Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн долдугаар сарын 7-9-нд Варшав хотод боллоо. Манай улсаас тус тэмцээнд зургаан тамирчин оролцсоноос сүүлийн өдөр 63 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртэж, Варшавт төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр эхний тойрогт Беларусийн Кристиана Федерашка, шөвгийн наймд Казахстаны Зарина Кунангараеваг нарыг тус бүр, хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Болгарын Юсейн Тайбег 11:6-гаар ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Руй Суг 0:6-гаар хожигдож яваад цэвэр дарж өнгөрсөн жилийн амжилтаа бататган Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга боллоо.
53 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал эхний даваанд Казахстаны Айгуль Нуралимийг 12:5-аар ялсан ч 1/4 шигшээд Германы Нина Хеммерт 9:10-аар тун харамсалтай ялагдсан. Германы бөх хагас шигшээд энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Сталвира Оршушт ялагдснаар түүнд дагах барилдаан гараагүй.
Эх сурвалж: http://wrestling.mn