АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа нүүр тулан уулзалдав.
“Их-20”-ын саммитын үеэр болсон тэдний уулзалт хоёр цаг гаруй үргэлжилжээ. Уулзалтын халуун сэдэв АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх дуулиан байв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Ноён Трамп ОХУ-ын тал үүнд хамаагүй гэх Путины байр суурийг хүлээж авсан” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Болсон хэргийн талаар хоёр тал зөвшилцөлд хүрэх эсэх нь тодорхойгүй” гэв.
Төрийн тэргүүн нарын уулзалтад Лавров, Тиллерсон нарын хэн хэн нь байлцсан гэнэ.
“Хоёр Ерөнхийлөгч цаашид хэрхэн урагшлах асуудлыг голчилсон” гэж Тиллерсон хэлсэн байна.
Уулзалтын дараа Тиллерсон Сирийн баруун өмнөд хэсэгт гал зогсоохоор болсон тухай зарлав. “Сирийн асуудлаар АНУ болон ОХУ хамтарч ажиллаж болохын эхний илрэл юм” гэж тэр хэлжээ.
Путин, Трамп нар мөн Украин, Сирийн нөхцөл байдал, терроризм, цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар санал солилцсон гэж Оросын “Спутник” мэдээлсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Трамп, Путин нарын хэн хэн нь өөдрөг, сэтгэл хангалуун байдалтай харагдсан гэнэ.
“Ерөнхийлөгч Путин бид олон асуудлыг хөндөж ярилцлаа. Маш үр дүнтэй болсон гэж бодож байна. Цаашид ч яриа хэлэлцээ үргэлжилнэ” гэж Трамп хэлжээ.
Тэрбээр Путинд хандан “ОХУ-д, бас АНУ-д болж буй үйл явдал, бас хүн бүрийн санаа зовинож буй асуудлаар эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Энэ бүгдийн өмнө тантай хамт байгаа нь нэр төрийн хэрэг” хэмээжээ.
Харин Путин нүүр тулан уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, “Бид харилцан хамааралтай чухал асуудлууд, олон улсын хэрэг явдлын талаар хэд хэдэн удаа утсаар ярилцсан. Гэвч утасны цаадах яриа хангалтгүй. Асуудлыг шийдэхийн тулд биечлэн уулзах хэрэгтэй. Ноён Ерөнхийлөгч тантай нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. Таны хэлсэнчлэн бидний уулзалт олон эерэг үр дүн авчирна гэдэгт найдаж байна” гэжээ.
С.ЦЭЛМЭГ