгуульд ялсан гэдгээр нь асуудлыг авч үзье.
Сонгуулийн будилаан маргаантай холбоотой асуудал ярьж байгаа бол Монголын ард түмэн шүүж байгаа. Хэн мөнгө тараасан, хэн хар сурталчилгаа хийснийг ялгаж салгана.
Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн хүрээнд шийдээд явах. Алдсан оносон зүйл их бий, хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтооно биз. Ямар ч хууль хуучирдаггүй. Шийдвэрлээд явах боломжтой. Аливаа асуудал шийдэгдээгүй байхад шийдсэн мэтээр ярих нь боломжгүй зүйл. Шүүхээр хэн нэгний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ямар нэгэн зүйлд оролцож болдоггүй мэтээр ярьж байгаа нь буруу.
Захын хуульч энийг мэднэ. Тийм учраас энэ зарчмыг барьж явах ёстой. Хэнийг ч шүүхээр гэм буруутай гэж тогтоогоогүй бол гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй.
Хар дүгнэлт ярьж, баяр наадмын босгон дээр хар юм ярих хэрэггүй гэсэн юм.
Г.ДАРЬ