Хятад, Монгол, ОХУ-ыг холбосон аяллын бүсийг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Хятад, Монгол, ОХУ-ыг холбосон аяллын бүсийг бий болгоно

“Сайншанд-Аж үйлдвэрийн цогцолбор”-ын мастер төлөвлөгөөний үр дүнг өнөөдөр 11.00 цагт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, “Бектел” компани, Хөгжлийн банкны удирдлагууд ҮХШХ-ны хурлын танхимд танилцуулах гэж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар-Хайнан аялал жуулчлалын форум өчигдөр /2017.07.07/ нийслэл хотноо боллоо.  Энэ үеэр талууд  Хайнан руу жуулчны галт тэргийг аялуулах болоод Монгол, Хятад, Орос гурван улсын аяллын бүсийг шинээр бий болгож, энэ хооронд захиалгат нислэгтэй болох асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд эхлээд дэд бүтцээ шийдэх шаардлагатайг Хайнан мужийн Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дэд тэргүүн Жоү Пинг онцолж байна. Тиймдээ ч  Хайнан арлыг тойрсон хурдны төмөр замыг тэд дэлхийд анх удаа тавьжээ. Удахгүй Хайнан муж улсынхаа аль ч хот руу холбогдох хурдны замтай болох гэнэ.

Одоогоор Хайнан арал дээр 3300 гаруй зочид буудал үйл ажиллагаагаа явуулдаг.  Тэдгээрийн 128 нь дээд зэрэглэлийн таван одтой зочид буудал байдаг бол 57 нь олон улсад нэр хүндтэй 24 корпорацуудын доор үйл ажиллагаа явуулдаг брэнд бүхий зочид буудал аж.  Мөн ирэх намар дэлхийд гуравхан байдаг “Атлантис” зочид буудал нээлтээ хийх юм.

“Бид багагүй хол замыг туулж Монгол Улсад хүрэлцэн ирж энэхүү форумд оролцож байна. Яагаад гэвэл бид Монгол улсын аялал жуулчлалын зах зээлд өндөр ач холбогдол өгч энэхүү хурлаараа дамжуулан нэг талаар Хайнаныг Монгол Улсад танилцуулахаар ирлээ. Мөн өнгөрсөн зургадугаар сарын  19-ний өдөр БНХАУ-ын Аялал жуулчлалын газрын дарга ноён Ли Жин Зао Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунхоролтой уулзалт хийсэн. “Цайны зам”-аар хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэн, хамтран ажиллах сэдвээр санал бодлоо хуваалцсан юм. Үүнд шинээр олон улсын аялал жуулчлалын шууд нислэг болон галт тэрэг нэвтрүүлэх, аялал жуулчлалтай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг асуудлуудаар хэлэлцээр хийсэн” хэмээн  Хайнан мужийн Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дэд тэргүүн Жоү Пинг ярилаа. Мөн  Хайнан нь “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд далай дээрх торгоны замын чухал стратегийн тулгуур болжээ. Харин Монгол Улсын тухайд аялал жуулчлалын нөөц ихтэй, үзэсгэлэнт байгаль олонтой нутаг. Тиймээс урд, хойд хоёр хөрштэйгөө харилцан ойлголцож, аялал жуулчлалын зах зээл хамтран ажиллах боломж их гэдгийг хятадын төлөөлөгчид ярьж байна.   

Хайнан арал Хятадын хамгийн урд хэсэгт байрлах цорын ганц халуун бүсийн далайн эргийн муж.  Мөн Хайнан нь урд хөршийн аялал жуулчлалын бүсүүдийн хамгийн гол хэсэг нь гэдийг Хятадын төлөөлөгчид онцлов. Хятадууд Хайнан арлыг “Аялал жуулчлалын нөөцөөр баялаг, амарч зугаалах орчныг бүрэн бүрдүүлсэн газрын диваажин” гэж нэрийддэг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж