Их Британийн хөгжимчин, дуучин Элтон Жон “Их-20”-ийн дээд хэмжээний чуулгантай холбоотойгоор долдугаар сарын 8-нд Хамбург болох байсан тоглолтоо цуцалсан тухай Германы Süddeutsche Zeitung мэдээлжээ.
Хотын захиргаа дуучны нисэх онгоцыг Хамбург хотод хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн учир Элтон Жон ийнхүү тоглолтоо цуцлах шийдвэр гаргажээ.
Алдарт дуучны хэвлэлийн төлөөлөгч “Хамбург хотод энэ сарын 7-8-ны өдрүүдэд дэлхийн 20 орны төр, засгийн тэргүүн цуглана. Тэдний аюулгүй байдлыг хангах үйл явцыг чангатгасан. Мөн зарим нэг зүйл тодорхойгүй байсан учир бид тоглолтоо цуцлахад хүрлээ. 10 мянга гаруй шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж байна” гэж мэдэгджээ.
Элтон Жоны Хамбург хотод хийх дараагийн тоглолт арван хоёрдугаар сарын 5-нд болох хуваарьтай.
Бэлтгэсэн: Ц.Уран