Ерөнхийлөгчийн санаачилсан Евроазийн орнуудын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн “Нэг бүс, нэг зам” хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсын Засгийн газраас санхүүжүүлэн, стандартчиллын байгууллагын ажилтнуудад зориулсан сэдэвчилсэн сургалтууд зохион байгуулж байна.
БНХАУ-ын Жиансу мужийн Чанжөү хотод 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Тоног төхөөрөмжийн стандартчилал” сэдэвт сургалтад төв, орон нутгийн стандартчиллын байгууллагын 9 ажилтан оролцлоо. Сургалтын үеэр “Нэг бүс, нэг зам” хөгжлийн стратеги, Хятад улсын авто машин, төмөр зам, цөмийн эрчим хүч, далайн хөлөг онгоц, хөдөө аж ахуй болон хүнд машин механизм, ахуй цахилгаан хэрэгслийн стандартчиллын өнөөгийн байдал, эдгээр чиглэлд олон улсын стандартчилалд тус улсын оролцоо зэрэг сэдвээр хичээл мэдээлэл авлаа. Мөн БНХАУ-ын түүх соёлын дурсгалт газрууд тухайлбал Сиан, Шанхай, Чанжөү хотын эртний дурсгалт газруудтай танилцсан.
Энэхүү сургалтад хамрагдсанаар болон бүс нутаг, олон улсын стандартчиллын байгууллагын туршлагаас судалж Монгол Улсын стандартчиллын байгууллагын боловсон хүчний мэдлэг туршлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо. Энэ ч үүднээс хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, олон улсын төвшинд стандартчиллын хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцах, хөгжингүй орнуудын туршлагаас суралцах их боломжийг бүрдүүлж байгаагаарай их ач холбогдолтой боллоо.
Эх сурвалж: стандарт, хэмжил зүйн газар