Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалт орон даяар явагдаж байна. Санал хураалтад МАН-аас М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга нар өрсөлдөж байгаа юм. Харин МАХН-аас С.Ганбаатарын хувьд анхан шатны сонгуулийн дүнгээр хасагдсан билээ.
Дахин санал хураалтын ирц анхан шатны санал хураалтаас 2 хувиар бага байгааг СЕХ мэдээлсэн. Дахин санал хураалттай холбоотой, иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй асуулт олон.
ИРЦ БҮРДЭХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
Сонгуулийн тухай хуулийн 106.1 дүгээр заалтаар энэ асуудлыг зохицуулна. Үүнд: Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна гэж заасан байна.
Тэгэхээр дахин санал хураалтаар сонгогчдын ирц 50 ба түүнээс дээш хувьд хүрэхгүй бол ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах юм байна. Нэмэлт санал хураалтыг дараах байдлаар зохицуулна гэж Сонгуулийн тухай хуульд тусгажээ.
106.3.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.
106.4.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.
106.5.Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.
106.6.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.
НЭР ДЭВШИГЧИД ОЛОНХЫН САНАЛ АВААГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хэн нэгэн нь олонхын буюу 50+1 хувийн санал аваагүй тохиолдолд дахин сонгуулийг явуулна. Дахин сонгуулийг хэзээ явуулахыг 30 хоногийн дотор УИХ товлон зарлана.
Дахин санал хураалтын ирц хүрсэн ч Үндсэн хуульд зааснаар олонхын санал авч чадахгүй бол дахин сонгууль явуулах аж. Дахин сонгуульд одоогийн нэр дэвшигч нар оролцох боломжгүй юм. Хэрэв дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсвэл сонгуулийн товыг УИХ-аас товлон зарлах хуультай.
САНАЛАА ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛБАЛ ХАРИУЦЛАГАД ТООЦНО
Хэрэв аль нэг нам, хувь хүн бусдад хандан саналаа өгөхгүй байхыг уриалбал хуулийн дагуу хариуцлага тооцно. Сонгуулийн тухай хуулийн 92.2.7-д зааснаар -Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах”-ыг зөрчвөл 14 хоног баривчлах шийтгэлтэй.
ЦАГААН ХУУДСЫГ САНАЛ ӨГСӨНД ТООЦНО
Хэрэв нэр дэвшигчдийн хэнийг ч та дэмжихгүй бол цагаан хуудсыг уншуулж болно. Сонгуулийн тухай хуулийн 99.2-т зааснаар “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно” гэж заажээ.
ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЗЭЭ ТАНГАРАГ ӨРГӨХ ВЭ?
М.Энхболд, Х.Баттулга хоёрын хэн нэг нь 50+1 хувийн санал авч ялагч болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 147-д зааснаар “Анхан шатны сонгуульд оролцож санал нь тоологдсон нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор сонгуулийн төв байгууллага Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Мөн хуулийн 147.2-т Улсын Их Хурал олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.