Дэлхийд зартай “Большой театр”-ын уран бүтээлчид хамгийн их хүлээлттэй байсан “Нуреев” бүжгэн жүжгийн дэлхийн нээлтийг цуцалжээ.
Балетын найруулагч Кирилл Серебренников төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаад саяхан байцаалт өгсөн юм. Серебренниковыг дэмжигчид улс төрийн зорилгоор түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж үзэж байна.
Театрын удирдлагын зүгээс бүжгэн жүжгийн бэлтгэл бүрэн хангагдах хүртэл нээлтийн товыг хойшлуулсан гэж мэдэгджээ.
Тэрхүү бүжгэн жүжиг нь Хүйтэн дайны үед Зөвлөлтөөс дайжсан бүжигчин Рудольф Нуреевын тухай юм.
Серебренников урлагт хүртэл цензур тавьж байна гэх шүүмжлэлээ ил тод илэрхийлдэг, Оросын эрх баригчдын бодлогыг үргэлж шүүмжилсээр ирсэн нэгэн ажээ.
Түүнийг төрөөс санхүүждэг театрыг удирдаж байхдаа төсвийн хөрөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр хоёр сарын өмнөөс шалгаж эхэлсэн байна. Гэрт нь нэгжлэг явуулж, өөрийнх нь байгуулсан компанийн захирлаар ажиллаж байсан эрхмийг, мөн нягтлан бодогчийг нь баривчлан саатуулжээ.
“Большой театр”-ын ерөнхий найруулагч Владимир Урин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан мөрдөн байцаалт хэрхэн өрнөж буй талаар мэдээлэл өгөхийг хүссэн захидал илгээсэн гэнэ.
“Большой театр” цахим хуудсандаа “Нуреев” бүжгэн жүжиг тоглогдох байсан өдрүүдэд “Дон Кихот” балетын тайзнаа тавихаар болсон тухай зарласан байв. Энэ мэдээлэл урлагийнхны хүрээнд нэлээд маргаан дэгдээжээ.
Балетын шүүмжлэгч Татьяна Кузнецова “Коммерсант” сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ “Нуреев” бүжгэн жүжиг нь зөвхөн Оросын төдийгүй дэлхийн балетын урлагийн энэ улирлын хамгийн гол арга хэмжээ байсан гэжээ.
“Нуреев” бүжгэн жүжиг нь 1961 онд Зөвлөлтөөс баруун руу дүрвэн гарсан бүжигчний амьдралыг өгүүлэх юм. Тэрээр Хүйтэн дайны үед эх орноосоо зугтсан Зөвлөлтийн анхны уран бүтээлч ажээ. Нуреев хожим Лондонгийн Эзэн хааны балетын театрт бүжиглэж, Парисын дуур, бүжгийн театрт найруулагчаар ажиллаж байв.
Нуреев 54 насандаа ДОХ-ын халдварын улмаас таалал төгсчээ.
С.ЦЭЛМЭГ