ХАРЬЦУУЛАЛТ: Трамп ба Путин

Хуучирсан мэдээ: 2017.07.07-нд нийтлэгдсэн

ХАРЬЦУУЛАЛТ: Трамп ба Путин

Нийтийн биеийн тамир спортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд уурхайчдын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нүүрсний уурхайчдын Х спартакиад” энэ сарын 2-4-нд “Буянт-Ухаа” цогцолборт болно.

Дэлхийн хоёр том гүрний удирдагч нар өнөөдөр анх удаа нүүр нүүрээ хараад, гар барин уулзалдах гэж байна. Дэлхий нийтэд хүлээлт үүсгээд буй тэдний уулзалт хэрхэн өрнөх талаар таамаг мэдээлэл ч хаа сайгүй хөвөрсөөр байгаа.

Учир зүйгээ хялбархан ололцож дөнгөнө гэж хэн хэн нь итгэл төгс байсан тэдний бодол одоо хэрхэн өөрчлөгдсөнийг таамаглахад бэрх. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш зөвхөн Америк, Орос бус дэлхий нийтэд өч төчнөөн үйл явдал өрнөсөн болохоор тэдний байр суурь ганхсан байхыг үгүйсгэхгүй.

АНУ-ОХУ-ын харилцаа, улс төрийн эмзэг, эгзэгтэй асуудлаас урьтаж, ДОНАЛЬД ТРАМП ба ВЛАДИМИР ПУТИН гэх дэлхийн эрхмүүдийн адил төстэй ба эсрэг тэсрэг талуудыг сонирхъё.

ҮҮХ ТҮҮХ

Тэдний хамгийн их ялгаатай ганц зүйлийг нэрлэ гэвэл ӨНГӨРСӨН ТҮҮХ-ийг нь дурдаж болно.

Владимир Путин Хүйтэн дайны үеийн “бүтээгдэхүүн”. Коммунист гүрэн задран унах үед Зүүн Германд Зөвлөлтийн тагнуулаар ажиллаж байсан. 1990-ээд онд Санкт-Петербург хотын захирагчийн шадар туслахаар ажиллаж байгаад ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын товчооны даргаар томилогдож, хожим улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тагнуулаар ажиллаж байсан Путин хатуу ширүүн, овжин нэгэн гэгддэг

Ленинградын нийтийн байранд өсөж торнисон он жилүүд түүнийг амьдралд бэлтгэсэн гэж өөрөө ярьдаг. Тэрбээр “Хэрэв зайлшгүй тулалдах хэрэг гарвал анхны цохилтыг чи өөрөө хийх ёстой” гэдгийг амьдрал надад зааж сургасан гэж нэгэн ярилцлагадаа ярьж байжээ.

Харьцуулахад, Дональд Трамп Нью-Йоркт үл хөдлөх хөрөнгийн магнатын чинээлэг гэр бүлд төрсөн. Вьетнамын дайны үед цэргийн албанд татагдахаас зайлсхийж, эцгээсээ нэг сая ам.доллар зээлж, өөрийн бизнесээ эхлүүлсэн нэгэн. Эцэстээ АНУ-д Трамп гэх бизнесийн гүрнийг амжилттай босгосон.

Хожим нэр хүнд, хөрөнгө мөнгөө давуу тал болгож, Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ авсан юм.

Дональд Трамп АНУ-ын түүхэнд сонгуульт алба хашаагүй, цэргийн алба хаагаагүй анхны Ерөнхийлөгч.

ӨНГӨРСӨН ҮЕИЙН ЯЛАЛТ

Тэдний хэн хэн нь өнгөрсөн түүхийн мандан бадарч явсан үеийн давуу талыг буцаан олж авах амбицтай.

Зөвлөлт бүрэлдэхүүн задран унасныг Путин “20 дугаар зууны геополитикийн хамгийн том сүйрэл” гэж нэрлэдэг. ОХУ-ын эрх мэдэл, нөлөөг нэмэгдүүлэх зорилго нь Украин, Сирид явуулсан ажиллагаанаас нь илэрхий харагдана. Үнэн, худал нь батлагдаагүй ч ОХУ барууны орнуудын сонгууль нөлөөлөх хэмжээний ажиллагаа явуулдаг гэж буруутгадаг. Энэ нь цаашдаа Европын холбоог сулруулах зорилготой гэгддэг.

Трампын хүсэл “Агуу Америкийг дахин цогцлоох”. АНУ-ын цэргийн зардлыг ихэсгэх, хөрш, түнш орнуудаа хамгаалсны хариуд их хэмжээний мөнгө босгох, дотооддоо нүүрс зэрэг дотоод үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хэмжээний гэрээ, тунхаглалаас татгалздаг.

Путин биеийн хүч шаардсан спорт, дасгал хийх сонирхолтой. Харин Трамп насаар ахмад, ганц хобби нь гольф.

“Аймшгийн” гэнэтийн бэлэг: Владимир Путин 2007 онд Ангела Меркелийг “сайн найз”-ынхаа хамт угтан авав.

Трамп, Путин нар хоёул дэлхийн бусад удирдагчид, нэр нөлөө бүхий чухал эрхмүүдтэй уулзахдаа тэднээс илүү хүчирхэг, илүү эрх мэдэлтэй гэж харагдах байр сууриас ханддаг. Ядаж л тийм төрх бий болгодог.

Трамп Германы канцлер Ангела Меркелтэй гар барихаас татгалзаж, Бруселльд Монтенегрогийн ерөнхий сайдыг түлхэж, замаасаа холдуулсан гээд жишээ дурдаж болно.

Харин Путин хийх нүүдлээ үргэлж төлөвлөдөг, ингэхдээ нөгөө талаа хэрхэн шаглах тухайгаа хэдийн тооцоолсон байдаг гэлцдэг. Хатагтай Меркель нохойноос үнхэлцгээ хагартал айдгийг нь мэдсээр байж түүнтэй уулзахдаа том биетэй, хар лабрадор нохойгоо дэргэдээ байлгаж байсан нэгэн.

ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ

Трампын “Цагаан ордон”-ыг бараг л гэр бүлийн бизнес гэж болно. Харин Владимир Путины “Кремль” огт өөр.

Ерөнхийлөгч Трампын охин Иванка Цагаан ордны Баруун жигүүрт албан тушаал хашдаг, цалин хөлсгүйгээр эцгийнхээ зөвлөхөөр ажилладаг. Түүний нөхөр Жаред Кушнер Ерөнхийлөгчийн албан ёсны ахлах зөвлөх. Мөн тэр Ойрхи Дорнод, Хятадаас эхлээд Мексиктэй холбоотой гадаад харилцааг ч шийддэг.

Иванка Трамп, Жаред Кушнер нар

Харин Ерөнхийлөгч Путин гэр бүл, хувийн амьдралаа үргэлж нууцалсаар ирсэн. Тэрбээр 30-аад жил хамт амьдарсан эхнэр Людмилагаас 2013 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Тэд хоёр охинтой, гэхдээ хаана, хэрхэн амьдардаг тухай мэдээлэл маш хомс, бараг байхгүй ч гэж болно.

Путины охидын талаар 2015 онд нэг удаа хэвлэлээр мэдээлэл цацагдсан. Түүнд бага охин Катерина огт өөр нэрээр Москвад амьдардаг, Москвагийн их сургуульд боломжийн ажил эрхэлдэг гэсэн байв. Мөн акробатын бүжигчин гэнэ. Тэрхүү мэдээлэлд том охин Мария нь эндокринилогийн чиглэлээр мэргэшиж байгаа гэсэн байв.

Владимир Путины бага охин Катерина Тихонова

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж