Иракийн армийн цэргүүд Мосул хотыг “Исламын улс” бүлэглэлийн дайчдаас үлдсэн сүүлийн бүслэлтээс “цэвэрлэж” дуусчээ.
Удаан хугацаанд үргэлжилсэн байлдааны эцэст Засгийн газар ойрын хугацаанд ялалтыг баталгаажуулан, албан ёсны мэдэгдэл хийх бололтой гэж ВВС мэдээлэв.
АНУ-ын агаарын хүчний дэмжлэг хүлээсэн Иракийн зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн жилийн аравдугаар сарын 17-ноос хойш тус хотыг “Исламын улс”-аас чөлөөлөхөөр дайтаж байгаа юм.
“Исламын улс” 2014 оны зургадугаар сард тус хотод хяналтаа тогтоосон. Гэхдээ сүүлийн есөн сарын хугацаанд бага багаар хяналтаа алдсаар байсан юм.
Хотын зүүн хэсгийг бүрэн чөлөөлсөн тухай Иракийн Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн. Гэвч хотын баруун хэсэг мушгирсан, нугалаа ихтэй, олон нарийн гудамжтай тул “Исламын улс”-ын дайчдаас чөлөөлөхөд хүндрэлтэй байжээ.
2014 оноос хойш Мосул хотоос 900 мянган оршин суугч дайжсан. Энэ нь дайны өмнөх оршин суугчдын тал орчим хувь нь гэж хүний эрхийн байгууллагууд мэдэгдэж байна.
С.ЦЭЛМЭГ