Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам сурын харваагаар эхэллээ.
Өчигдөр /2017.07.08/ буриад сурын харваа болж, шинээр хоёр мэргэн төрлөө. Өнөөдөр хүүхдийн сурын харваагаар үргэлжилж байна.
Буриад сурын харваанд эрэгтэй, эмэгтэй 152 харваач оролцсноос дархан мэргэн хоёр, гарамгай, гоц мэргэн нэг, хошой мэргэн хоёр, улсын мэргэн зургаа багтсанаас гадна спортын мастер мастер 14, дэд мастер 8, ахмад харваач 9 харважээ.
Харваачид нийт 64 сумыг 30 болон 45 метрт харваж, шилдгүүдээ тодруулав.
Буриад сур нь урианхай, халх суртай харвах техник адилхан хэдий ч харвах зай, онох бай, уухиалах уухай нь өөр байдаг. Харваачид 45 метрээс 8 сум, 30 метрээс 8 сум тус тус тавьдаг. Буриад харваанд нийт 64 сум тавих ёстой бөгөөд хамгийн өндөр оноог эрчүүдээс Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хангарьд” спорт хорооны тамирчин Н.Өлзийхутаг 61, эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат залуу харваач Б.Баярчимэг 60 онож түрүүлжээ. Эдгээр харваачид буриад сурын улсын мэргэн цолыг шинээр хүртлээ.
Мөн энэ удаагийн буриад сурын харваанаас 57 онож, спортын мастер цол хангасан таван харваач шалгарсан байна.
Эрэгтэй
1.Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат, “Хангарьд” спорт хорооны тамирчин буриад сурын спортын, үндсний сурын мастер Н.Өлзийхутаг 64 сумнаас 61 онож түрүүллээ. Тэрбээр энэ жил буриад сурын улсын мэргэн цолыг хүртэж байна. Түүний хувьд өнгөрсөн жил хоёрдугаар байрт орж байжээ.
2.Хэнтийн аймгийн харьяат, “Андууд” багийн тамирчин Э.Батсүх 60 оноогоор дэд байранд шинээр спортын мастерын болзол хангав.
3.Ховд аймгийн харьяат Ч.Жаргалсайхан 59 оноогоор буриад сурын спортын мастерын болзол хангажээ.
4.Дорнод аймгийн Цагаан–Овоо сумын харьяат Б.Ганбаатар 59 оноогоор буриад сурын спортын мастерын болзол хангасан байна.
Эмэгтэй:
1.Дорнод аймгийн Цагаан–Уул сумын харьяат, “Алдартем” интернэшнл компанийн харьяат, залуу харваач Б.Баярчимэг 60 онож түрүүлж, буриад сурын улсын мэргэн цолыг хүртлээ. Тэрбээр үндэсний сурын спортын мастер цолтой.
2.Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, “Петровис” багийн харваач, буриад спортын мастер, үндэсий сурын даян мэргэн Д.Эрдэнэтуяа 58 онож, удаалав.
3.Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, буриад сурын улсын мэргэн, үндэсний сурын спортын Э.Оюунжаргал 57 онож шилдэг гуравт багтлаа.
Үндэсний их баяр наадам өнөөдөр хүүхдийн харваагаар үргэлжилж байна. Хүүхдийн харваанд 140 харваач өрсөлдөж байгаа бөгөөд тэдний дунд балчир насны 20 харваач багтжээ. Харвааны дүнг эргэн хүргэнэ.