УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа тухай хөндлөө.
Тэрбээр “УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн тухай хуулийг оруулмаар байна. Сонгуулиас сонгуулийн хооронд биенээ гүтгэж гүжирдсэн, хар технологи ашигладаг боллоо.
Дөрвөн жилийн хугацаанд гурван сонгууль хийдэг. Сонгуульдаа бэлтгэж байна гэж хагас жилээ алддаг. Үндсэндээ жилийнх нь 2.6 жилд нь сонгуульдаад үлдсэн 1.6 жилд нь ажил хийдэг боллоо. Сонгуулиас сонгуулийн хооронд туйлдаж, ард иргэдээ хооронд нь муудалцуулдаг, технологи нь бохир заваан болдог боллоо.
Сонгуулийн улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч мөрийн хөтөлбөр, бодлогоо дэвшүүлж өрсөлддөг. Хуульд нийцүүлж бодлого дэвшүүлж үү, хэрэгжих боломжтой юу гэдгийг Аудитын байгууллага хянаж сонгуульд оролцдог.
Гэтэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бодлого мөрийн хөтөлбөрийг ярьсангүй, тоосонгүй, хэн ч уншсангүй. Хэн бохир заваан технологи ашиглаж байна, түүнийг сонирхоод эцэстээ иргэд нь жигшиж, төрд итгэх итгэл нь алдарч байна.
Тийм учраас намрын чуулганаар сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн тогтолцоогоо өөрчлөх асуудлыг хэлэлцмээр байна. Олон сонгуульд ард түмнээ талцуулдаг байдлаа цэгцлэхгүй бол хэн нэр дэвшигчээ харлуулж чадна, тэр хүн олонхийн санал авдаг юм руу шилжих нь, ард түмэн тэсэхгүй нь.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Байнгын хороон дээр Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт яригдаагүй.
Үнэндээ манай бүтээн босгодог, хөгжүүлдэг, бэхжүүлдэг тогтолцоо нь гаднаас харахад хэлбэрийн төдий болсон. Ялангуяа сонгууль. Агуулга талаасаа ямар ч утга учиргүй болж байна. Хамгийн сүүлд Цэцээс гарсан шийдвэрээр сонгууль можаритор тогтолцоотой болсон. Тойрогт хуваагаад тавьж үзэхэд ардчилсан сонгууль гэдэг утга учраа алдаж байна.
Тийм учраас Сонгуулийн хуулийг өөрчлөхөд сэтгэл зүйн хувьд хүлээн авч ажиллахад бэлэн болсон л гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хууль хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байсан, одоо бүр алга болоо. Эрх барихаараа хариуцлагаас зугатдаг юм хаа сайгүй байна. Өмнөх парламент энэ хуулийг батлаагүй гэв.
Мөн УИХ-ын гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганаараа хэлэлцэх ёстой гэсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэзээ хэлэлцэхийг хэлж мэдэхгүй байна. Намрын чуулганаар Монгол Улсын төсвийг хэлэлцдэг. Нэлээд хугацаа ордог. УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлбэл, өөр асуудал хэлэлцдэггүй. Төсвийнхөө хуультай уялдуулаад хэлэлцэж эхэлнэ гэсэн бодолтой байна.
Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээс УИХ хойш суугаагүй.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Хоёрдугаар заалтад гишүүдийн энэхүү ярьсан асуудлыг хамруулаад нэг тийш болгох боломж байна. Хариуцлагын тухай хууль, Сонгуулийн хууль, мөн УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн хууль гээд. Ингэж үзээд тогтоолоо батлах уу гээд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 81.2 хувийн саналаар дэмжин баталлаа.
Г.ДАРЬ