ИХ-20: “Тамд тавтай морил”

Хуучирсан мэдээ: 2017.07.07-нд нийтлэгдсэн

ИХ-20: “Тамд тавтай морил”

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр 16.00 цагаас үргэлжлүүлж, байнгын хороодын бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байгааг эх сурвалж хэллээ.

Германы Гамбург хотноо “Их-20”-ийн орнуудын саммитыг угтсан эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

Өнөөдөр, маргааш /2017.07.07-08/ хоёр өдөр үргэлжлэх саммитын өмнөх орой болсон жагсаалд олон мянган хүн оролцсон байна. “Тамд тавтай морил” уриатай жагсаалыг даяаршлыг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн зохион байгуулжээ. Саммит болох газраас 3 км гаруй зайд эхэлсэн жагсаал аажмаар даамжирч, цагдаа нар өндөр даралтын усан буу хэрэглэхэд хүрсэн байна.

Цагдаа нар баг зүүж, нүүрээ халхалсан эсэргүүцэгчдийг багаа тайлахыг шаардсанаас үүдэн тэдний хооронд мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний үеэр 76 цагдаагийн ажилтан гэмтсэн талаар Гамбург хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Жагсагчид мөн хотын дээгүүр нисэж байсан нисдэг тэрэгний нисгэгчид рүү лазер гэрэл тусгаж, нисдэг тэргийг жолоодлогогүй болгох оролдого хийжээ.

Одоогоор жагсаал, мөргөлдөөний үеэр гэмтсэн болон саатуулагдсан хүмүүсийн талаарх мэдээллийг өгөөгүй байна. Жагсаалд 8000 гаруй хүн оролцсон бөгөөд шөнө дунд цагдаагийн байгууллагынхан хүч хэрэглэж, жагсаалыг тараажээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр жагсаалд 12 мянган хүн оролцсон байна.

Жагсаал тайван замаар эхэлсэн ч гэгээ тасрах үеэс эрчимжиж эхэлсэн аж. Гудамж талбайд үймээн дэгдэж, дэлгүүрийн лангууны шил, цонхыг хагалж, энд тэнд хогийн сав шатааж байжээ. Зогсоолд байрлуулсан автомашин шатаасан тохиолдол ч гарсан байна.

Жагсаал цуглаанаас үүдэн олон км үргэлжилсэн автомашины түгжрэл үүсчээ. Саммитад оролцох зочид, төлөөлөгчид шөнө дунд хүрэлцэн ирэх үеэр нисэх буудлаас хотын төв орох хурдны зам дээр түгжрэл үүсэж, хотын төв рүү орох замуудыг цагдаа нар хаасан байна.

“Их-20”-ийн орнуудын 12 дахь удаагийн саммитын үеэр Гамбург хотод 20 мянган цагдаа хамгаалалтад ажиллаж байгаа аж. Дээд хэмжээний уулзалт үргэлжлэх энэ хоёр хоногт Гамбургт нөхцөл байдал түвэгтэй байж болзошгүй гэгдэж байна.

“ИХ-20” УУЛЗАЛТААР ЮУ ЯРИГДАХ ВЭ?

1999 онд байгуулагдсан “Их-20” нэгдлийн орнууд жил бүр дээд хэмжээний уулзалт хийдэг. Дэлхийн 19 орон, дээр нь Европын холбоог нэгтгэсэн энэ холбоо дэлхийн ДНБ-ий 80 орчим хувийг эзэлдэг. Дэлхийн нийт хүн амын гуравны хоёр нь “Их-20”-д нэгдсэн орнуудад аж төрдөг ажээ.

Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалт Германы канцлер Ангела Меркелийн төрөлх хотод болно. Уулзалтаар үндсэн асуудал болох санхүү, эдийн засгийн байдлаас гадна цаг уурын өөрчлөлт, терроризм, цагаачлалын асуудлыг голчлон ярилцана.

Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа гар барин уулзалдах гэж байна. Тэдний уулзалт саммитын эхний өдөр буюу өнөөдөр товлогджээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж