Ерөнхийлөгчийн сонгууль өмнө болж байгаагүй хоёр шаттай санал хураалтаар сунжрахад зарим хүмүүс төвөгшөөж байсан бол зарим нь хөөрхөн, хөөрхөн сурталчилгаа болгон ашиглаж байлаа. Тухайлбал, санал хураалт дахиснаар ирц хүрэхгүй нэмэлт санал хураалт болон сунжрах вий гэсэн болгоомжлол төрж байхад Улаанбаатар их дэлгүүрийнхэн санал хураалтандаа оролцож, хөнгөлөлт эдлэх уриалгыг гаргав. Тэд зүгээр л саналаа өгсөн хурууны тэмдэглэгээгээ харуулаад “Бурзай” хөнгөлөлт эдлэх боломжтой хэмээх сурталчилгаа явуулсан нь худалдан авагчдыг нь нэмэгдүүлжээ. Саналаа өгсөн хүмүүс хөнгөлөлт эдэлнэ гэхээр анхандаа сонин бөгөөд этгээд мэт сонсогдмоор. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байхуй дор Улаанбаатар их дэлгүүрээс хөнгөлөлт эдлээрэй гэдэг нь бүр ч үр дүнтэй бөгөөд ашигтай туссан гээч. Саналаа өгчихнө, хөнгөлөлттэй худалдаа хийчихнэ.
Нөгөөтэйгүүр үүнийг ирц хүрэхгүй байх вий гэсэн болгоомжлол дор сонгогчдыг идэвхжүүлсэн эх оронч санаачлага ч гэж хэлж болох.
Ер нь л Улаанбаатар их дэлгүүрийнхний нэлээд улстөржсөн гэмээр мөртлөө содон сурталчилгаа олны анхаарлыг татдаг.
Авлигачид арзай
Ард түмэн бурзай
Оффшоргүй худалдаа гэх мэт тэдний сурталчилгаа чамгүй маргаан дэгдээж байсан. Хэдэн жилийн өмнө хотын захиргаанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр зарлангуут Найрсаг Улаанбаатар их дэлгүүр гээд л хэсэг шууруулсан. Эдийн засгийн хямрал дэлдсэн гэсэн өдрүүдэд Монголдоо худалдаа хийцгээе гэж төрөөс төрсөн тэрбумтнууд хийгээд Монголын баячуудыг чимхсэн ч гэмээр сурталчилгаа хийж бас л шуугиан тарьж байсан гээд тэдний “зүггүй” бас улстөржсөн гэмээр сурталчилгааг тоочиход цөөнгүй.
Энэ мэт цаг үеэ мэдэрсэн сонирхолтой рекламаараа гайхширал төрүүлдэг Улаанбаатар их дэлгүүрийн PR чид сонгуулийн үеэр нийгмийн үүргээ биелүүлсэн бас нэгэн сурталчилгаагаараа сонгуулийн шуугиант өдрүүдэд мөрөө үлдээлээ.
Ингэхэд та саналаа өгсөн бол Улаанбаатар их дэлгүүрт хурууны тэмдэглэгээгээ үзүүлээд хөнгөлөлт эдлээрэй. Хурууны тэмдэглэгээний бэх арваад хоног арилдаггүй гэж бүсгүйчүүд гомдоллоод байсан байх аа. Тэгвэл та одоохон яаравчилж хурууны бэхээ хөнгөлөлт болгоорой.
А.Ану