Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам урианхай сурын харваагаар өчигдөр /2017.07.07/ эхэллээ.
Урианхай сурын харваанд энэ жил 172 харваач цэц сорьсон ба 12 мэргэн, хүндэт мэргэн дөрөв, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95 байжээ.
Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд болдог уламжлалтай урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Д.Баттулга 25 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангав.
Ховд аймгийн Дуут сумын харьяат, спортын мастер Ш.Батмөнх мөнгө, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач, улсын хошой мэргэн Д.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ.
Сурын талбайд болох наадам өнөөдөр Буриад сурын харваа, долдугаар сарын 9-нд хүүхдийн сурын харваагаар үргэлжилнэ.
Б.ЭНХ