Онцгой тавилангийн эзэд

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Онцгой тавилангийн эзэд

Ухаан ороогүй балчир байхдаа АНУ-ын гэр бүлд үрчлүүлсэн монгол хүүхдүүд эх орондоо иржээ.

АНУ-д төвтэй хүүхдийн төлөө Holt International олон улсын байгууллагаар дамжин тус улсад үрчлэгдсэн долоон монгол хүүхэд аав, ээжийн хамт баяр наадмын өдрүүдээр төрсөн нутагтайгаа танилцахаар ирсэн байна. Хүүхдүүд эрийн гурван наадам үзэж, хөдөө нутгаар аялна. Бас хүмүүнлэгийн үйлс  хийж, Улаанчулуутын хогийн цэгт амьдралаа залгуулж буй гэр оронгүй, дөрвөн хүүхэдтэй айлд гэр бэлэглэх ажээ.

Хүүхдүүд 11-16 настай, дийлэнх нь гадаадад үрчлэгдсэнээс хойш анх удаа ирж буй аж. Тэд монгол хэл мэдэхгүй, “Сайн байна уу”, “Баярлалаа” зэрэг цөөн хэдэн үгийг чээжилжээ. Гэхдээ Монгол орны тухай байнга судалж, уншдаг. Аав, ээжүүд нь ч Монголтой холбоотой бүхнийг судалж, хүүхдүүдээ таниулахыг хичээдэг. Интернэтээс зорьж хайж мэдээлэл авдаг тухай ярьж байсан юм. Зарим нэг нь авдар, шагай гээд монгол ахуйтай холбоотой эд зүйлсээр хүүхдийнхээ өрөөг чимэглэсэн байдаг гэнэ.

Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн оржээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 17 оронд 266 хүүхэд үрчлүүлсэн байна. Хүүхдүүдийн 148 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй, дийлэнх нь буюу 156 нь АНУ-ын гэр бүлд үрчлүүлжээ.

Нийт үрчлүүлсэн хүүхдүүдийн 171 нь олон улс хооронд хүүхэд үрчлэх асуудал эрхэлсэн зуучлагч байгууллагаар дамжжээ. Тэдний нэг Holt International. Монгол  Улсад 16 жил үйл ажиллагаа явуулж буй тус байгууллагын шугамаар 71 хүүхэд АНУ-д үрчлэгдсэн. Тус байгууллага гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулдаг аж. Энэ хүрээнд Монголдоо ирсэн долоон хүүхдийг Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-ын хамт олон өчигдөр /2017.07.06/ хүлээн авсан юм.

АНУ-д хүүхэд үрчлүүлэхдээ Монгол Улсын ба АНУ-ын хуулийн дагуу тухайн гэр бүлийг сайтар судалж, ингэхдээ эрүүл мэнд, санхүүгийн байдал, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх чадамж гэсэн гурван үндсэн шалгуураар шалгаж өргүүлдэг байна. Харилцан зөвшилцсөний үндсэн дээр ГИХГ, хүүхэд үрчилж авах гэр бүл, зууч байгууллага гээд гурван талт гэрээ байгуулдаг. Гэрээнд хүүхэд тухайн гэр бүлд хэвийн өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхээ хамгаалуулах, уугуул ёс заншил, түүх соёлын уламжлалаа таньж мэдэх гээд олон асуудлыг нарийвчлан тусгадаг. Мөн хүүхэд хэрхэн өсөж торниж байгаа тухай тайлан мэдээллийг насны ангиллаас жилд хоёр удаа, эсвэл хоёр жилд нэг удаа гэх зэргээр тогтмол тайлан авдаг байна. Мөн 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байх, 16 насанд хүрмэгц харьяатаа чөлөөтэй сонгох боломжоор хангахыг гэрээнд тусгадаг байна.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж