Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүн Х.Баттулга маргааш тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн цаг хугацаатай зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга томилогддог. Эл албан тушаалыг Зам тээврийн сайд асан А.Гансүх, УИХ-ын дарга асан З.Энхболд нарын аль нэг нь хашихаар болж буй тухай мэдээлэл Ардчилсан нам дотор яригдаж байна. Маргааш Ерөнхийлөгчийг тангараг өргөсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга томилогдож ажилдаа орох аж.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бол Тамгын газар доторх бүхий л бүтэц, томилгоотой холбоотой шийдвэр гаргадаг, Тамгын газрын ажлыг зангидаж явдаг гол хүн байдаг юм.
Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахтай зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар хэн томилогдох вэ, зөвлөх нь хэн болох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нар өмнө хийж байсан туршлагатай тул тэднээс сонгож магадгүй гэх яриа байсан ч Зам тээврийн сайд асан А.Гансүхийн нэр дуулдаж буй юм.
Г.ДАРЬ