Ардчилал гэдэг бол улс төрчдийг нийтийн ашиг сонирхлын төлөө хууль дээдлэн ажилладаг байхаас өөр аргагүй болгодог, тэгж чадахгүй бол шахан гаргадаг, өөрөө өөрийгөө байнга шинэчилж байдаг нээлттэй тогтолцоо л доо. Монголд маань энэ тогтолцооны үр хөврөл тавигдаж байна. Бид парламентын сонгуулиа 8 удаа, Ерөнхийлөгчийн сонгуулиа 7 удаа амжилттай хийж, 2008 оны 7-р сарын 1-ний өдрийг эс тооцвол сонгуулийн дүнгээр төрийн эрх мэдэл тайвнаар шилжиж ирлээ. Эдгээр сонгуулиудаар сонгогчид эрх баригчдад хариуцлага тооцож чаддаг болж байна. Мөн, иргэд нэр дэвшигчдийг чөлөөтэй сайлж, муулж хэлэлцсэний үндсэн дээр сонголтоо хийх, иргэдийн саналыг шударгаар, шуурхай тоолж дүгнэх, сонгуульд ялагдсан нь тахимаа шууд өгөх, сонгуулийн дүнгийн дагуу эрх мэдлийг ялагчид тайвнаар даруй шилжүүлэх нь улс төрийн гол намууд, улс төрчдийн соёл, иргэдийн шаардлага болон төлөвшиж байгаад ардчилсан улсын иргэний хувьд баяртай байна. Хэн мөнгө өгсөн, амласан гэдгээр нь бус харин өөрсдийнхөөрөө бодож сонголт хийдэг хэрсүү иргэдийн тоо жил ирэх тусам өсч байна. Явцуу сонирхолд бус ардчиллын үнэт зүйлдээ үнэнч, түүний төлөө тэмцдэг, үгээ хэлдэг идэвхтэй иргэд олон болж байна. Тодорхой нам, нэр дэвшигчид хэт тал зассан хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон байгаа ч төвийг сахисан, бодитой, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, аль ч үед эрх баригчдын үйл ажиллагааг тал талаас нь шүүн хэлэлцэхийн төлөө ажилладаг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл цөөн ч гэсэн гарч ирж байна. Түүнчлэн, фэйсбүүк, твиттер дэх чөлөөт орчинд олон иргэд нүүр нүүрээ харж байгаад үзэл бодлоо чөлөөтэй солилцож, мэтгэлцэж, шийдвэрээ гаргадаг болж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ч ийм маягаар амжилттай явагдлаа гэж харж байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр дахин санал хураалтад нийт сонгогчдын 60.9 хувь оролцож, Х.Баттулга 610,541 санал буюу 50.6 хувийн дэмжлэг авч яллаа. Харин, М.Энхболд 496,840 санал буюу 40.2 хувийн дэмжлэг авч ялагдаж, сонгуулийн дүнг зөвшөөрч буйгаа даруй мэдэгдлээ. Энэ сонгуулийн нэг онцлог бол хоосон саналын хуудас буюу цагаан хуудас өгсөн иргэдийн тоо огцом өссөн явдал байлаа. 2013 оны зургадугаар сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад 13,688 сонгогч буюу нийт сонгогчийн 1.1 хувь “Санал огт тэмдэглээгүй саналын хуудас” өгч байсан бол энэ оны зургадугаар сарын 26-ны өдрийн эхний санал хураалтад 18,663 сонгогч Сонгуулийн тухай хуулийн 97.9, 99.2-т заасан эрхээ эдэлж ийм хоосон хуудас өгчээ. Сая долдугаар сарын 7-ны өдрийн дахин санал хураалтаар 99,428 иргэн буюу 8.2 хувь хоосон саналын хуудас өгсөн нь улс төрийн намуудыг шинэчлэхийг шаардсан маш том сануулга боллоо.
Зургадугаар сарын 26-д болсон эхний санал хураалтын дараа зарим нам, улс төрчид хоосон хуудсыг явцуу сонирхолдоо ашиглах гэж оролдсон боловч ийм хуудас өгөх санаачилга анх жирийн иргэдээс гарч өөрөө аяндаа үүссэн жинхэнэ иргэний хөдөлгөөн байлаа. Жагсаал, цуглаан, суулт хийхтэй адил хоосон саналын хуудас нь иргэний эсэргүүцэлд тооцогддог. Энэ хүмүүс ардчиллыг эсэргүүцээгүй тул өөрсдөө очиж саналаа өгч байгаа. Харин, тэд МАН, АН, МАХН-аас санал болгож буй нэр дэвшигчид, мөрийн хөтөлбөр, сонгуульд оролцож буй хэлбэрийг эсэргүүцсэн. Энэ сонгуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнээс хальсан мөнгөний, халамжийн зэрэг хаа хамаагүй амлалт өгсөнд, хувь хүн рүү дайрсан хар PR хэт давамгайлж бодлогын мэтгэлцээн өрнүүлээгүйд, үнэт зүйл, зарчмыг умартсан хэт их мөнгөний сонгууль болж байгаад, Монгол орны ирээдүй, нийтийн ашиг сонирхол гэхээс илүү аль болох олонд таалагдах гэсэн хоосон, хийрхсэн популист үг, амлалт өгсөнд дургүйцсэн иргэний дургүйцэл байлаа. Одоо байгаа намууд энэ дохиог сонсож, дүгнэлт хийхгүй бол сонгогчдынхоо итгэлийг улам алдана. Энэ дохиог соргогоор сонсож жинхэнээсээ шинэчлэгдэж чадсан нам амжилтад хүрнэ, улс орныхоо асуудлыг шийдвэрлэж чадна. Харин, намууд шинэчлэгдэхгүй бол яаж ч сайхан амлалт, гоё үг хэлээд иргэдийн дэмжлэгийг авахгүй болно.
Хоосон хуудас өгсөн иргэдийн төдийгүй нийт Монголчуудын хамгийн их хүсэж шаардаж буй зүйл бол Монголыг шударга бус, тэгш бус болгоод байгаа авлига, ашиг сонирхлын зөрчил, илт хууль бус үйл ажиллагаа, эдгээрт хариуцлага тооцож чаддаггүй байгаа явдлыг арилгах юм. Үүний цаад шалтгаан улс төр мөнгө хоёр хэт хутгалдаж байгаагаа үүдэлтэй. Иймд, улс төр, мөнгө хоёрыг зохистой зааглах, үүний тулд сонгуульд иргэдээс авсан саналын хувиар нь улс төрийн намын үйл ажиллагааг тодорхой нөхцөл тавьж улсын төсвөөс санхүүжүүлэх, улс төрийн санхүүжилтийг ил тод болгох, санхүүгийн нарийвчилсан тайлан гаргаж өгөхийг шаардах, зөрчвөл төсвөөс өгөх санхүүжилтийг зогсоох зэрэг хариуцлага тооцдог болох, иргэдийн улс төрийн боловсрол болон бодлогын судалгаанд хөрөнгө оруулдаг болгох зэрэг шинэчлэл хийсэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батлах, улмаар нам бүр дотооддоо шинэчлэл хийх шаардлагатай. Улс төрийн намыг цэгцэлье гэвэл ХБНГУ, Австр зэрэг улсад амжилттай хэрэгжсэн энэ талаарх стандарт байна. Энэ стандартыг авах улс төрийн хүсэл зориг хэрэгтэй. Ийм улс төрийн хүсэл зоригийг УИХ-д олонх, цөөнх болсон намууд гаргаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч дэмжээсэй гэж хүсэж байна.
Улс төрийн намууд янз бүрийн шинэчлэл ярьж, хийж ирсэн боловч өөрсдийгөө шинэчлэх тухай нухацтай ярихгүй явж ирсэн. Сонгуулийн дүн үүнийгээ эргэн нэг бодох хэрэгтэй гэдгийг харууллаа. Улс төрийн намын шинэчлэл нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс илүү тулгамдсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл улс төрийн намууд жинхэнээсээ шинэчлэгдэхгүй бол иргэдийн итгэлийг бүр мөсөн алдана, улмаар ардчилалд аюул учирна. Улс төрийн нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж хэрэгжүүлдэг болж төлөвшихгүйгээр ардчилал урт хугацаанд орших боломжгүй.
МУИС, Хууль зүйн сургуулийн Дэд профессор,
Хууль зүйн доктор О.МӨНХСАЙХАН