К2 ууланд цаг агаарын байдал сайжирч, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр авиралтаа амжилттай үргэлжлүүлж байна.
Долдугаар сарын 7-нд авсан мэдээллээр ууланд цаг агаар дахин муудаж, нэгдүгээр отог /кэмп/ дээр буюу 6000 метрийн өндөрт уулчдын багийн гурван хүн гацаж, нөхцөл байдал хүндэрчээ. Түүнчлэн хоёр уулчин биеийн байдлын улмаас авиралтаа зогсоож, буцсан байна. Тэд К2-т авирч, цанаар буух төлөвлөгөөтэй байжээ.
Манай уулчин Г.Өсөхбаярын хувьд өнөөдрийн байдлаар 1, 2-р кэмпээ байгуулж дуусан, 7450 метр өндөр авалт хийхээр үндсэн баазаас хөдөлсөн байна. Тэрбээр өнөөдөр гуравдугаар кэмпээ байгуулж, долдугаар сарын 10-нд 5000 метрт байрлах үндсэн бааз руу буцаж ирэхээр төлөвлөжээ.
Дэлхийн хамгийн эрсдэлтэй зам, хүнд хэцүү авиралттай К2 оргилыг зорьсон Г.Өсөхбаяр долдугаар сарын 15-нд багтаан үндсэн дайралтаа хийхээр бэлтгэж байна.
Б.ЭНХ