Германд чуулсан “Их-20”-ийн уулзалтаар нэгээс бусад орны лидерүүд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг шинэчлэн баталж, худалдааны асуудлаар зөвшилцөлд хүрэв. Өөрийн улсад ашиггүй гэж үргэлж шүүмжилж ирсэн Дональд Трампаас бусад нь.
Хамгийн их хагаралтай, хамгийн их үймээн самуун дунд өрнөсөн “Их-20” 12 дахь удаагийн саммитын сүүлийн өдөр оролцогчид мухардмал байдалд ороод байсан асуудлаар ямартай ч ойлголцолд хүрч чаджээ.
Бусад орнуудыг үүрэг, хариуцлагаас нь чөлөөлөхгүйгээр АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гарахыг хүлээн зөвшөөрөх эсэх нь ээдрээтэй асуудал байсан юм.
Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлд “АНУ-ын Парисын хэлэлцээрээс гарах шийдвэрийг анхааран авч үзсэн” хэмээн дурджээ.
Гэхдээ “Их-20”-ийн гишүүн орны лидерүүд дэлхийн цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухарч болохгүй гэдэгт санал нэгдсэн байна. Мэдэгдэлд мөн АНУ цаашид бусад улс орнуудтай ойр харилцаатай байж, тэднийг дэмжиж ажиллах тухай дурджээ.
Хаалтын хурлын үеэр Германы канцлер Ангела Меркель Парисын хэлэлцээрээс татгалзаж буй Трампын байр сууринд харамсаж буйгаа илэрхийлэв.
Трамп дотоодын нүүрсний үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Тэрбээр өмнө нь Парисын хэлэлцээр америк ажилчдыг таагүй байдалд оруулж байгаа гэж мэдэгдэж байсан юм. Ямартай ч энэ удаагийн саммитаас Трамп Парисын хэлэлцээрээс гарах асуудлаар санасандаа хүрч чадав.
“Их-20” нэгдлийн имижийг 19+1 болгож орхисон Трамп бямба гаригт хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байсан ч цуцалжээ.
Саммитыг дүгнэн хэлэхэд, “Бүхний тэргүүнд Америк” гэсэн Трампын бодлогод дэлхийн бусад улс үндэстэн хэрхэн зохицох тухай гарц хайсан уулзалт боллоо гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
ГУДАМЖИНД ЖАГСАГЧИД ЮУНЫ ТӨЛӨӨ ВЭ?
Германы Хамбург даяар өнгөрсөн гурав хоногийн турш түвэгтэй байдал үүссэн. Хаа сайгүй эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж, жагсагчид болоод цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарав.
Дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр Путин болоод Трамп нарыг эсэргүүцсэн жагсагчид цаг уурын өөрчлөлт, дэлхийн баян, ядуугийн тэнцвэргүй байдлыг шүүмжилж, жагсаал зохион байгуулжээ. Гудамжин дахь машин тэрэг, хогийн сав шатааж, цагдаагийн ажилтнууд руу чулуу нүүлгэж, дэлгүүр, худалдааны байгууллагын шилэн цонхыг хагалж байв.
Мөргөлдөөний үеэр 200 гаруй цагдаагийн алба хаагч гэмтэж, хэдэн арван жагсагчийг баривчлан саатуулжээ.
САММИТЫН ҮЕЭР ӨӨР ЮУ БОЛОВ?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй нар уулзалдав. Удахгүй АНУ-Их Британийн хооронд худалдааны гэрээ үзэглэнэ гэж дараа нь мэдэгджээ.
Мөн Трамп ойрын хугацаанд Лондонд айлчлахаа дуулгасан юм. Уулзалтын талаарх өөр нарийн ширийн зүйлсийн талаар мэдээлэл өгсөнгүй.
Өмнөх өдөр нь Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан. Анх удаа нүүр тулан уулзсан тэдний уулзалтын гол сэдэв АНУ-ын сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон тухай мэдээлэл байв.
Мөн Сирийн өмнөд хэсэгт гал зогсоохоор хоёр тал тохиролцжээ.
Эцэст нь, Трамп Хятадын дарга Си Жиньпинтэй ч уулзав. Тэд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар санал солилцож, гарц хайжээ. Тэрхүү уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах сайд нарын айлчлалыг зохион байгуулахаар тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм.
С.ЦЭЛМЭГ