Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр/2017.07.09/ бөхчүүдийг Төрийн дээд одон медалиар шагналаа. Бөхчүүдийн хүрээнд шинэхэн гавьяат цолтнууд болон төрийн дээд шагналаар бөхчүүд шагнагдсан байна. Үүнд “Аварга” дээд сургуулийн багш, улсын начин Б.Адъяахүү “Монгол улсын гавьяат дасгалжуулагч”, үндэсний бөхийн цолчин засуул Д.Батболд Б.Мөнхбаатар нар “Монгол улсын гавьяат жүжигчин” цол тэмдгээр, улсын манлай заан Д.Долгорсүрэн “Гавьяат тээвэрчин” цолоор шагнагдлаа. Мөн улсын аварга Г.Эрхэмбаяр Ч.Санжаадамба нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, болон улсын гарьд Б.Гончигдамба нар “Алтангадас одон” гардаж авсан байна.
Х.ЭРДЭНЭДАЛАЙ