УИХ-дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы танхимаас хөөж гаргасан гэх хэрэгт унаад байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудлаа батлах болоход УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно, ийм үед тус сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг удирдах нь санал хураалтад нөлөөлж болзошгүй тул дэд даргын аль нэгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг удирдуулъя” гэсэн гаргасан юм.
Санал хураалгаж энэ асуудлыг шийдэх ёстой ч УИХ-ын дарга М.Энхболд санал хураалгах шаардлагагүй, Я.Санжмятав дэд дарга хурал удирд гэж хэлээд чуулганы танхимыг орхисон.
Хууль болон дэгээрээ УИХ-ын дарга, мөн УИХ-ын гишүүн бусдын суудалд суух боломжгүй, тиймээс хуралдааныг орхихоос аргагүй болсон билээ.
Харин Ардчилсан намын бүлэг суудлыг нь зохицуулсан заалт байдаггүйг санаа ч үгүй бололтой. Иймээс чуулганы үдээс өмнөх хуралдаанд УИХ-ын дарга оролцож чадсангүй.
Эл явдалд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эмзэглэж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “Хаврын чуулганыг хаахаас хэдхэн цагийн өмнө “УИХ-ын даргыг та өнөөдөр хурал удирдахаа боль, гар. Сонгуулийн дүнд нөлөөлнө гэж хэлээд танхимаас гаргаж байгаа чинь улс төрийн өнцөг. Я.Санжмятав дарга таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн, хурал удирдаад сууж байсан бол “Хурал удирдахаа боль” гэж хэлж зүрхлэхгүй байсан. Та бүхний энэ үйлдэл муухай байна” гэв.
Өмнө болж өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга нь хурлаа удирдаад өндөрлүүлдэг байсан. Харин энэ жишиг өнөөдөр эвдэгдсэнээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргаа танхимаас хөөж гаргасан гэх хэл амны бай болоод байна.
Г.ХОРОЛ