УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоцаци хоорондын Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хөгжлийн бодлогын зээл 1-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн баталлаа.
Санхүүжилтийн зээлийн хэлэлцээр батлагдсанаар Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авна. Нөхцөл нь энэхүү зээл 30 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь жилийн 1.25%, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.
Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран 3 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирсноор дээрх зээл олгогдох аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн зориулалтыг ерөнхий байдлаар хэллээ. Банкийг нөхөн сэргээх гэдэг үг орлоо, тодруулаад өгөөч. Өөрийн хөрөнгөд нь хоёрдогч хэлбэрээр орох юм уу, муу активыг нь худалдаж авах юм уу?.
Монголбанкны газрын захирал н.Батсайхан: Энэ зээлийг авснаар Азийн хөгжлийн банкны өмнө хэд, хэдэн ажил хийх үүрэг авсан. Чанаргүй зээл дээр бүтцийн өөрчлөлт хийх, чанаргүй зээлийг шийдвэрлэх төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Олон улсын валютын сан/ОУВС/-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудыг шалгах ажил байгаа. Энэнтэй давхцуулж Азийн хөгжлийн банкны зээл орж ирж байгаа нь хэр үр дүнтэй вэ, шалгалтын дүн гараагүй байхад. Зээл аваагүй нь хохирдог болох нь. Би цалингийн зээл авдаг юм уу гэж бодоод байгаа. Цалингийн зээлийг чөлөөлнө гээд яриад байна. Аж ахуйн нэгжүүд чанаргүй зээлээ тэглүүлэх гээд байгаа юм уу. Зээлийг зээлээр шийдэх нь хэр үр дүнтэй юм бэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Сая бид ОУВС-тай хөтөлбөр тохирохдоо банкуудад чанарын үнэлгээ хийнэ. Олон улсын даатгалын байгууллагаар аудит хийлгэнэ, үр дүн яаж гарахыг урьдчилан мэдэхгүй. Аудит II улиралдаа багтаад орох байх гэсэн хүлээлттэй байгаа. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд тодорхой хөрөнгийг зарцуулна.
Сонгуультай холбоотойгоор зарим нэг нам зээл чөлөөлөх асуудал ярьсан, Засгийн газарт зээл чөлөөлөх асуудал яриагүй.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ