Хуучирсан мэдээ: 2017.07.10-нд нийтлэгдсэн

Ялагдал ба ялалт

Спортын хурц талбарт бие биенээ ялан дийлэхээр улайран тэмцэж, ширүүн өрсөлдөгч байдаг тамирчид өрсөлдөөний талбараас буумагц бие биенээ хайрлан дэмжих найз нөхөд болдгийн тод жишээг бид өчигдөр харлаа.

Жилийн өмнө Ардчилсан нам УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдэж, ялагдал хүлээж байсан бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.  

Сонгуульд нийт 1.207.787 сонгогч саналаа өгснөөс 611.226 нь буюу 50.61 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгад, 497.067 нь буюу 41.16 хувь нь МАН-аас өрсөлдсөн УИХ-ын дарга М.Энхболдод, 99.494 буюу 8.24 хувь нь цагаан сонголт хийлээ. Хэрэв цагаан сонголт 10 мянгаар илүү давсан бол дахин Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдах байв.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсоноор хүчний харьцаа нэг л улстөрийн хүчинд төвлөрөхөөс сэргийлж, чадлаа. Улс төр судлаачид энэхүү харьцааг “Ардчилсан намд хамгаалалт бий боллоо” гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, АН, МАН-д хэн, хэндээ тавих хяналт бий болох ч, бие биесийнхээ бөгсийг ухах эрхгүй болсон гэсэн үг.

УИХ-д есхөн суудалтай сөрөг хүчин энэ удаагийн сонгуульд ялалт байгуулахад “хар масс” том хүч боллоо. Энэ том хүчийг хар PR, гүйцэтгэх ажиллагаа хоёроор амжилттай хөтөлж чадлаа.

Зээл чөлөөлөх даалгавар ч нийгмийг тэр чигт нь хуйлруулав. Малчны, цалингийн, тэтгэврийн, оюутны сургалтын төлбөрийн зээлээ чөлөөлүүлэх найдлага тээн бүгд Х.Баттулгыг дэмжив.

Засгийн газар зээл чөлөөлөх амлалтынх нь эсрэг “Эрдэнэт”-ийн хувьцааг иргэн бүртээ олгож, хүүхдийн мөнгийг алагчлалгүй өгөхөөр шийдвэрээ гаргасан ч барсангүй.

УИХ-аар мөн гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал тутамд 240 мянган төгрөгийн тэтгэлэг, жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн, хүүхдээ гурван нас хүртэл нь 50 мянган төгрөгийн тэтгэлэг, ихэр хүүхдэд 1-4 хүртэл сая төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгохоор, тэтгэврийн насыг сонголттой болгож, 65 гэх хатуу заалтыг зөөллөсөн хуулиудыг батлуулсан ч тусыг эс олов.

Үндсэндээ эрх баригч хүчин УИХ-ын сонгуулийн амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн шинж чанартай хөтөлбөрүүдээ жилийн дотор багтаан, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн шийдэж чадсан ч ялагдав. Нэр дэвшигч нь өрсөлдөгчөөсөө 100 мянгаар бага санал авч хол хаягдав.

Ялагдал, ялалтын шалтгааныг тайлбарлаж буй улс төр судлаачдын дүгнэлтэд давтагдаж байгаа нийтлэг зүйл нь нэр дэвшигчдийн дунд бодлогын өрсөлдөөн өрнөж чадсангүй.

Их британичууд Европын холбооноос гарах сонголт хийснийхээ дараа “youtube.com”- руу орж, Европын холбоо гэж ямар утга учиртай холбоо болохыг хайж үзсэний нэгэн адил монголчууд Ерөнхийлөгчийн сонгууль болж, дүн нь гарсны дараа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хайж, сураглаж байна. Зүй нь бол сонголтоо хийхээс өмнө мөрийн хөтөлбөрийг нь харьцуулж үзэх ёстой.

Дээр нь эрх баригч намын нэр дэвшигчийн рейтингийг унагасан бичлэгүүд сошиал ертөнцөөр цацагдсан нь нийгмийг хуйлруулав.

Тухайлбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйгийн төрийн албыг наймаалцах тухай бичлэг, санал хураалтын өмнөхөн УИХ-ын гишүүн Т.Гантулгатай холбоотой бичлэг нийгмийг донсолгож чадлаа. Нэг бүдэрхээрээ ес бүдэрнэ гэгчээр УИХ-ын гишүүн Т.Гантулгын Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурал  даарь дээр давж үрж орхив.

Ц.Сандуйн хувьд “Тэнэг хүний дуугай нь сүрлэг” гэдэг зарчим барин, бичлэгийн тухай ам ангайсангүй. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр нэр дэвшигч л “Энэ бол эвлүүлэг” гэж хэдэнтээ тайлбарласан ч нэмэр болсонгүй. Мөн баг нь зөрүүлээд нэр дэвшигчийн төмөр замын хэрэг, хүүхэдтэй нь холбоотой хар тамхины хэрэг зэргийг сөхсөн ч хэдэн жилийн турш яригдаж буй хуучин сэдэв амжилт олсонгүй. Бараан мэдээллийг Засгийн газар иргэд рүү хандсан олон шийдвэрээрээ цайруулахыг хичээсэн ч тус болсонгүй. 

Харин сонгуулийн үеийн энэхүү хар сурталчилгааг улс төр судлаач Ц.Мөнхцэцэг “Сонгуулиар батлагдаж, нотлогдоогүй мэдээллүүд, тэр дундаа зохиомол мэдээ, бичлэг, нийгэм дэх үндсэрхэг үзлийг дэвэргэсэн хандлагууд маш хүчтэй явагдсан” хэмээн онцолжээ. Үүнд 35 хүртэл насны залуучууд түлхүү итгэл үнэмшил өгсөн байна.

Нөгөөтэйгүүр, сонгогчид дан ганц улс төрийн хүчид бүх эрх мэдлийг өгөхийг хүсээгүй нь 2012-2016 онд Ардчилсан намд бүх л эрх мэдэл байсан ч түүн шигээ үр дүнг гаргаж чадаагүйтэй холбож тайлбарлаж болох ч талтай.

Гэхдээ цаашдаа Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, нэр дэвшигч нь бодлогоор өрсөлддөг эрх зүйн орчинг бүрдүүлж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол сонгуульд оролцсон сонгогчдын 10 хүрэхгүй хувийг оюунлаг хэсэг бүрдүүлсэн тухай судлаачид онцоллоо. Тэд цагаан сонголтыг хийсэн байна.

Ийм нөхцөлд нийгмийг хар PR-аар удирдахад л төрийн эрх мэдлийг авах бүрэн боломж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж