55 жилийн өмнө цуст дайн хийж байсан цөмийн зэвсэгтэй хоёр хөрш гүрний хооронд удаан үргэлжилж буй маргааныг шийдэх яриа хэлэлцээ хийхээс өмнө цэргийн хүчээ Гималайн нуруунаас татахыг Хятад улс Энэтхэгээс шаардав.
“Энэтхэг улс шударга зангаа харуулах нөхцөл болгож цэргийн хүчээ аль болох хурдан татаж авах ёстой” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гөн Шуан сэтгүүлчдэд мэдэгдэв.
“Олон мянган хүний амь үрэгдсэн 1962 оны цуст мөргөлдөөнөөс илүү цус урсгасан мөргөлдөөн болно” гэж Нью Дэли болон Бээжинд хоёр орны албан тушаалтнууд нэг нэгнээ хэдэн долоо хоног сүрдүүлсний дараагаар Хятадын тал энэ мэдэгдлийг хийв.
Энэ долоо хоногийн сүүлчээр Германы Хамбургт болох “Их 20”-ийн уулзалтын үеэр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай таван улсын тэргүүний цугларалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзах бөгөөд энэ үеэрээ энэ маргааныг хэлэлцэх аж.
Сар гаруй үргэлжилж буй маргаан, хилийн хоёр талд цэргээ байршуулсан гэх баталгаагүй мэдээ нь Азийн өрсөлдөгч хоёр гүрний хоорондох харьцаа хурдан муудаж байгаа гэдгийг харуулж байгаа юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Түвдийн бурхан шашинтны тэргүүн Далай лам маргаантай бүс болох Аруначал Прадешд зочлоход Хятадын тал дургүйцсэн. Харин Энэтхэг үүнийг “дотоод асуудалд оролцсон хэрэг” гэж үзсэн билээ.
Хятадын санаачилсан “Нэг бүс, нэг зам” дэд бүтцийн төсөлд Энэтхэгт оролцохоос татгалзсан нь Хятадыг ихэд гонсойлгосон юм. Уг төсөлд Энэтхэгийн гол өрсөлдөгч, Хятадын үнэнч холбоотон Пакистан оролцож байгаа юм. Энэ хооронд Энэтхэгийн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох оролдлогод Хятад байр сууриа ашиглан саад тавьж байгаа. Мөн Пакистаны цэрэг Масуд Азарыг террорист хэмээн нэрийдэж байгаад Энэтхэг ихэд дургүйцэж байгаа юм.
Хоёр талын сунжирсан асуудлаас гадна 3500 км урттай хоёр орны хил дээрх байнгын маргаан нь хоёр улсын хооронд тогтвортой харилцааг бий болгоход томоохон саад болж байна гэж Сичуан Их сургуулийн Хятад-Энэтхэгийн харилцааны мэргэжилтэн хэлжээ.
“Хилийн зөрчилдөөнүүд нь хоёр орны харилцаа хэр хэврэг гэдгийг харуулж байгаа юм” гэж тэрбээр хэлээд сүүлийн маргаан нь урьд өмнө нь яригдаж байгаагүй шинэ газарт болсон гэдгийг дурджээ.
Энэ зургадугаар сард Бутаны гэгддэг газар нутагт Хятад зам барьж эхэлснээр маргаан дэгдсэн юм. Хятад, Бутан хоёр нь залгаа хилээ олон арван жилийн турш элдэв маргаангүй тохиролцож ирсэн хэдий ч энэ удаад Гималайн жижиг улс Бутан нь эртний холбоотон Энэтхэгээс тусламж хүссэнээр хятад ажилчдыг зогсоохоор Энэтхэг цэрэг илгээжээ.
Үүнээс хойш зэвсэг агссан хятад болон энэтхэг цэргүүдийн бие биенээ хориглож байгаа видео бичлэгүүд цацагдах болжээ.
Энэтхэг оролцсоны хариуд Хятад хинди болон буддын шашинтны ариун газар Кайлаш уул руу Энэтхэгийн аялагчдын гардаг замыг хаажээ. Мөн Хятадын Гадаад хэргийн яам Гималайн нуруутай Хятад холбоотой гэсэн түүхэн баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэн харуулав. Үүгээр ч зогсохгүй “1962 оны ичгүүртэй ялагдлаасаа Энэтхэг суралцах хэрэгтэй” хэмээн Хятадын тал мэдэгдэхэд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Арун Жайтли “2017 оны Энэтхэг 1962 оны Энэтхэгээс өөр болсон” хэмээн цэрэг зэвсгийн хүчээ тодотгов.
Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын өргөжин тэлэх бодлогын талаар сануулан мэдээлж байхад Хятадын төрийн мэдээллийн хэрэгсэл маргаанч зангаараа үндэсний сонин Global Times-аар дамжуулан Бээжин хэзээ ч буулт хийхгүй гэж мэдэгдэв.
Хятадын Сичуанийн Их сургуулийн профессор Жан хоёр талаас хурц мэдэгдлүүдийг ээлжлэн хийж байгаа ч цэрэг зэвсгийн болон Гадаад хэргийн яамдын үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа хэмээжээ.
Нью Делид байрладаг “Observer Research Foundation”-ийн ажилтан Абхижнан Рэж Хятад улс уламжлалт холбоотнууд болох Бутан зэрэг улсаас зайгаа барьж бус нутгийн тэргүүлэх байр суурь олж авахыг оролдож байхад Энэтхэг ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй байсан гэж үзжээ.
Хятад сүүлийн жилүүдэд өөрийгөө Азийн удирдагч гүрэн гэж харж байгаа. Ганц дүрмээ дагаснаар ийм байдалд хүрэх боломжгүй гэж Реж хэлэв.
Бэлтгэсэн Р.Ендонжамц
Эх сурвалж: Вашингтон Пост