Тэнгэрийн таван нүдэн

Хуучирсан мэдээ: 2017.07.08-нд нийтлэгдсэн

Тэнгэрийн таван нүдэн

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Лондонгийн олимпийн татамид эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд эхний барилдаанаа хийж, Их Британийн жүдоч Жемма Гиббонст эцсийн мөчид ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

    Өгүүллэг

    Намрын адаг сарын шиврээ бороотой нохой өдөр Баясахынд хөл ихтэй, хүүхэд хөгшидгүй бужигнаж байв. Исгэл унагандаа хоргодсон гүү зэл сахин зогсоно. Энэ саруул сэргэлэн дэнжийг Баясах өсөхөөс өтлөхийн жаргалаа эдэлсэн газар гэж болно. Өвөлдөө өнөтэй, зундаа зулагтай хувьтай хүнд л заяасан нутаг гэлцэн эндхийнхэн магнай тэнэгэр, сэтгэл өөдрөг явдаг бөлгөө.

    Баясах өөрийгөө Халхын Өндөр гэгээн Занабазар Богдын ус нутгийг манаж, утаа уугиулж яваа хувьтан хэмээн өөртөө омогшуу, өрөөлд түшигтэй амьдарсаар насны даваан дээр гарч ар, өврөө уужуу ухаанаар болгоож яваа амгалан тохитой буурал. Өдий насны хүнд нутаг нугаас гадна хайрлаж харамлах, бахархан сүслэх юмс бишгүй. Тэр дунд олдохгүй ховроос эхлээд ор тас мартагдан огоорсон юмс ч байна.

    Жилийн жилд зуны эхэн сарын бар, намрын адаг сарын нохой өдөрт энэ дэнж дээр Баясахынх ийнхүү хөл хөөр болон хол ойрынхон бужигнаж эрт эдүгээгийн яриа хөөрөө өрнөн их багагүй эрт эдүгээгийн учир явдлыг ухаж мэднэ.

    Баясахынд хулаар айраг бялхаж, хундагаар охь мэлтэлзэн эднийхийг гүүгээ тавьж унага тамгалахад ирсэн нутаг усны ахан дүүс хөөрөг зөрүүлэн мэнд амраа айлтгаж инээд баясал дүүрэн байв. Баясах энэ нутагтаа тулгаа тойрч суугаа ачтан буурлын нэг агаад ухаан санаандаа уул шиг ихийг хадгалсан хүн гэж гол усныхан амыг нь дагаж, аяыг нь харна.

    Баясах луутай тэнгэр, лустай газрын эзэн гэлтэй цаг нарыг алдалгүй хэлнэ. Хэн бүхэн эрж сурснаа “Баясах Амбаагаас асууна” гэлцэн гүйлдэнэ. Энэ цахир буурал тэргүүнт настан цагтаа бичиг үсэгтэйд тооцогдон баг сумын хооронд баадантай данс бүслээд төрийн хэрэгт зүтгэж явлаа. Идэр залуудаа эр цэргийн албанд мордон бага дарга мөрдөс зүүж байлдах газраа байлдаж ихийг үзсэн амьд домог.

    Иймээс Монгол хэмээх баринтагтай судрыг насаараа дээдлэн тэндээс олдохгүйг олж, мартсаныг сэргээж явдаг том эрдэм номтон ч Баясахынд хүрэлцэн ирж дотор ухааныг нь уудалдаг гэлцэнэ. Үнэхээр ч түүнийг үзэж хараагүй, дуулж сонсоогүй юмаар ховор, мартаж санахын зовлонгүй гэж олноор магтана. Хүмүүс Баясахыг өөрийгөө умартаж өрөөлд ачлал болохоор мөлхөх нь холгүй мачийдаг өгөөмөр сайхан өтөлж яваа буурлын амьд шастир гэлцэнэ.

    Баясах цагтаа нутаг усны олон баатар эрстэй хамт чөлөөлөх дайнд мордон говь гаталж, элс манханд хөлсөө цувуулж, ус бороо, намаг шавар туулан өвөрлөгч нутагт амь тэнсэж явсан гавьяатай. Энэ бүхнээ “Эр цэрэгт мордож, элэг буруу дайсантай эрэгчин эмэгчнээ үзэлцээ л биз, өдийд энэ хэр яваа минь өндөр дээдсийн минь надад үлдээсэн амьд явахын хишиг” гэж дотроо залбирна.

    Баясах цэргээс ирж хань бүл, үр ачийн бараа харж олон он жилийг ардаа орхин эдүгээ ачтаны дээд ачтан гэгдэн жаргаж явна. Бага залуудаа адуу малтай ноцолдож дээлийн сугаа урж, дөрөөний сураа сунгаж явсных Арвайн талыг дүүргэсэн биш гэхэд Харлин, Шарлингийн голоор дэл, сүүлээ хуурдсан хэсэг сайхан адууныхаа туурайн тоосыг босгон, тургилах чимээнд хийморь сэргээн уургын уртыг суналзуулах болсон. Түүнийхээ хүчээр Баясах зэллэх унага, уух айрагтай явна. Хэдэн охид, хүүхэд нь ч адуу малаа харахаар магнай тэнийн зовхи сэрвэлзэнэ.

    Эднийх нясалсан шагай шиг цахилж буусан ганц сайхан хүү, торго гологдом тос даасан тэрсхэн гурван охинтой. Охин хүүхэд айлын өрх татах заяанд төрдөг хойно сум сунгаж, өрх өсгөн айлын хүн болж, харин ганц хүү нь голомт залгах эр хүн гэгдэн бас нэг адуу малтай ноцолдсон хүн аавынхаа шийрийг хатаах болов.

    Тэр өдөр Баясахынд ирсэн хол ойрын ахан дүүс цайлж ёс төр гүйцээгээд морин цагт унагаа тамгалав. Зэл дүүрэн зээрд голцуу унага зөөлөн бороонд жихирч хумбан туураараа газар цавчлан, тургилж тогтож ядан харагдана.

    Баясах эцэг дээдсээс уламжилж, хоймрын авдартаа хадагт ороон нандигнасан “Таван нүдэн” тамгаа гаргаж эргүүлж тойруулж харснаа сүүгээр мялаан гадаа шиврээ борооноос халхлан асаасан аргалын галд дүрж улайтгав. Энэ тамга их дээрээс олон буянтныг дамжин газар тавиулахгүй өртөөлсөөр Баясахын гар дээр ирсэн хосгүй эрдэнэ бөлгөө.

    Баясах энэ жилийн ууган унагаа зэгзэлзүүлэн хөтлөн ирж, хүү ч тамгаа галаас авч баривал “Манай хулагч гүүний унага энэ сайхан морь болно, эх нь зээр шиг хурдан юм… Хойтонгийн наадмаар Шарлингийн хөндийн тоосыг хамаг дааганы мундаан дээр овоолох байлгүй” хэмээн ууган унагаа магтан бахтай хөхөрсөөр хүүдээ,

    -Миний хүү ташаа алдаж нялах мал зовоочихов, арай дээхэн тамгал. Адуу мал им тамгаасаа эхлээд хүнд сайхан харагддаг. Унаа морио зөв сайхан эдэлсэн эр хүн олонд хүндтэй. Үүнээс хойш чи л энэ хэдэн адуутай ноцолдоно гэж сануулан, хүү тамгаа унаганы зүүн гуянд хярвас үнэртүүлэн дарлаа. Тэнд байсан улсууд хурайлан, Баясах ууган унаганыхаа хошуу, хондлойг нударгаараа хайрлан шударч хондлойд нь айраг дусаан сүрэгт нь тавилаа.

    Баясах амьдралдаа өөрийн чойр номтой, үзэж туулсан хийгээд дуулж сонссон юм арвинтай тул эрхэмлэн дээдлэх, өвлүүлэн үлдээх ухааны улагтай хүн. Тиймээс нутаг усныхан амыг нь дагадаг бичигдээгүй хуультай. Баясахын хаяаг бараадан жилийн жилд ханьсдаг бөгтөр Бадам гэх хижээл эр дагзан дээрээ хаясан хуучин бүрхээ засан,

    -Манай Амбаа ч тэвхэлзэж байнаа!.. хэмээн бахадвал Баясах хариу сануулах аятай хэг хэг хөхөрч,

    -Бадаам!.. Уг нь би чамайг ерөөл айлтгахсан болов уу гэсэн, харалмар чинь балга тагш юманд халамцдаг болоо юу даа? гэв.

    -Амбаа, би ерөөл хэлэлгүй яахав. Унагаа тамгалсны дараа айлдах юмуу гэж санаад!.. гэвэл Баясах,

    -Тэгээ, тэг!.. Одоо ч хүн бүхэн л өөртөө таарсан дэг жаяг тогтоодог хойно… хэмээн жирийн боловч цаанаа жаахан чимхсэн аялгаар хэллээ.

    Тэд өдрийн ихэнх унагаа тамгалан бужигнасны эцэст Бадам дээл хувцсаа засч журамлан, зэлний эхэнд зассан идээ цагаа, уугиулсан арц хүжний ард тухлан цээл яруухнаар ерөөл айлтгаж, Баясах ч тэр арц хүжинд дээд тэнгэрээс зарлигдсан гэх эцэг дээдсийн “Таван нүдэн” эрдэнэ лугаа тамгаа ариулан хадганд нь ороолоо.

    Баясах энэ тамгаа мал сүрэг өсгөдөг, чоно нохой халдаадаггүй гэж сайшаах дуртай. Дэд тэнгэрийн зарлигтай хойно тэгэлгүй яахав гэж өөрөө ч түүндээ бат итгэдэг хүн. Тэр энэ “Таван нүдэн” гэх өлзийгөө өгсөн хээний үүх түүхийн тухай дуулж сонссоноо хэдэн зууны тэртээгээс нь улбаалан ухаж ярих дуртай. Түүнийгээ мэдэхдээ ч гаргууд. Бүүр эзэн богд Чингис хааны алтан ураг, түүнээс хойших Өгөөдэй хаан хийгээд Цагаадайн улс, Бага хаадын үеийн зоос чимэглэлээс эхлээд урьд өмнө дуулж сонсоогүй хөөрнө.

    Энэ түүх, домог ч “Таван нүдэн” тамгатай хамт дээд тэнгэрээс эцэг дээдсээр уламжлан өнөөдөртэй золгосон. Аав нь түүнд “Юмыг хайрлаж хамгаалъя гэвэл үүх түүхийг нь мэдэж яв!” гэдэг байв. Одоо Баясах тэр үгийг хүүдээ хэлдэг болж. Хүн мэдэхгүй юмандаа халгаатай гэдэг. Мэдэхгүй юмаа яаж ч хайрлаа билээ.

    Хүмүүний амьдралд мартаж гээхийн аргагүй өөрийн гэх юм олон, түүний нэг энэ Таван нүдэн гэж тэр батална. Халхын Өндөр гэгээн Занабазар хутагтын адуу малын энэ өлзийт тамга удам судраар нь дамжин Баясахад өвлөгдсөн тул тэр түүнийгээ тэнгэрийн тамга гэж дотроо машид ихээр бэлгэшээнэ.

    -Энэ эрдэнийн “Таван нүдэн” хээ чинь хэзээнээс манай монголын бэлгэдэл болж эд өлөг, дайчин баатар эрчүүдийн зэр зэвсэг, эмс охидын өмсгөл зүүсгэлийг чимж ирсэн түүхтэй юм. Монгол хүний ухаанаас гарсан энэ тэнгэрийн хээгээ эцэг дээдэс маань манз цавынхаа тогоо, ариун сангийн бойпор, эрдмийн эх судар номын шогол, лам хуврагийн дамрын даржинд дээдлэн бүтээн нандигнаж ирсэн юм. Энэ өөр хэний ч биш зөвхөн манай монголын дээд тэнгэрийн зарлигдсан бэлгэдэл юм.

    Тэр бүү хэл эр цэрэг амь насаа хамгаалах хөө хуягаа энэ бөх бат хээгээр сүлжиж дархлан дайн тулаанд ордог байсан. Нэг цагирагт дөрвөн цагираг холбож ширээсэн эр цэргийн хөө хуягт харь дайсны харвасан сум шантарч, далайсан илд мохно. Энэ таван нүдэнгээр эмээл хазаараа чимж, эмс охид ууж, унжлага зүүлтээ хэдэн зуунаар гоёж ирсэн.

    Таван нүдэнг хэн дуртай нь эдэлдэг юм биш, тун их ёс дэгтэй. Юань гүрний үеэс зөвхөн Хубилай хааны ордны Алтан ургийн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй нандин бэлгэдэл юм гэж ярихыг нь анх сонссон нутгийнхан гайхацгаалаа.

    Баясах тэдэнд эзэн богд Чингис хааны алтан ургийн залгамж Өндөр гэгээнтэн Занабазар Богдын тухай үлгэр домог лугаа олон сонин сайхныг хуучилна. Эрхэм дээд Өндөр гэгээнтэн зөвхөн монгол хүний уран ухаанаа шингээсэн “Таван нүдэн” хээг сан сүргийнхээ тамга болгон дээдэлсэн учрыг хүртэл айлдав.

    Өндөр гэгээнтнээс харъяат албат нь сан сүргийн тамгыг ямар хэлбэр дүрстэй байхыг болгоовол Богд гэгээнтэн “Бат бөхийн бэлгэдэл болгон найши хийтүгэй. Найши гэдэг нэг дугуй дотор дөрвөн арвай талбиваас таван нүдэн болох буй. Үржиж олширхуйн бэлгэдэл таван нүд, дөрвөн аймгийн дунд тахигдахын учир сан сүрэгт тохирох буюу” гэж айлдсан гэдэг. Уран ухаан, уужуу доторт хүн ямагт юмны цаад утгыг бодож бэлгэшээнэ.

    “Таван нүдэн” энэ утга төгөлдөр хээ монгол хүний ширгэж дундаршгүй ухааны өлзий болохын учир аль ч төрийн өнгөнд олон бүгдээр дээдэлж иржээ. Бүр Богд эзэнт монгол улсын ноёд түшмэдийн зэрэг дэвийг энэ ухааны хээгээр тодорхойлон олгож асан түүхтэй. Хожим хойно манай Ардын засаг мандаж төр улсаа хөгжүүлж дэвжихдээ анхны мөнгө төгрөгөндөө “Таван нүдэнг” талбисан юм шүү дээ гэвээс хүмүүс Баясахын насан туршаа өмчлөн дээдэлсэн тэрхүү тамганы учрыг сая гадарлажээ.

    Нэг үе Богд дээдсийн тухай үг цухуйлгавал үстэй толгой харладаг байлаа. Тийм цагт ийм үг дуугарвал яана гэж санана. Та нарт байтугай үр хүүхэддээ ч элдэв эсийг ярилгүй амаа хамхиж явлаа. Энэ багас манай монгол улс Өндөр дээд хаан Чингис, Өгөөдэй, Мөнх, Гүюг хаан, их Юань гүрнийг жолоодсон Хубилай сэцэн хаантай байсан гэж сонсон чихээ онгойлголгүй өссөн. Муу хүн завагтаа нууснаа олдоггүй гэдэг үгтэй. Улс гүрнээрээ мэддэг түүх шастираа мэдэхгүй амьдрах муухай. Энэ “Таван нүдэн” тэр цагаас л монгол хүн болгоны чимэг болж явсан юм даа гэсээр Баясах чимээгүй болов. Түүний духны гүн үрчлээ улам сүүдэртэн бодол болно.

    Баясах энэ тухай олон жил сэтгэлдээ чандлан хадгалжээ. Учир юу гэвээс мэргэн дээдэс бодож олсон ухааны утгыг мэдэж тайлах хүнгүй, эцэг дээдсээс хэдэн үе дамжиж ирснийг ч мэдэхгүй, тэр бүү хэл хүний өөрийнхийг ч ялгахгүй болсонд харуусдаг байлаа. Аливаа улс гүрэнд өөрийн гэх оюун санааны өмч байдаг. Тэр нь их бага ялгалгүй өөрийн юм өөрийнх л байдаг болохоор ухаантан болгон мэдэж хайрлах учиртай.

    Өгөдэй их хааны тэртээгээс эхлэн Хубилай сэцэн хаанаар үе уламжлагдсан энэ таван нүдэн хээ хүмүүний гар ухаан дамжин хэдэн зууныг өртөөлөхдөө элэгдэж хуучралгүй морьтон монгол хүнд унааны нь хазаар ногт, эмээл, ташуур мэт яван явсаар нас талийж ухаан молхидсон надад ирсэн хэргээ гэж Баясах элдвийг бодно.

    Зөөлөн бороо намиран, зунжин зэл бараадсан адуу бэлчээртээ тургилан алслана. Эзэн дээдсийн “Таван нүдэн” тамгаар ташаагаа гоёсон энэ жилийн унага зэлнээс тавигдсаны баяр мэт тоглож тонгочин өвс ногоо үнэрлэн ганц нэг хазалж, бас эхийнхээ цавинд хошуу шургуулан хөхийг нь үлгэнэ.

    Монголын минь энэ их сайхан хээр талын хөрсөн дээр ч, хэвлий дотор нь ч хүний мэргэн ухаанаар бүтсэн ямар аугаа эрдэнэс нуугдаа бол гэхээс Баясахад тэр бүхнийг олж мэдэн, энэ хойчист нэг дуулгахсан гэсэн хорхой асна. Хүнд мэдсэн далай, мэдээгүй балай гэсэн үг байдаг, тэгвэл Баясах өөрийгөө дэндүү багыг мэдэж байна даа гэж голж ач үрсдээ үлдээх юмтай дурсагдах нэртэй явахсандаа гэх бодол өвөртөлнө.

    Адуу тургилан алслана. Бэлчээр эзэгнэн налайх тэнгэрийн түмэн сүрэг алслах биш эзэндээ улам ойртох лугаа санагдан Баясах араас нь хараа бэлчээж сэтгэлээ баясган хэсэг суулаа.

    Адуу холдсон хойно Баясах тэнгэрийн таван нүдэн хэмээн нэгэн насаар шүтсэн тамгаа оруулж хоймрын авдартаа заллаа. Дээдсийн эрдэнэс үр хойчдоо үнэтэй.

    Санжийн ПҮРЭВ

    Гачуурт 2017 он

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж